Олимпийн тэмцээний эхний өдөр “фактлав”

“Лондон-2012” зуны олимпийн наадмыг зохион байгуулагчид олимпийн тэмцээний эхний өдөр маш том алдаа гаргажээ. Монголын цагаар өнгөрсөн шөнө эхэлсэн олимпийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээний “G” хэсэгт багтсан Колумб болон БНАСАУ-ын шигшээ багийн тоглолтын өмнө албаны хүмүүс том дэлгэцэнд БНСУ-ын далбааг гаргаж орхижээ. Үүний дараа Хойд Солонгосын тамирчид талбайг орхин явцгаасан байна. Зохион байгуулагчдын зүгээс БНАСАУ-ын баг тамирчид, албаны хүмүүсээс уучлал хүссэний эцэст тоглолтыг эхлүүлэх боломжтой болжээ.

Тэмцээний эхний өдөр гурван хэсгийн зургаан тоглолт болсон бөгөөд дээрх шалтгааны улмаас БНАСАУ болон Колумбын багийн тоглолт Шотландын Глозго хотын “Хампден парк” цэнгэлдэхэд цагаасаа нэлээд хоцорч эхэлжээ. Хуваарь ёсоор орон нутгийн цагаар 18.45 цагт эхлэх байсан ч нэг цаг гаруй саатсан байна. Учир нь өмнөдийн баг хэмээн зарласанд ундууцаж, бухимдсан тэд уучлал гуйх хүртэл талбайд гарахгүй хэмээжээ. Ямартай ч тоглолт эхэлж, БНАСАУ-ын шигшээ баг 2:0 харьцаатай ялалт байгуулжээ.

Энэ тухай “Хампден парк” цэнгэлдэхийн хэвлэлийн төлөөлөгч Энди Митчелл “Тоглолтын өмнөх видео бичлэгт Хойд Солонгосын төрийн далбааны оронд Өмнөдийнхнийг гаргасанд тэд маш их бухимдаж, уурласан. Шигшээ баг болон БНАСАУ-ын Үндэсний олимпийн хорооноос бид уучлал хүссэн. Нэгэнт бидний алдаа байсан тул бид түүнийгээ хүлээсэн. Дахин ийм асуудал гаргахгүй байх арга хэмжээ авсан” хэмээн ярьжээ.

Мөн өчигдөр болсон бусад тоглолтод олимпийн аварга АНУ-ын шигшээ баг Францыг 4:2-оор, дэлхийн аварга Японы бүсгүйчүүд Канадын шигшээг 2:1-ээр, харин талбайн эзэн Их Британийн баг 1:0 харьцаатай Шинэ Зеландын багийг тус тус хожжээ. Түүнчлэн Бразилийн баг 5:0-ээр Камеруныг, Швед 4:1 харьцаатай Өмнөд Африкийн багийг буулган авсан байна.

Харин өнөөдөр олимпийн эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээн эхэлнэ.

С.ЦЭЛМЭГ
news.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих