Дэлхий сөнөхийг майячууд 6000 жилээр алджээ

Дэлхий сөнөх үү? Зүй ёсны гэмээр ийм нэгэн асуулт буй. Ганцхан хариутай юм. Тэр нь мэдээж “сөнөнө” билээ. Учир нь, дэлхий үүссэн болохоор сөнөх тавилантай. Чухам хэзээ, хэрхэн гэдэг асуулт ямагт хариу шаардан оршсоор ирсэн бөлгөө. Дэлхий үүссэнийг байтугай өөрсдийгөө бий болсныг мэддэггүй бидний хувьд дэндүү хол асуулт нь тодорхой. Шашныхан хийгээд шинжлэх ухааныхан хоёулаа л эл асуудлын өмнө хүчин мөхөстсөөр байгаа юм. Хамгийн шинжлэх ухаанч гэгддэг Буддын шашин “Ертөнц үйлийн үрээр үүссэн тул үйлийн үрээр бөхнө” хэмээжээ. Шинжлэх ухааныхан ч үүнтэй ижил л санаа хэлдэг шүү дээ. “Дэлхийн нас дөхөж яваа” гэх дүгнэлтэд хүрсэн нь шинэ юм биш ээ. Хүн төрөлхтөн ийнхүү хол, ойрын юм эрэлхийлэн, эргэлзэн явтал “Маячуудын хуанли” гэх зүйл гарч ирээд, дэлхийн сүйрэл мөхлийн тухай яриа дэгдээж орхисон нь эхэндээ сониуч хүмүүсийн сонирхолтой сэдэв байснаа сүүлдээ бүр жир нэгний хэрэг болжээ.

Зуслангийнхаа байшинг дулаалаад, хүнсний нөөш бэлдэн, лааг хайрцаг, хайрцгаар нь авч, нүүрсийг халуун зунаар татах нэгнээс учрыг лавлавал, “Ирэх 12 дугаар сарын хорьдоор дэлхий сүйрэх юм гэсэн. Үгүй дээ л гурван өдөр, гурван шөнө харанхуйлах юм байх. Гэрэл, цахилгаангүй болно гэх. Тэгэхээр хотын байрнууд хөлдүүс болно биз дээ. Харин энд амьд үлдэж мэдэх юм” гэсэн нь санаанд орж байна. Хүмүүсийг ингэтэл нь төөрөлдүүлжээ. Чухам юунаас болоод тэгж байгааг нь сонирхвол ердөө л майячуудын гэх хуанли тэр өдөр төгссөнөөс үүдэлтэй аж. Тэдний календарь орчин үеийн календариас ч нарийвчлалтай нь анхаарал татдаг. Тийм зүйл бүтээсэн хүмүүс асар их оюуны чадавхитай байсан нь маргашгүй. Тиймээс тэд алдах нь юу л бол гэсэн асуулт гарах нь дамжиггүй билээ. Үүнд ч хариу бий. Тэд өнөөг хүрсэн хуанлитай нь сайхан хэрэг. Өөрсдөө бөхчихөөд байхад тэр нь байж л байна. Тэд хүн төрөлхтний хуанлиг хэдэн мянганаар урьдчилан хийдэг байж л дээ. Тэгээд 2012 оны 12 дугаар сарын 21 хүртэл зоочихоод үргэлжлэлийг нь хийхээр бэлдэж байж. Хүн л юм болохоор түр ч болтугай амарна биз дээ. Яг энэ үед нь тэдний соёл иргэншил мөхөж орхижээ. Ингээд дээрх календариа үргэлжлүүлэх боломжгүй болсон гэх хамгийн магадлалтай санаа ч байж болох.

Бидний хувьд 5000 он хүртэлх хуанли зохиосон байдаг гэл үү? Тэгээд бид ирэх 12 дугаар сард бөхөөд азаар үлдсэн харанхуй бүдүүлэгчүүд тэрнийг маань олж аваад, хүн төрөлхтний хуанли өнөөдөр дуусчээ. Дэлхий сөнөх нь баараггүй гээд байвал юу болох билээ. Түүн шиг л юм. Харин Германы эрдэмтэд маячуудын хадны бичиг, хуанлийг ул үндэстэй судлаад, тэд 6000 жилээр алдсаныг олжээ. Германууд нарийн улс нарийн тооцоо биз. Гэхдээ энэ онд дэлхийд ямар ч байсан нэгэн хувьсгалт өөрчлөлт гарна гэдэг юм шүү. Тэр юу ч байж болно. Тэгэхдээ лав сүйрэл бус гэдгийг баттай хэлэх байна даа. Манай соёл иргэншлийн нэрт зөнч Нострадамус, эрин зууны гэгдэх Ванга эмгэний зөгнөлд дэлхий сүйрэх тухай огт үгүй бөгөөд бүр 3000 он гартал өгүүлсэн таамаглал хэлснийг нь хүргэхэд таатай байна.
Г.Мөнхнасан (www.wikimon.mn)


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих