Усан парк барих нэрээр газар авч, зориулалтын бусаар ашигласан хэргийг АТГ-аас шалгахаар болжээ

3bbc83b3c6bd5315c07c3c40261bfd46“Эм Энд Жи” компани Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын дагуу усан парк барих зорилгоор газрын зөвшөөрөл авсан ч худалдаа, үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга барьж эхэлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Туул голын сав газрын захиргаанаас энэхүү хэргийг АТГ-т шалгуулахаар өнгөрсөн долдугаар сарын 1-нд хандсан юм. АТГ энэхүү гомдлын дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа “Усан парк газар дээр илт хууль зөрчсөн буруутай этгээдүүд шалгагдаж эхлэх нь. АТГ гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг нээж шийдвэрлэсэн байна” хэмээн бичжээ.

      АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Танай Туул голын сав газрын захиргаанаас 2022 оны долоодугаар сарын 01-ний 01/424 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээллийг долоодугаар сарын 06-нд хүлээн авч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр долоодугаар сарын 25-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье” гэсэн хариуг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Туул голын сав газрын захиргаанд өгчээ.


URL: