Н.Ганибал: Метро ямар мөнгөөр хийх гэж байгааг нэг ч гишүүн мэдэхгүй байна

ganibal

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал “Хятад улс гурил дээрээ 67 хувийн импортын татвартай, Орос 90 хувийн импортын татвартай. Гэтэл манай улс 15 хувийн татвартай хэрнээ ТЭГЛЭХ тухай ярьж байна.  Энэ нь нэг талаараа  гадаад худалдааны ажил ТЭГ зааж байна гэж харж байна…

Бас бид нар метро ярьж байна. Ямар мөнгөөр хийх гэж байгааг нэг ч гишүүн мэдэхгүй байгаа. Яагаад УИХ нь мэдэхгүй төсвөөр нийслэл метро барих талаар ярьж байхад чимээгүй байгаа юм. Энийгээ УИХ дээр оруулж ярихгүй юм уу…” хэмээн асуусан.

Харин Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “…Оростой худалдааны түр хэлэлцээр байгуулахаар сүүлийн 7 сар ажиллаж байна.  Орос, Монголын худалдааны харьцөө 95:5 байгаа.  ОХУ-ын экспорт 95 хувийг эзэлдэг.  Нефть, тэсэлгээний бодис зэрэг бүтээгдэхүүн өндөр хувь эзэлж байна. Гэтэл манай  улс махны экспортыг 2 хувиар нэмэгдүүлснээр экспорт 5 хувь болсон. Харин Хятадтай  худалдааны хэлэлцээр байхгүй, эхлүүлэх хүсэлт тавиад байгаа” гэв.

Метро барих мөнгөний тухай асуултын хариултыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хүртээмжтэй олон төрөлт болгох зорилго үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаж ирсэн.

Метроны зөвлөх үйлчилгээний асуудал, барилга угсралттай холбоотойгоор 380 орчим тэрбум төгрөгийг нийслэлийн төсөв дээрээ суулгаад явж байна. Амгалан өртөөнөөс-Толгойт хүртэл 17.7 км урттай.

Нийслэл өмнөх жлиүүдэд 24 тэрбумын хөрөнгө оруулалт шийдэж байсан бол энэ жил 800 гаад тэрбумын хөрөнгө оруулалт шийдсэн. Гүйцэтгэлээр нь санхүүжүүлээд явна” гэсэн юм.


URL: