Сонгууль луйвардах шалгарсан аргууд

УИХ болон орон нутгийн сонгууль бүрийн дараа “Иргэдийн саналыг луйвардчихлаа”, “Энэ сонгууль будлиантай боллоо” гэсэн яриа, маргаан гардаг. “Долдугаар сарын 1”-ний үймээн ч сонгуулийн будлианаас үүдэлтэй. Өөрийнх нь өгсөн саналыг өөр нэгэн рүү шилжүүлж луйвардсаныг эсэргүүцэж жагссан иргэд хэдэн зуугаараа шоронд орсон. Бас сонгуулийн луйвраас үүдсэн үймээний үеэр таван хүн амиа алдсан билээ. Сонгуулийн луйврыг судлаачид шударга сонгууль, түүний эрх зүй, ёс суртахууны үндсийг санаатайгаар эвдэн бусниулах замаар засгийн эрх мэдлийг авахын төлөөх зохион байгуулалттай гэмт үйлдэл гэж тодорхойлжээ.

МУИС-ийн судлаачид болон Сонгогчдын боловсролын төвөөс сонгууль луйвардах шалгарсан аргуудыг судалж, түүвэрлэсэн байна. Тэдний судалснаар сонгуулийн луйврыг зориуд боловсруулан түгээж, болж өгвөл сонгуулийн нэгж бүр дээр хэрэглэхийг чухалчилдаг аж.

ТОЙРОГ, ХЭСГИЙН ХОРООД ДЭЭРХ БУЛХАЙ

Шоронгийн хэллэг гэдэг шиг сонгуулийн булхай, луйврын аргууд тогтсон нэртэй. Тухайлбал, тойрог, хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг ашиглаж булхай хийхдээ “томилгоо”, “урхидах”, “өгөөш”, “шоу”, “шургуулах”, “халааслах” гэх мэт аргуудыг хэрэглэдэг байна. Тэдгээрийг тайлбарлавал,

Томилгоо-Сонгуулийн тойрог, хэсгийн хороо, нарийн бичгийн дарга нарыг урьдчилан сайн судална. Бүр хувийн сонирхол, хэрэгцээ, намын харьяаллыг нь ч нарийн тогтоох учиртай. Ингэснийх нь дараа аль нэг “но”-гоор нь дарамтална гэсэн үг. Тухайлбал, АН-ын гишүүн байсан бол намаа дэмж гэх утгаар дарамт үзүүлдэг аж.

Урхидах-Намаас томилогдсон дарга, гишүүдийг тансаглуулна гэсэн үг. Гэхдээ тансаглал сонгууль дуустал үргэлжлэх учиртай. Сонгууль дуустал тухайн хүнийг өдөр бүр зоогийн газарт оруулж, хоол унааны мөнгөөр нь хангах зэрэг аар саархан хэрэгцээгээр нь урхидаж байна гэсэн үг. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэгчээр хүний мөнгөөр хэд хоног хэрэгцээгээ хангасан хүн ачийг нь хариулахаас өөр аргагүй. Ингээд л урхинд орж буй нь тэр.

Зомби-Энэ бол хамгийн хорлонтой гэж хэлж болох арга. Намаасаа, ойр хавиасаа хамгийн туршлагагүй, мэдлэггүй, чадваргүй хүмүүсийг олж томилуулна. Түүнийгээ зомби гэнэ. Нэгэнт зомби өөрийгөө удирдаж чадахгүй учраас эзнийхээ дуулгавартай зарц болж хий гэснийг нь хийхээс аргагүйд хүрнэ гэсэн үг.

Шоу-Хорооны бүрэлдэхүүнд төрийн албан хаагчдыг олноор нь оруулна. Дараа нь тэдэнд шагнал, урамшуулал амлаж өөрийн хэлснээр ажиллуулна гэсэн үг Төрийн албанд шагнал авсан, одон тэмдэг авсан хүн нэр төртэй байдаг хойно амлатад хуурталгүй яах вэ.

Халааслах-Бусад намын төлөөлөгчдийг ямар ч хамаагүй аргаар худалдан авч өөрийн галдаа урвуулна гэсэн үг. Өрсөлдөгч талын нөхөр халаасанд нь орчихсон байхад “дайсан”-гүй болсонтой л адил гэнэ.

Бороохой -Хэсгийн хороонд өөрийн гар хөл болж чадах цагдааг ажиллуулна гэсэн үг. Хэв журмыг зохицуулах, байдлыг хянах үүрэгтэй цагдаа бороохойгоо бариад нэг талд зогсч байхад болгоомжлох зүйлгүй санаагаа гүйцэлдүүлэх боломж бүрдэж байна гэсэн үг.

СОНГОГЧДЫН БИЧИГ БАРИМТЫГ АШИГЛАЖ БУЛХАЙ ХИЙХ

Сонгогчдын нэрсийн жагсаалт, иргэний үнэмлэх зэрэг бичиг баримт дээр тулгуурлан санал луйвардах аргууд бас өөрийн гэсэн нэртэй. Тухайлбал, “Хогоор дүүргэх”, “бухын баас”, “үхдэл”, “цэвэрлэгээ”, “ихэрлэх”, “гачлан”, “молиго очир” гэх түлхүүр үгтэй гэхэд ч болно.

Хогоор дүүргэх, бухын баас-Эдгээр нь аргын хувьд адил. Сонгогчдын нэрсийн жагсаалтаас хасах учиртай хүний нэрийг хэвээр нь үлдээж, насанд хүрээгүй хүмүүсийн нэрийг нэмж бичих гэсэн үг.

Үхдэл-Нас барсан иргэд болон хоригдлыг сонгогчдын нэрсийн жагсаалтад хэвээр үлдээж луйвар хийх арга.

Ихэрлэх-Сонгогчдын нэр үнэмлэхийг давхардуулан бичих

Молиго очир-Иргэний үнэмлэхний хуулбар, жолооны үнэмлэх, цэргийн албан хаагчийн үнэмлэх, гадаад паспортыг хуурамчаар үйлдэж саналын тоонд оруулна гэсэн үг.

САНАЛЫН ХУУДАС ХҮЛЭЭН АВАХ, ЗАРЦУУЛАХ ҮЕИЙН ЛУЙВРЫН АРГА

Копидох, консервлах- Эдгээр түлхүүртэй арга нь саналын хуудсыг дуурайлган хэвлэх зэргээр 10 хүртэл хувиар нөөцлөн саналаа урьдчилан тэмдэглэж, ашиглана гэсэн үг.

Мөн урьдчилан санал авахад оторлох, савлагаа, хуруу нэмэх, царцааны нүүдэл буюу өөр өөр тойрог, хорооноос сонгогчдыг зөөвөрлөх аргуудыг хэрэглэдэг аж.

Хайрцгаар санал авахад хөтөлгөө, мөөг түүх, хадаас гэх мэт аргуудыг хэрэглэдэг гэнэ. Мөөг түүх гэдэг нь урьдын адил өөр тойрог, хорооноос сонгогчдыг авчирч санал өгүүлнэ гэсэн үг. Саналын хайрцагт хадаас хийж сэгсрээд хуудсыг хүчингүй болгох аргыг хадаас гэнэ. Таны өгсөн санал хадаасанд хатгагдаж хүчингүй болно гэсэн үг.

САНАЛ ТООЛОХ ҮЕИЙН ЛУЙВАР

Гялс манас- Цахилгааныг гэнэт таслаж, харанхуй байх зуурт бэлтгэсэн саналын хуудсыг гялс хийнэ гэсэн үг.

Бөөлжих-Саналын хайрцгийг тонгойлгож хуудас асгах үед урьдаас нөөцлөн бэлтгэсэн саналын хуудсуудаа эвтэйхэн гулгуулж хийх арга.

Бөгжлөх-Эсрэг талын саналын хуудсыг бөгжөөр зурах, урах, нэмж тэмдэглэх зэргээр хүчингүй болгож, өөрийн нэр дэвшигчийн саналын хуудаст шинэ хуудсууд нэмнэ гэсэн үг.

Самууруулах-Санал хураалтын дүнг буруу мэдээлэхийг хэлдэг аж.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих