Эрэгтэй, эмэгтэй хамгийн хөнгөн жингийн хоёр тамирчид ялагдлаа

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 37 жүдоч зодоглохоос ОУХМ Д.Төмөрхүлэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Бразилийн Фелипе Китадафайтай барилдахаар сугалаа таарсан талаар DM-Online өмнө мэдээлсэн бөлгөө. Төмөрхүлэг Фелипе Китадафайд 59 дэх секундэд юко, 3 минут 41 дэх секундэд базари үнэлгээ алдсанаар барилдаанаа дуусгалаа. Манай бөхийг ялсан Фелипе Китадафай дараагийн тойрогт Саудын Арабын Эйса Майжрашийг ялаад улмаар Узбекистаны Ришод Собировт ялагдан хагас шигшээд орж чадаагүй хэдий ч торгуулийн тойрогт Солонгосын Чон Ганг Хунг Италийн Вэрдэ Элио нарыг тус бүр юко үнэлгээгээр давж хүрэл медаль хүртжээ.

Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 48 кг-д зодоглосон ОУХМ М.Уранцэцэг эхний барилдаанд хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны бөх Александа Подрядоватай барилдахаар сугалаа таарсан талаар DM-Online өмнө мөн мэдээлсэн бөлгөө. Подрядовыг 1 базари, 1 торгуулиар ялсан манай бөх дараагийн тойрогт Бээжингийн олимпийн аварга Румины Алина Димитрид 1 базари үнэлгээр хожигдож хагас шигшээд шалгарч чадсангүй. Улмаар манай Уранцэцэг Бээжингийн олимпийн хүрэл медальт, Аргентиний тамирчин Паула Паретотой барилдан 2 торгуулж юкогоор ялагдаж хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхээ алдлаа. Румины Алина Димитри цаашид Японы Томоко Фукумиг ялж аваргын төлөө Бразилийн Сара Мэнэзэд хожигдож мөнгөн медаль зүүсэн бол Аргентины Парето хүрэлийн төлөө Белгийн Чарлайн Ван Сникт унажээ.

Ийнхүү эрэгтэй, эмэгтэй хамгийн хөнгөн жингийн хоёр тамирчид Лондонгийн олимпийн хүрэл, мөнгөн медалийн эзэд, Бээжингийн олимпийн аварга, хүрэл медалтуудад өвдөг шороодон үзэгчдийн суудалд шилжлээ.

 

DM-Online


URL:

Сэтгэгдэл бичих