Хамасын АТМ

im-903612-810x500Хамас бүлэглэл өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ны өдөр Газын зурваст цохилт өгснөөс хойш бүлгийн толгойлогчидтой холбоотой мэдээллүүд дэлхий нийтийн анхаарлыг татах болсон. Бид энэ удаад цэргийн командлагч бус Хамасын санхүүгийн асуудлыг шийддэг гол хүн болох Захер Жабарины талаар ХҮМҮҮС буландаа онцолж байна.


Захер Жабариныг олон улсын хэвлэлд Хамасын гүйцэтгэх захирал, санхүүжилтийнх нь эх үүсвэр гэж нэрийдэж байна. Хамасын үйл ажиллагааны хамгийн чухал хүчин зүйл бол мөнгө санхүү. Тэрбээр Хамаст олон сая ам.доллар зарцуулдаг. Түүнд Тегеран болон Газын зурвасын хооронд хийгдсэн санхүүгийн гүйлгээний талаарх бүх мэдээлэл байдаг гэх.

Түүний төрсөн он сар, гэр бүл гэх мэт хувийн мэдээллүүд төдийлөн ил тод бус. Гадаад хөрөнгийн хяналтын албаны цахим хуудсанд мэдээлснээр түүний төрсөн он сар өдрийг хоёр янзаар мэдээлдэг. Нэг бол тэр 1968 оны есдүгээр сарын 11-нд төрсөн, эс бол мөн оны арваннэгдүгээр сарын 9-нд төрсөн. Википедиад түүнийг Палестины Зүүн эрэгт орших Салфит гэх газар төрсөн гэж тэмдэглэжээ.

Хамас бүлэглэлийн нэг хэсэг болох Исламын ахан дүүс нэртэй бүлэг бий. Жабарин хүүхэд ахуйгаасаа л шашны үзэл санаа нь төлөвшиж, сүмд очин, Исламын ахан дүүс бүлэглэлийг үндэслэгчдийн бүтээлүүдийг уншдаг байжээ.

Өсвөр насандаа тэр “Буудлагын отрядууд” нэртэй гэмт бүлэглэлийг удирдаж, 1987 онд Израилийн эсрэг бослогод нэгдэж байв. Энэ үеэс тэр ээжээсээ зээлэх гэх мэт янз бүрийн аргаар мөнгө олж, зэвсэг эзэмших болжээ. Жабарин 1996 онд израиль цэргийн амийг хөнөөсөн хэргээр баривчлагдаж, бүх насаараа хоригдох ял авсан ч 2011 онд хоригдол солилцоогоор суллагдсан.

Тэрбумтан гэгдэх Захер Жабарин нь хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн нэгэн. Түүний хөрөнгийг ойролцоогоор 2.5 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ. Ойрхи Дорнод даяарх хэд хэдэн компанид Захер хөрөнгө оруулдаг.

Захер Жабарин олон улсын нөлөө бүхий өндөр албан тушаалтнуудтай холбоо сүлбээ сайтай. Түүнийг Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай сайн холбоотой гэж ярьдаг.

САНХҮҮГИЙН ЭЗЭНТ ГҮРНИЙ ТЭРГҮҮН

“Wall Street Journal” энэ оны нэгдүгээр сард анх террорист ажиллагааг санхүүжүүлэгч Захер Жабариныг танилцуулж байв. Ингэхдээ түүнийг Хамасыг дэмжигч санхүүгийн эзэнт гүрний тэргүүн гэжээ. АНУ 2019 онд түүнд хориг арга хэмжээ авсан.

Жабарин нь Хамас ба түүний гол ивээн тэтгэгч Иран хоорондын санхүүгийн харилцааг удирдаж, Тегеранаас Газын зурвас руу бэлэн мөнгө шилжүүлэх үйл явцыг зохицуулдаг. Мөнгөн шилжүүлгийг албан бус хавала систем буюу “мөнгө ашиглахгүйгээр мөнгө шилжүүлэх” гэдэг аргаар хийдэг ажээ. Сүүлийн үед криптовалют ашиглан санхүүгийн гүйлгээгээ хийж байна.

Үүний зэрэгцээ Саудын Араб, Ливан, Арабын нэгдсэн Эмират, Судан улсууд дахь сувгуудаар дамжуулан барууны хориг арга хэмжээнээс өөрийгөө хамгаалдаг. Дээрх улсуудын жагсаалтад сүүлд Турк улс нэмэгджээ. Тэрбээр зөвхөн Хамасыг удирдаад зогсохгүй бүлэглэлд тогтмол орлого оруулдаг компаниуд, хувийн хандивлагчид, бизнес эрхлэгчдийн сүлжээг удирдах үүрэгтэй.

Жабарин “Wall Street Journal”-д өгсөн ярилцлагадаа Хамасын санхүүжилтийг босгох нь нэр төрийн хэрэг гэж мэдэгджээ. Гэхдээ бүлэглэлийн зэвсэгт хүчний үйл ажиллагаанд оролцсон гэдгээ үгүйсгэсэн байна. Тэрбээр “Хэвлэлүүдээр гарч буй янз бүрийн баримтуудын талаар хэлэхэд Израиль төөрөгдүүлэх дуртай шүү дээ” гэжээ. Мөн өөрийгөө Хамасын цэргийн бригад биш улс төрийн намын нэг хэсэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Хууль бус санхүүгийн үйл ажиллагаанд мэргэшсэн Израилийн аюулгүй байдлын албаны ажилтан асан Узи Шая хэлэхдээ Жабариныг Хамасын Газаас гадуурх бүх санхүүгийн үйл ажиллагааг удирддаг гэжээ.

Израилийн арми энэ оны нэгдүгээр сард Бейрут хотод цохилт өгөх үеэр Хамасын гишүүн Салех аль-Арури амь үрэгдсэн. Жабариныг түүнтэй ойр дотно байсан гэдэг. Тэд хамтдаа Баруун эрэгт Хамасын цэргийн жигүүр Изз ад-Дин аль-Кассамын бригадыг байгуулалцжээ. Жабарин 2011 онд хоригдол солилцоогоор суллагдсаныхаа дараа номоо гаргасан. Тодруулбал, тэр торны цаана байхдаа еврей хэл сурч, эрдмийн зэрэг хамгаалж, суллагдсаныхаа дараа жил номоо бичиж эхэлсэн аж. Энэ номынх нь оршил хэсгийг Арури бичиж байжээ.

Арури номын оршил хэсэгт Жабарины тухай бичихдээ “Цаг хугацаа урсан өнгөрсөн ч түүний шийдэмгий байдлыг сулруулсангүй. Тэр жихадын зам гэх энэхүү аяллыг дуусгахын тулд үргэлжлүүлсээр байх болно” гэжээ.

Тухайн үед нэг израиль цэргээр 1000 палестин хоригдлыг сольсон юм. Энэ солилцоонд Хамасын удирдагчдын нэг Яхья Синвар ч мөн  багтсан.

Түүний Хамас бүлэгт оруулсан томоохон хувь нэмрүүдийн нэг бол тэсрэх бөмбөгийн мэргэжилтэн Яхья Айяшыг элсүүлсэн явдал байжээ.

Хамасын санхүүгийн алба эхлээд Саудын Арабын Жидда хотод байрлалтай байсан. Чухам тэндээс Иран, Хамас хоорондын олон сая ам.долларын шилжүүлгийг хийж байжээ. Гэвч АНУ-ын шахалтаар Саудын Араб улс Хамасын санхүүгийн албаныхныг нийслэлээс албадан гаргасан байна. Өдгөө  Хамасын санхүүгийн алба нь Истанбулд байрлалтай болжээ.

https://news.mn/r/2705615/


URL: