ДЭЭД ШҮҮХ: Ц.Оюунгэрэл даргатай Иргэдийн оролцооны нэгдэл намыг бүртгэхээс татгалзав

164083485561cd272753034Иргэдийн оролцооны нэгдэл нам (ИОНН) үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдлийг Дээд шүүхээс “намын дүрэм хуульд харшилсан” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ыг үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр гаргасан тус намын дарга Ц.Оюунгэрэлийн өргөдлийг хэлэлцэж гаргасан 37 дугаар тогтоолын талаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.10, 22.11 дэх хэсэгт заасны дагуу хураангуй мэдээллийг танилцуулж байна.

Өргөдлийн товч агуулга:

Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ын дарга Ц.Оюунгэрэлээс 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөр огноолж, “Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ыг улсын бүртгэлд бүртгэж өгнө үү” хэмээн өргөдөл гаргаж, 6 хавтас баримт хавсарган ирүүлснийг Улсын дээд шүүх 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авчээ.

Нягтлан шалгах ажиллагаа явуулсан байдал:

Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлага хангасан эсэхэд нягтлан шалгах ажиллагааг явуулсан.

Өргөдөлд хавсаргаж ирүүлсэн тухайн намын 1152 гишүүний мэдээлэл нь Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна”, 9 дүгээр зүйлийн 9.3-т “Нам нь Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1-д зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:” гээд 9.3.7-д “намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл /овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг/” гэж заасан шаардлага хангаж буй эсэх талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас тодруулахад 838 иргэний мэдээлэл зөрүүтэй болох талаар хариу ирүүлсэн байна.

Баримтын зөрчлийг арилгах талаар тус намын дарга Ц.Оюунгэрэлийн гаргасан хүсэлтийг хангаж, өргөдлийг холбогдох баримтын хамт 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буцаасан. Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ын дарга Ц.Оюунгэрэлээс 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөр огноолж, дахин өргөдөл гаргаж, 6 хавтас бүхий холбогдох баримтыг ирүүлжээ.


URL: