Д.Нарангэрэл: Эмч нар ажлаасаа халшрах хам шинж ажиглагдаж байгаа

16087804955fe40acfb9a12

 Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажил манай улсад өнгөрсөн нэгдүгээр сараас хойш эхэлсэн. Улмаар өнгөрсөн гуравдугаар сараас тусгай үүргийн нислэгээр иргэдийг зөөвөрлөн ирсэн цагаас ХӨСҮТ-ийн эмч ажилчид тусгаарлагдан ажиллаж байгаа юм. Ингэхдээ 14 хоног ажиллаад, 14 хоног тусгаарлагдаад 14 хоног гэртээ амраад дахин ажилдаа орох байдлаар ажиллаж байна.

Харин дэлхий дахинд эмч ажилтнууд халдварын орчинд маш удаан ажилласнаасаа болж стрессдэх, бухимдах, халшрах тохиолдол маш их гарч байгаа аж.

Манай эмч нарын хувьд ямар байгаа талаар ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэлээс тодруулахад “Эмнэлгийн ажилчид халдвар авч байгаа байдал нь дэлхий дахинд, манайд ч маш их байна. Энэ нь хамгаалах хэрэгсэл, орчин, ахуйн нөхцөл, ядаргаа зэргээс шалтгаалж байна. Ер нь дэлхий дахинд анх удаа л жил гаруй хугацаанд цар тахалтай нүүр тулан ажиллаж байна. Халдварын тархалт маш өндөр байгаа. Халдвартай хүнтэй л ойр байвал түймэр шиг хэмээн хүмүүс бичсэн байна лээ. Судлаачдын мэдээлснээр, цар тахлын үеийн стресс эрүүл мэндийн ажилчдад маш өндөр гарч байна. Мөн ажлаасаа халшрах хам шинж ажиглагдаж байгааг мэдээлж байна. Ядрах, цуцах, стрессдэх, бухимдах зэрэг зүйлүүд байгаа гэсэн байна. Ар гэрийн амьдралаа бүтэн жил гаруйн хугацаанд орхих, гэр орон хүүхдээсээ хол байх, байнгын ажил дээрээ байснаар стрессдэх, бухимдах шинж тэмдэг дэлхий дахинд ч байна, манай улсын эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын дунд ч байна. Үүнд Анагаахын ухааны их сургуулийн эрдэмтэн судлаачид судалгаа дүгнэлт хийж явж байна.

Одоогоор 40 гаруй эрүүл мэндийн ажилтнууд халдвар авсан. Үүнээс 15, 16 нь эдгэрээд эмнэлгээс гарсан байна” гэлээ.


URL: