Б.Хурц: Намайг тайван байлгаад өгөөч, тайван амьдармаар байна

АТГ-ын дэд дарга Б.Хурц төрийн дээд шагнал Д.Сүхбаатарын одонгоор энэ сарын 4-ний өдөр шагнуулсан талаар эх сурвалжууд мэдээлэв. Б.Хурцад төрийн дээд шагнал олгох болсон нь шалтгаан нь зарим эх сурвалжуудын үзэж буйгаар түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярт авлигын хэргээр эрүү үүсгэж, дөрвөн жил хорих ялаар шийтгүүлсэнтэй холбон тайлбарлаж байна. Н.Энхбаярыг шалгасантай холбоотойгоор Б.Хурцыг сайшаах нэгэн байгаа бол түүнийг дуулиант хэргийнх нь улмаас шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байна.

Францаас 2003 онд талийгаач Д.Энхбатыг хүч хэрэглэн баривчилсан явдал нь олон улсад ил гарч тэрээр жил гаруй хугацааг харь орны хорих төвд саатуулагдахад хүргэсэн. Хүн хулгайлсан энэ хэрэгт түүнийг олон нийт буруутгаж байдаг төдийгүй, Германаас учир битүүлгээр гэнэт суллагдаж ирсэн зэрэг олон асуултыг түүнээс нэхэх нь бий. Тэрээр энэ талаараа хэвлэлд нэг ч удаа ам нээж байгаагүй юм. Түүнтэй түрхэн зуур тааралдаж, асуултад хариулт авах гэсэн ч тэрээр татгалзаж байв. Өнгөрсөн оны 2011 оны 12 сард Авлигатай тэмцэх газрын шинэ удирдлага томилогдсоноос хойш тус газрын дарга нар ажилчдаа халж эхэлсэн талаарх мэдээлэл өдөр тутмын сонин хэвлэлийн хуудаснаа хөвөрч энэ талаар АТГ-ын удирдлагуудаас хариулт авахаар сурвалжилж байснаа хүргэе.

Б.Хурц: Намайг тайван байлгаад өгөөч, тайван амьдармаар байна
Авлигатай тэмцэх газрын шинэ удирдлага томилогдсоноос хойш тус газрын дарга нар ажилчдаа халж эхэлсэн талаарх мэдээлэл өдөр тутмын сонин хэвлэлийн хуудаснаа хөврөх болов. Хэвлэлд мэдээлэгдсэнээр 30 орчим ажилтнаа халсан гэх. Энэ талаарх мэдээллийг АТГ-ын холбогдох ажилтнаас авахаар тус газарт өчигдөр очсон юм.

АТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтантай уулзахыг хүссэн ч, харуул хамгаалалтын ажилтны хэлснээр тэрээр хэд хоногийн өмнө ажлаасаа гарсан гэнэ. АТГ-т хэвлэлийн ажилтан одоогоор байхгүй байгаа ажээ. Иймээс Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Т.Мөнхтунгалагтай уулзахыг харуулын ажилтан зөвлөв. Түүнтэй уулзлаа. Тус алба нь АТГ-ын хойд талд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн байранд түр хугацаагаар түрээсээр байрлаж байгаа юм байна. Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх албаны ажилтан Т.Мөнхтунгалагаас тус газрын ажилтнуудын халаа сэлгээний асуудлаар тодруулахад, “Би энэ талаар мэдэхгүй. Тамгын газраас асуусан дээр байх” гэсэн юм. Түүнтэй цөөн зүйлийг ярилцлаа.

-Танайх хэвлэлийн ажилтангүй байгаа болохоор би хэнээс мэдээлэл авах боломжтой бэ?
-Би сайн мэдэхгүй юм байна. Тамгын газраас асуусан дээр байх. Сэтгүүлчийнхээ эр зоригоор л мэдээлэл авч дээ. Ер нь аль ч газар шинэ удирдлага солигдоод халаа сэлгээний асуудал байдаг. АТГ-ыг сүүлийн үед цөөн тооны хэвлэлүүд санаатайгаар муулж бичиж байна. Тийм сонирхоод байх зүйл байгаа гэж үү. Өөртэйгөө гар нийлж ажиллах багаа бүрдүүлэх ёстой биз дээ. Түүнээс бүх нийтээрээ АТГ-ын үйл ажиллагааг буруутгасан зүйл ажиглагдахгүй байна.

-Би танай байгууллагыг буруутгах гэсэн санаа байхгүй. Ажилчдаа олноор нь халлаа гэх мэдээлэл хэр бодитой юм. Өөрсдөөс нь үнэн зөв мэдээлэл авахыг л хүссэнийг минь ойлгоорой?
-Би АТГ-ын үйл ажиллагаа, албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг болон дотоод асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй. Харин сургалт сурталчилгаа, хийж буй ажлынхаа талаар мэдээлэл өгч байж болох юм. Тамгын газрын даргатай уулзсан дээр байх.

Иймд АТГ-ын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяртай уулзах хүсэлтийг харуулын ажилтнаар дамжуулан хүслээ. Тэрээр уулзах боломжгүй ажил ихтэй байна гэдэг хариултыг өгсөн тул, ажлынх нь утас руу өөрөө залгахад, “Би ажил ихтэй байгаа тул уулзах боломжгүй байна. АТГ-ын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Ганболд даргаас асуусан” дээр байх гэв.
АТГ-ын дарга Ганболдтой уулзах хүсэлт тавьсан ч түүнийг гадуур ажилтай яваа гэсэн хариултыг өгөв. Гэтэл тэрээр тун удалгүй хоёр давхраас бууж ирлээ. /Харуулын ажилтан газрын даргаа байсныг мэдээгүй гэж тайлбарлав/

-Н.Ганболд даргаа таниас танай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хэдэн зүйлийг тодруулах гэсэн юм?
-Би уулзах боломжгүй байна. Дэд даргаас тодруулчих гэв.

Газрын даргын хэлснээр дэд дарга Б.Хурцтай уулзах хүсэлтээ мөн л харуулын ажилтнаар дамжуулан өрөө рүү нь утас цохиулав. Түүний туслах нь “Дэд дарга Б.Хурцыг хуралтай байгаа тул, уулзах боломжгүй байна” гэдэг хариултыг өгөв. Хэсэг хугацааны дараа мөн асуулгасан ч дээрх хариултыг өгсөн юм.

Иймээс АТГ-аас гарч 20-30 минут болсны дараа эргэж ирлээ. АТГ-ын дэд дарга Б.Хурц ажлынхаа үүдэнд нэг хүнтэй уулзаж харагдав. Гадагшаагаа гарч яваа бололтой, дөхөж очлоо. Уулзаж байсан хүнтэйгээ дуусмагц нь түүнээс яриа өдсөн юм.

-Сайн байна уу, Хурц дарга аа. Би хэвлэлээс явж байна. АТГ-ын үйл ажиллагаатай холбоотой хэдэн зүйлийг тодруулах гэсэн юм?
-Тэр дуугарсангүй. Миний хажуугаар зөрж өнгөрлөө.

-/Араас нь дагав/ Таниас юм тодруулах боломж байна уу?
-Би мэдээлэл өгөхгүй.

-/Би асуултаа давтав?/
-Би танай гэрт чинь орж ирээд элдэв зүйл шалгаагаад байвал яах вэ. Намайг зүгээр байлгаад өгөөч.

-Би таны гэрт ороогүй биз дээ. Ажил дээр чинь, ажлын чинь талаар юм тодруулахыг л хүссэн?
-Та нар намайг тайван байлгаад өгөөч. Би тайван амьдармаар байна.

-Би тантай анх уулзаж байна шүү дээ?
-Тэр дуугарсангүй. Машин руугаа ороод явчихав. /Өдрийн 13:00 цаг болж байсан тул цайндаа гарч буй бололтой/

АТГ-ын ажилтан, удирдлагуудаас ажилтнаа халж байгаа гэх мэдээллийг өөрсдөөс нь авахыг хүссэн ч ийнхүү талаар болов. АТГ-ын удирдлагууд хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгөхөөс татгалзаж, энэ байгууллагын талаарх мэдээлэл хаалттай байгааг нуух юун.

Т.АМУР (Gonews.mn 2011 он 12 сар 22)


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих