Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна

16074436055fcfa495ef478

Өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна. Одоогоос 15 жилийн өмнө буюу 2005 онд дэлхийн улс орнуудын удирдагч нар Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид нэгдэн орж, гарын үсэг зурах бага хурлыг Мексикийн Мерида хотноо зохион байгуулж байжээ. Дэлхийн улс орнуудын өндөр албан тушаалтнууд гарын үсгээ зурсан энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн Нэгдсэн үндэстний байгууллагаас албан ёсоор тунхагласан юм. Манай улсын хувьд НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцид 2005 онд нэгдэж, мөн оны 10 дугаар сарын 27-нд Конвенцийг соёрхон баталснаар Монгол Улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт хөл нийлүүлэх болсон байна. Мөн Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдан ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг олон улсын өдрийг албан ёсоор өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар энэ жилийн хувьд “ЗӨВ ЗӨВД ШУДАРГА ЗӨВ” соён гэгээрүүлэх аяныг НҮБ-ын уриа бүхий кампанит ажлын зорилттой уялдуулан иргэд, олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ удаа сэтгүүлчдийн дуу хоолойг нэгтгэх, хүүхэд залуучуудын оролцоог өрнүүлэх, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хүсэл зоригийг сонсох, цахим хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг нийгмийн салбар бүрд зориулсан ажлуудыг 2020 оны 12 дугаар сарын турш хэрэгжүүлнэ.

“Соён гэгээрүүлэх аян нэг сарын турш үргэлжлээд зогсохгүй, цаашид тасралтгүй үргэлжилнэ. Нийгэмд шударга ёсны үзэл санаа, дадал хэвшил, зан үйл тогтох хүртэл Авлигатай тэмцэх газар соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулсаар байх болно. Авлигын эсрэг хууль тогтоомжид соён гэгээрүүлэх арга хэмжээнд иргэд, олон нийтийг татан оролцуулж, тэдэнд авлигатай тэмцэх арга барилыг олгохоор заасан. Тиймээс иргэд та бүхнийг манай соён гэгээрүүлэх аянд идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриалж байна” гэж Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн хэллээ.

“ЗӨВ ЗӨВД ШУДАРГА ЗӨВ” соён гэгээрүүлэх аяны хүрээнд сэтгүүлчид нийгэмд уриалга хүргэж, эдийн засагчид авлигын асуудлаар санал бодлоо солилцож, эмч нар ёс зүйн сэдвээр ярилцаж, хүүхэд залуучууд сошиал контентоор уралдахын зэрэгцээ иргэд шударга ёсны талаарх өөрийн байр суурийг speak out хэлбэрээр олон нийтэд хүргэх юм байна. Нийгмийн салбар, бүлэг бүрийг хамруулсан шударга ёсны төлөөх өргөн оролцоо бүрдүүлэхээр Авлигатай тэмцэх газар ажиллаж байна.


URL: