Хакүхогийн сүүлийн найдвар Сүмогийн холбоо боллоо

Screenshot 2024-03-14 174904Хаврын башё эхлэхтэй зэрэгцэн “Миягино” дэвжээний хэрэг Японд дуулиан дэгдээж байна. Башё эхлэхийн өмнө тус дэвжээний том цолтой бөхчүүдийн нэг Хокүсэйхо А.Даваанинж залуу бөхчүүдийг дэглэдэг байсан асуудлыг сөхөж, энэ нь Сүмогийн холбооны удирдлагуудын чихэнд хүрснээр хэрэг мандсан. Холбоо яаралтай арга хэмжээ авч Хокүсэйхо зодог тайлсан бол их аварга Хакүхо хоёр зэрэглэл буурч, гурван сарын турш цалингийн 20 хувиар торгуулах шийтгэл аваад байлаа. Гэхдээ асуудал ингээд намжсангүй.

“Миягино” дэвжээг дөрөвдүгээр сарыг дуустал “Исэгахама” галд шилжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, тус дэвжээний ояката нар “Миягино”-г удирдана гэсэн үг. Сүмогийн холбооноос Хаврын тэмцээнд тус дэвжээг Тамагаки ояката удирдаж оруулаад, цаашдаа яахыг “Исэгахама” галын ояката нарт даалгасан. Энэхүү галыг ёкозүна асан Асахифүжи, озэки асан Кайо нар тэргүүлж, Котонишики, Кёкүтэнхо, Томонохана, Аминишики, Хомарэфүжи, Кайсэй, Ишиүра нар багтдаг. Тэгвэл “Исэгахама” галынхан Осака хотод хуралдаж, Хаврын тэмцээний дараа “Миягино” дэвжээг хаах шийдвэр гаргажээ. Дэвжээний хувь заяаг хэрхэх талаар хэд хэдэн санал гарсан байна. Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр Миягино ояката, туслах ояката Магаки буюу Ишиүра, бөхчүүдийг галынхаа өөр, өөр дэвжээнд тараан хуваарилахаар ярьж шийдвэрлэсэн гэж Японы хэвлэл мэдээлжээ.

Ингэхдээ Миягиногийн хамгийн том цолтон Хакүохо, Энхо, дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц нарыг Хакүхо, Ишиүра хоёрын байхгүй дэвжээнд оруулах юм байна. Ийнхүү Хакүхогийн зодог тайлахаасаа өмнөөс авч эхэлсэн шавь нар нь өөр дэвжээнд очих нь.

Гэхдээ дээрх галаас ийм шийдвэр гаргасан ч холбоо үүнийг нь албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Тодруулбал, Харү башёгийн эхний өдөр буюу өчигдөр “Мияагино” дэвжээний толгой “Исэгахама” галаас Сүмогийн холбоонд албан ёсоор тус  дэвжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хаах саналыг хүргүүлжээ. Хэрэв сүмогийн холбоо “Исэгахама”-гийн саналыг хүлээн авбал “Мияагино” дэвжээ албан ёсоор хаагдах аж.

2022 онд Хакүхо М.Даваажаргал албан ёсоор зодог тайлснаар багшийн замналаа эхлүүлсэн. Ингэхдээ өөрийн багш Чикүбаяамагаас энэхүү дэвжээг өвлөн авсан. Тэрээр өвлөн авсан даруйдаа байршлыг нь өөрчилж, хуучин “Азүмазэки” дэвжээний байранд нүүн орсон юм. Тус дэвжээ нь “Тоттори Жохокү” ахлах сургуулиас бөхчүүдийг элсүүлдэг бөгөөд тус сургуулийн төгсөгчид Очиаи, Хокүсэйхо Э.Даваанинж, Ишиүра нарыг дэвжээндээ авсан түүхтэй.

Дашрамд дурдахад, өнөөдөр Хакүхо аваргын төрсөн өдөр тохиож буй. Өдгөө 39 нас хүрч буй тэрээр сүмогийн дэвжээ өвлөн авч, удирдсан анхны монгол хүн болсон ч дэвжээ нь хаагдах дээрээ тулсан. Одоо зөвхөн Сүмогийн холбоо “Исэгахама” дэвжээнээс ирүүлсэн дээрх саналыг хэрхэн шийдвэрлэхийг хүлээх л үлдлээ.

“Миягино” дэвжээний дэмжигчид, ивээн тэтгэгчид гарын үсэг цуглуулж байна

Үүнтэй холбогдуулан Мияагино дэвжээний дэмжигчид болон ивээн тэтгэгчид гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тус саналын тодорхойлолтод “Мияагино” дэвжээг хаах тухай шийдвэрийг эсэргүүцэж байна. Шавь бөхийн үйлдсэн зодооны хүчирхийллийн хэрэг яригдаж байгаа “Мияагино” дэвжээнд хандаж Японы сүмогийн холбооноос санал болгож буй шийдвэрийг хатуу эсэргүүцэж байна. Өмнө нь төстэй дуулиан дэгдээсэн хэргүүдэд авсан шийдвэртэй харьцуулахад хатуу шийтгэлийн шалтгааныг олон нийтэд ил болгохгүй бол сүмо сонирхогчид, дэвжээг дэмжигчид, олон төрлийн ивээн тэтгэгчид яасан ч хүлээж авах боломжгүйг мэдэгдэе.

Өмнө болсон “Токицүказэ” дэвжээнд амь насаа алдсан явдлыг нуун далдалдсан хэрэг, “Накагава” дэвжээнд багш нар нь үйлдсэн зодооны хүчирхийлэл, “Таканохана” дэвжээ, “Мичинокү” дэвжээ, “Исэгахама” дэвжээнүүдийн өмнөх гаргасан зодооны хүчирхийлэлд дэвжээг хаахад хүргэсэн жишээ байхгүй” хэмээсэн байна.

Хакүхогийн сүүлийн найдвар Сүмогийн холбоо боллоо

:Дээрх QR код хавсарган цахимаар гарын үсэг цуглуулж байгаа аж.

Сонирхуулахад, Накагава ояката залуу бөхчүүдээ зодож, дэглэн, зохисгүй хэрэг гаргасан тул хоёр зэрэглэл буурах шийтгэл хүлээж, дэвжээгээ хаалгасан. Энэ явдал 2020 онд болсон бөгөөд дэвжээ хаасан хамгийн сүүлийн тохиолдол болж байлаа.


URL: