“Facebook” компани нэрээ “Meta Platforms” болгов

“Facebook” компани нэрээ “Meta Platforms” болгож өөрчиллөө. Ингэснээр нийгмийн сүлжээний гэхээсээ виртуал бодит байдлын технологид төвлөрсөн платформ болж өргөжихөө мэдэгдсэн байна.

Энэхүү виртуал ертөнцийн технологио “Metaverse” гэх брэнд нэр томьёогоор тайлбарлаж байгаа аж. Ингэснээр “Одоогоос эхлэн “Facebook” нэгдүгээрт биш, “Metaverse” нэгдүгээрт гэсэн зарчмаар ажиллана” гэж тус компанийн Гүйцэтгэх захирал онцоллоо.

Үүнээс гадна “Meta Platforms” компанийн шинэ зорилтдоо нийцүүлэн “Project Cambria” гэх өндөр үнэтэй AR, VR шилээ танилцуулсан юм. Энэхүү төхөөрөмж ирэх оноос худалдаанд гарах хүлээлттэй байна. Компанийн нэрийн өөрчлөлт нь нууцлалын бодлого, байгууллагын бүтцэд нөлөөлөхгүй. Мөн нийтийн сүлжээний платформуудынх нь нэрд өөрчлөлт орохгүй гэдгийг тодотгожээ.

“Facebook”-ийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг
“Миний хувьд компанийнхаа онцлог байдлын тухай удаан хугацаанд бодсон. Бид дараагийн хуудсаа нээж байна. “Facebook” бол дэлхийн түүхэн дэх хамгийн их хэрэглэгдсэн бүтээгдэхүүнүүдийн нэг. Үнэхээр бэлэг тэмдэг болсон нийгмийн сүлжээний брэнд. Харин бидний хийж байгаа бүхнийг бүрэн илэрхийлэх байдал дутагдсан. “Instagram”, “WhatsApp”, “Messenger”, “Quest”, одоо “Horizon”, “Nasri” болон бусад. Нийгмийн сүлжээний App-уудаа хөгжүүлэх нь бидний хувьд үргэлж чухал байх болно. Яг одоогоор манай брэндийг нэг бүтээгдэхүүнтэй холбож ойлгох нь түгээмэл байна. Энэ нь бидний хийж байгаа бүх зүйлийг төлөөлөх боломжгүй юм. Цаг хугацаа явахын хэрээр биднийг “Metaverse” компани гэж харна гэж итгэж байгаа. Хийж буй ажил, онцлог байдлаа зорьж бүтээж байгаа зүйлтэйгээ холбомоор байна. Компанидаа суурь өөрчлөлт хийж байгаагаа бид саяхан зарлаад байна. Бид одоо бизнесээ хоёр ялгаатай сегментэд хувааж авч үзнэ. Нэг нь бүлэг аппликейшн, нөгөө нь ирээдүйн платформуудтай холбоотой ажил.
Энэ хүрээнд, хийж байгаа бүх ажлыг маань илэрхийлэхүйц компанийн шинэ брэндтэй болох цаг нь болсон. Хэн бэ гэдгээ, мөн юу бүтээхээр найдвар тээн ажиллаж байгаагаа харуулахын тулд, өнөөдрөөс эхлэн манай компанийн нэр Meta болсныг зарлаж байгаадаа бахархалтай байна. Бидний эрхэм зорилго хэвээр байна. Хүмүүсийг холбох. Мөн бидний App болон брэнд ч хэвээр хадгалагдана. Бид хүн төвтэй технологи бүтээдэг компани хэвээрээ байна.
Одоо бидэнд “Metaverse”-ийг амьдруулахад туслах шинэ зүйл гарч ирлээ. Шинэ нэр маань бидний хийж буй ажлыг, мөн бий болгохоор зорьж буй ирээдүйг бүхэлд нь илэрхийлнэ. Өнөөдрөөс эхлэн “Metaverse”-ийг эн тэргүүнд тавина. “Facebook” эхэнд биш. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр яваандаа манай бусад үйлчилгээнүүдийг ашиглахад танд “Facebook” шаардлагагүй гэсэн үг. Шинэ брэнд маань бүтээгдэхүүнүүдтэй уялдаад ирэхээр хүмүүс “Meta” брэндийг, бидний харж байгаа ирээдүйг сайн ойлгоно гэж найдаж байна.
Бид классик чиглэлд суралцах дуртай байсан. “Meta” гэдэг нь цаадах гэсэн утгатай Грек үгнээс гаралтай. Миний хувьд энэ нь юуны бэлэг тэмдэг вэ гэхээр хийж бүтээх зүйл ахиад үргэлж байж л байдаг. Түүхийн дараагийн хуудас гэж үргэлж байдаг шүү дээ” гэж мэдэгдлээ.

Ж.Зоригт | @TeraReader

Bloomberg Tv


URL: