Чойжилын Чимидийн “Олон тал”

“Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог оо”… хэмээн эхэлдэг “Би Монгол хүн” шүлгийг мэдэхгүй монгол байдаг гэдэгт хэн итгэнэ.

Монгол нутгийн хаа ч очсон хүүхэд үүхэдгүй энэ шүлгийг уншиж байсанд Чойжилын Чимид зохиолчтой хамт явсан Оросын нэгэн зохиолч “Чамайг Монголын том зохиолч гэж дуулаад юу л бол гэж бодож байсан юм. Би ташаа бодож байжээ. Чи үнэхээр Монголдоо нэрд гарсан том зохиолч юм байна” гэж магтсан тухай яриа байдаг.

Монгол Улсын төрийн шагналт, алдарт зохиолч, нэрт орчуулагч, соён гэгээрүүлэгч энэ эрхмийн тухай төрийн шагналт, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ баавай улирагч зууны наян дөрвөн онд ийн бичиж байжээ. Болгооно уу.

-Чимид бол манай орчин үеийн утга зохиолыг үндэслэсэн ахмад үеийн хувьсгалч зохиолчдыг залгамжлан дөчөөд онд гарч ирсэн сайхан зохиолчдын нэг, гарамгай яруу найрагч байлаа. Чухамхүү Монголын орчин үеийн иргэний яруу найрагт оруулсан хувь нэмэр нь Чимидийн алдар нэрийг өндөрт өргөсөн юм.
Тэрбээр зевхөн яруу найргийн төрлөөр бичдэг байлаа гэхэд манай орчин үеийн утга зохиолын хөгжлийн нэгэн гайхамшигт үеийн төлөөлөгч болж бүрэн чадахсан билээ.

Гэтэл Чойжилын Чимид зөвхөн яруу найрагч байсангүй. Зөвхөн яруу найрагч байсан бол тэр талаараа ил үү ихийг бүтээж чадах сан биз. Гэвч утга зохиолын бараг бүх төрөлд авьяасаа шалгасан юм. Тэр нь цаг үеийн шаардлага байж уу, аль зохиолчийн урт удаан эрлийн үр дүн байж уу?

Алин ч байж болно. Утга зохиолын олон төрлөөр бичих нь эрэл байхаасаа цаг үеийн шаардлагын үр дагавар байх нь илүү гэлцдэг. Тэгвэл цаг үеийн шаардлагад захирагдан өөрийнхөө авьяасын амин сүнс болсон төрлийг хойш тавих сайн хэрэг үү гэсэн асуулт гарч ирнэ. Чимидийн хувьд энэ нь яруу найргийг нь ямар нэг хэмжээгээр хохируулсан байж болох боловч манай утга зохиолын ашиг сонирхолтой холбож бодвол хожоотойгоор барахгүй азтай явдал болсон гэж би хувьдаа боддог.

Тавиад оны сүүлч, жараад оны эхээр Чимид, Ванган хоёр кино зохиол хамтран бичиж байлаа. Кино зохиол бичдэг туршлагатай зохиолч ховор тэр үед манай кино үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж, кино зохиол бичих шаардлага нэг талаар тулгамдсан асуудал болж ирээд нөгөө талаар кино урлагийг уран сайхны орчин үеийн гүвшинд хүргэх шаардлага гарч ирсэн нь Чимид, Ванган хоёр тэр ачааг үүрч зүтгэх ажилд ханцуй шамлан ороход хүргэсэн юм.

Жинхэнэ зохиолчид иргэний болоод уран бүтээлчийн идэвх зоригоор цалгилж, хэрэгтэй цагт хэрэгтэй газар түрүүлж хүрдгийн гэрч тэр ээ. Аливаа юманд түрүүлж хүрэх гэсэн эрмэлзэл . Чимидийг олон зүйлд хөтөлдөг байлаа. Энэ бол амьдралд идэвхтэй хандана гэсэн үг юм. Амьдралд идэвхтэй хандах тухай өнөө бид их ярьж байна. Ингэхдээ бид Чимид шиг хүмүүсээс үлгэр” дууриал авах хэрэгтэй юм.

Түүний тэр идэвх, юм бүхэнд хүрэлцэх чадварыг ерийн нэг овсгоотой сэргэлэн зантай нь холбож боддог хүмүүс мэр сэр байдаг байлаа. Гэхдээ ялангуяа утга зохиол шиг юу юуны түрүүн авьяас шаардах ажилд зүгээр нэг овсгоотой сэргэлэн хүн хэчнээн ч гүйгээд хол явахгүй гэдгийг тийм хүмүүс ойлгодоггүй биз. Чимид бол үнэнхүү олон талын авьяастай хүн байжээ. Уран зохиолын гарамгай орчуулагч байсныг санахад л хүрэлцээтэй.

Пушкиний “Евгений Онегин”, Толстойн “Дайн ба энх”, Шекспирийн “Гамлет”-ийг орчуулна гэдэг зөвхөн зориг хүслээр бүтэх ажил биш. Унаган орос хэлтэйн дээр ялангуяа оросын утга зохиолыг сайн мэддэгийг нь зөвлөлтийн нөхөд ч гайхан биширдэг байлаа. Орос хэл, оросын соёл, утга зохиолыг Чимидийн хэмжээнд мэдэхтун ч хялбаргүй шиг санагддаг.

Тэр орос хэл мэдэх мэдэндээ бичгийн хэл төдийгүй умард болоод сибирийн оросын хөдөө тосгоны хэллэгийг ч мэддэг байлаа. Пушкин, Толстойн хэлийг ч мэддэг байлаа. Чимидийн олон талын зөвхөн нэг тал нь энэ. Жараад оны эхээр атар газрыг эзэмших бүх ард түмний хөдөлгөөн өрнөж байх үеэр Чимид “Хавар намар” романаа бичсэн юм.

“Хавар намар” романыг зөвхөн сэдвийн хувьд нь ч чухал гэж үзэж болохгүй бөгөөд мөнөөхөн цаг үеийн шаардлагаар гарч ирсэн боловч уран сайхны хувьд тэр үес сая л биежин бойжиж байсан монгол романд шинэ сэргэг амьсгааг оруулсан билээ. Өөрөөр хэлбэл, баримтат уран сайхны зохиолын тухай тэр тусмаа баримтат романы тухай сая л нэг дурамжхан ярьж эхэлсэн үед атар газрыг эзэмшсэн баримтыг халуун мөрөөр нь тусгаж тэр ч байтугай сонин хэвлэлийн баримт сэлтийг тэр аяар нь оруулсан зэргээрээ шинэчлэлтэй бүтээл байлаа.

Тийнхүү үйл явдлын халуун мөрөөр роман бичнэ гэдэг бас л хүн бүхний хүрэлцэхгүй ажил. Гэвч Чимид “Хавар намар”-аа бичиж, тэр нь удалгүй Москвад орос хэлээр гарсан билээ. Тийм роман бичих цаг үеийн шаардлага гарсныг Чимидийн мэдрэмтгий зүрх хүлээж авсан хэрэг бөгөөд тэр романы уран сайхны үнэ цэнэ цагтаа эргэлзлэл төрүүлж байсан ч гэсэн цаг улирах тусам түүхэн үнэ цэнэ нь нэмэгдэн нэмэгдсээр орчин үеийн Монголын утга зохиолын хөгжлийн нэн сонирхолтой нэгэн үеийн ихээхэн товгор баримт болон үлдэх нь дамжиггүй.

Ер нь ч улс орны түүхэнд ил тод байр эзэлсэн хэрэг явдлууд Чимидийн сэтгэл бодолд холбоотой явдаг байлаа. Аж үйлдвэрийн комбинат анх байгуулагдаж манай ажилчин ангийн суурь тавигдсан тухай үргэлжилсэн буюу шүлэглэсэн роман бичнэ гэж ярьсаар яваад амжаагүй юм.

Өөрийн ухаан орсон гучаад оны хэрэг явдлыг утга зохиолд тусгаж үлдээх эрмэлзлэл нь зурхний нь цохилггой хамт унтарсан гэж болно. Тэр ньтүүний хувьд атрын хавар намраас ч ойр бөгөөд чухал сэдэв байлаа. Учир нь өөрийнх нь хүн болох суурийг бэлдсэн цаг үеийн учир начрыг гаргах буюу хувь хүний болоод улс орны амьдралын нэг сонин үеийг гаргах нь зохиолчийн сэтгэлийг эзэмдэхгүй байж чадахгүй.

Гэвч харамсалтай нь тэр үеийн тухай гол зохиолоо бичиж амжилгүй нас нөгцсөн. Гэхдээ “Магеллан хаагуур гарсан бэ?” туужаа бичсэн юм. Энэ тууж бол Чимидийн үргэлжилсэн зохиолуудын дотроос хамгийн уянгалаг саруулхан нь юм. Хүүхэд ахуй цагийнхаа дурдатгалын хэлбэрээр гучаад оны Улаанбаатарын амьдралын амьсгалыг  маш энгийн бөгөөд гэрэл гэгээтэйгээр харуулсан энэ туужийг уншихад ирээдүйн Чимид өөрөө төдийгүй түүний үеийн хүмүүсийн дүр төрх тодхон харагддаг.

Тийнхүү энэ тууж Чимидийн гол зохиол ямар сайхан байхсан бол гэж бодогдуулдаг. Гэвч тэр гол зохиолоо бичиж амжаагүй мэт санагддаг нь олон жилийн турш үерхэж, бодол хүслийг нь мэдэх болсон миний мэтийн хүмүүсийн бодол байж болно. Чимидийн зохиолын хэлний талаар бүхэл бүтэн шинжилгээ хийж болно. Чимид бол гайхалтай уян хатан, цэвэр тунгалаг, яруу сайхан хэлтэй зохиолч.

Монгол бичгийн хэл, энгийн хүүрнэл ярианы хэлийг тун эвлэгхэн хослуулж чаддаг байжээ. Түүний зохиолын хэлний чөлөөтэй бөгөөд ойлгомжтойг талын мөрөн Хэрлэнгийн аажуу тайван урсгалтай л жишилтэй. Жинхэнэ ардын аясаар буюу жинхэнэ Монголоор сэтгэж бичдэг нь гайхалтай сан.

Хотод төрж өссөн хүн гэхэд малчин ардынхаа амьдрал, ёс заншлыг гаргууд мэддэг байлаа. Ард түмнийхээ хэл түүхийг сайн мэддэг бөгөөтөл интернационалын соёлоор оюун ухаанаа баяжуулсан нь Чимидийн олон талын онцлог юм. Чимидийн олон талын нөгеө нэг тал нь тэрбээр ёстой л гялалзсан сэтгүүлч нийтлэгч байв. Одоо түүний аян замын тэмдэглэл болоод найрууллуудыг уншихад оюуны өндөр боловсрол, уужим сэггэлгээ нь атаа хөдөлгөм билээ.

Заримдаа ч түүнийгээ жаахан барих гэж энгүүнчилсэн нь бас илт харагдана. Гэвч яруу найрагтаа ч, үргэлжилсэн зохиолдоо ч, жүжигтээ ч, орчуулгадаа ч ялгаагүй Чимидийн тэр олон тал нь тус тусдаа бас бие биеэ дэмжин гарч ирэхдээ манай орны олон газраас олддог усан болрын аварга том талст шиг гялбалзан гэрэлтэх нэгэн цулыг бүтээдэг байжээ.

Ц.Галбадрах
Эх сурвалж: “Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих