Эхнэр нь нөхөртөө, нөхөр нь эхнэртээ ДОХ-ын халдвар тараасан 20 гаруй бүртгэгджээ

ДОХ өвчний 111 дахь тохиолдол саяхан бүртгэгдсэн. Энэ өвчтөн нь Улаанбаатар хотын харьяат 30 орчим насны тодорхой эрхэлсэн ажилгүй, гэр бүлгүй эрэгтэй аж.
Түүний өвчин одоогоор халдвар тээгчийн шатандаа яваа гэнэ. Тиймээс өөрт нь ямар нэгэн өөрчлөлт, зовиур шаналгаа мэдэгдэхгүй зөвхөн шинжилгээгээр үүнийг нь нотлох боломжтой юм байна.

Манай улсад ХДХВ-ийн халдвар тээгчид 18-55 насныхан байдаг аж.
Тухайлбал, 18-20 насны гурав, 50-аас дээш насны гурав гээд үндсэндээ 20-40 насныхан дийлэнх хувийг эзэлж байгаа гэнэ. 1987 оноос хойш ХӨСҮТ нь хоёр сая гаруй хүнийг шинжилгээнд хамруулжээ.

Өмнө нь ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн 90 хувь нь гадаадад ажиллаж, амьдарч байсан иргэд байсан бол одоо дотооддоо амьдарч байгаа иргэдээс халдвар авах нь ихэссэн байна. Жишээ нь, эхнэр нь нөхөртөө, нөхөр нь эхнэртээ халдвар тараасан 20 гаруй тохиолдол бүртгэгджээ.

Мөн одоогоор вирус тээгч арав гаруй эмэгтэй жирэмсэн, түрүүч нь хоёр хүүхдийн эх болсон байна. Ер нь халдвар гурван замаар дамждаг байна. Хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох, халдвартай цус, цусан бүтээгдэхүүнээр, эхээс урагт дамжих замаар гэнэ. Харин манайд бүртгэгдсэн бүх тохиолдол бэлгийн замаар халдсан байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих