Вьетнамын түүхэнд гарсан хамгийн том санхүүгийн луйврыг үйлдсэн этгээдэд прокурорууд цаазын ял төлөвлөжээ
Вьетнамын прокурорууд тус улсын түүхэнд гарсан хамгийн том санхүүгийн луйврыг зохион байгуулагч Чуон Ми Ланд цаазын ял төлөвлөснөө өчигдөр танилцуулжээ. Van Thinh Phat Holdings Group барилгын компанийн ерөнхийлөгч энэ эмэгтэй $12 тэрбумын хохиролтой луйврын хэрэгтээ Хо Ши Мин хотод шүүгдэж байгаа юм.
Энэ бол Вьетнамын үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 3 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгө. Ланы шүүх хурал дөрөвдүгээр сарын сүүлч хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. “Лан гэм буруугаа хүлээгээгүй, гэмшээгүй. Үр дагавар нь маш ноцтой, нөхөж баршгүй тул Чуон Ми Ланыг хатуу шийтгэж, нийгмээс зайлуулах ёстой” гэж прокурорын дүгнэлтэд бичжээ.
Олон жилийн хугацаанд Saigon Stock Commercial Bank банкнаас өөрийн төлөөний хүмүүсээрээ дамжуулан нийт 304 их наяд дон ($12 тэрбум) луйвардсан хэрэгт Лан буруутгагдсан юм. Үүний улмаас тус банк төлбөрийн чадваргүй болж, Вьетнамын засгийн газар дампуурлаас аврах арга хэмжээ авч байжээ.
Хэрвээ луйвардсан мөнгөнийх нь хүү болон бусад алдагдлыг тооцвол хохирлын хэмжээ 498 их наяд дон ($20) болно гэж прокурорууд дүгнэсэн байна. Лан хууль бус үйл ажиллагаагаа нуухын тулд төв банкны албан тушаалтанд $5.2 саятай тэнцэх авлига өгч байжээ.
Хараат бус аудитын гурван компани Ланы луйврыг нуухад бас оролцсон байж болзошгүйг мөрдлөгийн явцад тогтоосон байна. Тухайлбал Ernst & Young, KPMG зэрэг дэлхийн хэмжээний томоохон аудитын компаниуд тухайн банкийг шалгасан тайландаа ямар нэг алдаа доголдлын талаар дурдаагүй өнгөрсөн байжээ. Тиймээс санаатай нуусан үйлдэл байж болзошгүй гэж прокурорууд дүгнэсэн байна.
Вьетнамын эрх баригч Коммунист Намын удирдлага авлигатай тэмцэх ажлыг эхлүүлээд хэдэн жил өнгөрсөн ч тодорхой үр дүн бага байгаа. Уг ажлын хүрээнд илрүүлсэн нэг томоохон хэрэг нь Чуо Ми Ланы хэрэг юм.
Эх сурвалж: Reuters
URL: