Намууд л сонгуулийг будлиантуулдаг шүү

2008 оны УИХ-ын сонгууль луйвартай, булхайтай болсон учраас Монголын ард түмэн бухимдаж луйвар хийсэн намыг эсэргүүцэж жагссан.

7-р сарын 1-нд болсон энэ жагсаалын үр дүнд тухайн өдөр 5 хүн, энэ өдрөөс хойш энэ жагсаалаас үүдэлтэй гэмтлээс болж олон хүн амь нас, эрүүл мэнд, бие сэтгэлээрээ хохирсон. Ард түмэн хэзээ ч хохирох ёсгүй. Ард түмнийг хохироосон бол гэмт хэрэгтнүүд зохих шийтгэлээ хүртэх ёстой.
Гэтэл өнөөдрийг хүртэл хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Ард түмэн одоог хүртэл хүлээсээр л байна. 7-р сарын 1-нд амь үрэгдсэн 5 залуу болон гэмтэж, бэртсэн олон хүмүүсийн хохирлыг хэн барагдуулж, хариуцлагыг хэн хүлээх вэ? Тухай үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс үү эсвэл цэрэг цагдаагийн газрын дарга нар буруутай юу?

Буруутан нь хэн болохыг шүүх тогтоох ёстой боловч Монголын шүүхийнхэн буруу газраас л гэмт хэрэгтэнг хайгаад байгаа нь харамсалтай. Тиймээс шүүхийнхэндээ логик гаргалгаа хийж өгч гэмт хэрэгтэнг чухам яг хаанаас хайх вэ гэдэг замыг нь гэрэлтүүлэх хэрэгтэй болж байна. 7-р сарын 1-нд болсон жагсаал сонгууль будлиантай явагдсан, МАН, АН-ын нэр дэвшигчид сонгуулийн санал луйвардсан гэсэн шалтгаанаас үүдэлтэй. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав дээ гэдэг. Хэрвээ МАН, АН сонгууль луйвардаагүй байсан бол хүмүүс жагсахгүй байсан. Жагсаал болоогүй бол эрдэнэт хүний амь эрсдэхгүй байсан. Тиймээс 7-р сарын 1-ны жагсаалын үеэр гарсан бүх хохирлыг хариуцах ёстой эзэн нь 2008 оны УИХ-ын сонгуулийг тойрог дээр сонгуулийн дүнг будлиантуулж, сонгогчдын саналыг луйвардсан МАН, АН юм. Тиймээс гэмт хэрэгтэнгүүдийг МАН, АН дотроос хайх хэрэгтэй.

Тухайн үеийн цэрэг, цагдаагийн байгууллагын удирдлагуудад зөвхөн л үүргээ л гүйцэтгэсэн. Харин үүргээ гүйцэтгэхдээ хэтрүүлсэн үү гэдэг л асуудал. 7-р сарын 1-ны жинхэнэ буруутан нь тойрог дээр луйвар хийсэн нөхдүүд гэдгийг ард түмэн мэдэж байхад гэмт хэрэгтнийг амралтандаа гарах гэж байгаа хурандаа нараас хайх нь утгагүй юм.
2008 оны 7-р сарын 1-ний хэргээ шийдэж чадалгүй ухна царайлаад сууж байтал 2012 оны сонгууль хаяанд ирчихлээ. Өмнөх хэргээ шийдэж амжаагүй байж дахиад гэмт хэрэг үйлдэх гэж байна шүү дээ. Энэ удаагийн сонгуульд 2008 оны сонгуулийг будлиантуулж, санал луйвардсан шиг үйлдэл дахиад гаргах юм бол ард түмэн дахиад л босно. Ард түмэн тийм ч удаан чимээгүй суугаад доромжлуулаад байдаггүй гэдгийг хүн төрөлхтний жишээ хэлээд өгнө.

2012 оны сонгуулиар МАН, АН дахин луйвар хийж тэр нь илчлэгдээд 2008 оны 7-р сарын 1 шиг дахиад жагсаал болж бослого дэгдэж эд материалын хохирол гарч, хүний амь эрсдэх юм бол түүнээс гарах бүх хохирлыг тэр луйвар хийсэн хүмүүс хүлээх ёстой гэдгийг нийт Монголын ард түмний өмнөөс хатуу хэлж байна. Монголын Ард түмэн хүчирхийллийг хүсэхгүй байна. Монголын Ард түмэн шударга сонгуулийг, амгалан тайван байдлыг, сайхан амьдралыг л хүсч байна.
Монголын ард түмэнд авилгал, ядуурал, ажилгүйдэлтэй тууштай хатуу тэмцэж ам ажил нь зөрдөггүй, аливаа асуудлыг Монголын ард түмэндээ ашигтайгаар шийдэж чаддаг тийм улс төрч, тийм төр засаг л хэрэгтэй байна. Тэрнээс биш өнөөдөр эрх барьж байгаа МАН, АН шиг асуудлыг шийдэхгүй, ассан галыг унтрааж ард түмнийг хуурч аргацаадаг хоёрын хооронд улс төрч, хоёрын хооронд төр засаг огт хэрэггүй.

Энэ удаагийн сонгуулиар ямар нэгэн аргаар МАН, АН эрх баригч болон гарч ирлээ гэж бодоё. Үүний дараа МАН, АН Монгол улсыг, Монголын ард түмнийг сайхан амьдралтай болгож чадах уу? Тэдэнд тийм боловсон хүчин, боломж байна уу? Тэдэнд үнэхээр Монголын ард түмний төлөө гэсэн сэтгэл бий юу? МАН, АН үнэхээр боловсон хүчний дутагдалд орчихсон байгаа гэдэг нь УИХ-д нэр дэвших гэж байгаа хүмүүсийнх нь нэрсийг харахад л ойлгомжтой болж байна. Бүгд л компаний захирлууд. Энэ удаагийн сонгуулиар улс төрд сэхээтний төлөөлөл нэр дэвших магадлал тун болгон хуулиа хийжээ. Учир нь багш, эмч нар сонгуульд нэр дэвших гэж байгаа бол зургаан сарын өмнө ажлаа өгөх ёстой гэжээ. Энэ бол ямарч бодлогогүй заалт юм. Багш, эмч нар зургаан сарын өмнө ажлаа өгчихвөл энэ улс юу болох вэ? Төсөөлөөд үздээ. Нийгмийн хөгжил зогсчихно шүү дээ. Нэгэнт л чадварлаг боловсон хүчин, сэхээтэн гарч ирэхгүй бол Монголыг хөгжүүлэх чадваргүй гэсэн үг.

Өнөөгийн эрх барьж буй намууд өнгөрсөн 22 жилд Монголыг хөгжүүлж чадаагүй юм чинь ирэх 4 жилд ч чадахгүй гэдэг нь ойлгожмтой. Тэд Монгол улсыг ямар болгосон билээ? МАН, АН 22 жил ажиллаад Монголын ард түмний 40% буюу 1200 000 хүнийг ядууруулж нийгмийн ядуу гэсэн ангилал руу оруулсан, лиценз нэрээр Монголын газар шороог гадныханд зараад зарсан мөнгөө хувьдаа завшин олигархиуд болцгоосон. Монгол залуусыг гадагш нь ажиллах хүчнээр явуулаад оронд нь урд хөршөөс ажиллах хүчнийг хэдэн мянгаар нь оруулж ирж байна. Энэ жил 160 мянган хятад оруулна гэсэн мэдээ байгаа бөгөөд саяхан 12 000 хятад ажилчин оруулж иржээ. Үүнээс нь харахад МАН, АН-ы бодлого юунд чиглээд байгааг нь таамаглаж болмоор. Монголын төлөө юу эсвэл…

Хүнийг ирээдүйд юу хийхийг нь өнгөрсөнд юу хийсэн бэ гэдгээр нь л дүгнэж болно. Өнгөрсөнд дандаа гэмт хэрэг хийсэн хүмүүс төрд гарчихвал өмнөх гэмт хэргээ нуухын төлөө л ажиллана гэдэг нь ойлгомжтой. Харин ямар нэгэн хууль бус зүйл хийж байгаагүй хүмүүс төрд гарвал ард түмнийхээ төлөө тууштай ажиллаж чадна. Үүнд л бид итгэх ёстой. Засарсан луйварчин гэж ямар хүнийг хэлэх вэ гэхээр замаас зайлсан луйварчинг хэлнэ хэмээн нэгэн хүн хэлсэн байдаг. Гэнэт л нэг өдөр шударга болоод, ард түмнээ хайрлаад эхэлнэ гэдэг бол боломжгүй. Үлгэрт эсвэл кинонд л гарна шүү дээ.

2012 он Монголчууд бидний хувьд их хариуцлагатай жил. 2016 он хүртэл 4 жил Монголчууд бидний амьдралыг сайжруул, улс орныг хөгжүүл гээд бүх эрх мэдлээ хэдэн хүмүүст шилжүүлэх гэж байна. Тийм учраас маш хариуцлагатай сонголт хийх хэрэгтэй. Харин ард түмэн бидний сонгосон сонголтыг, саналыг сонгуульд оролцогч намууд луйвардахыг завдах, луйвардсан гэдэг нь илчлэгдэх юм бол Монголын ард түмэн босч ирнэ. Эцсийн эцэст намууд л будлианы хутгадаг эзэд нь шүү. Монголын ард түмэн 22 жил доромжлуулан тэвчсэн одоо хангалттай. 2008 онд хүчний байгууллага эрх баригчдын гарт байсан бол 2012 онд хүчний байгууллага ард түмнийхээ талд байгаа шүү. Төрийн нэр барьсан луйварчид өөрсдийн гэмт үйлдлээ үүргээ гүйцэтгэсэн хурандаа нарт тулгаж өөрсдөө ялгүй үлдэх атгаг санаа чинь эргээд та нар дээр бууж байна.
Өөдөө шидсэн нэг чулуу өөрийн толгой дээр чинь хоёр болж буух цаг удахгүй ирнэ. Сонгууль шударга, эв нэгдэлтэй болох ёстой. Монголын ард түмэн ялах ёстой.

Б.Үнэнбат


URL:

Сэтгэгдэл бичих