Улсын хэмжээнд хар тамхины гэмт хэрэгт 66 хүн шийтгүүлжээ

Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн байдлаар буюу 2007-2011 онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн талаарх судалгааг Улсын Дээд шүүхийн Судалгааны төв гаргажээ.

Дээрх хугацаанд энэ төрлийн 28 гэмт хэрэгт 66 хүн ял шийтгүүлсэн байна.

Судалгаанаас харахад мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэг харьцангуй олон байгаа нь анхаарал татаж байна. Тухайлбал, ийм төрлийн бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэргийн улмаас 62 хүн “шүүгджээ”. Ийнхүү олж авсан бодисоо хадгалсан гэмт хэрэгт 22 хүн, ийм төрлийн бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт 14 хүн холбогдсон аж. Мөн хар тамхи тээвэрлэсэн гэмт хэрэгт 10 хүн, борлуулсан гэмт хэрэгт 14 хүн тус тус шийтгүүлсэн байна.

Түүнчлэн хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт 7 хүн ял шийтгүүлжээ.

Үүнээс гадна ийм төрлийн бодисыг бэлтгэх, боловсруулах, хадгалах, бүртгэх, худалдах, хуваарилах, тээвэрлэх журмыг зөрчсөн гэмт хэрэгт 3 хүн шүүхээс ял сонссон байна.

2007-2010 оны байдлаар шүүхээр шийдвэрлэгдсэн “хар тамхины” гэмт хэргийн тоо харьцангуй тогтвортой буюу 2007 онд 3 гэмт хэрэгт 16 хүн, 2008 онд 2 гэмт хэрэгт 8 хүн, 2009 онд 4 гэмт хэрэгт 8 хүн, 2010 онд 5 гэмт хэрэгт 7 хүн тус тус ял шийтгүүлжээ. Харин 2011 онд 14 гэмт хэрэгт 27 хүн ял шийтгүүлсэн нь өмнөх 4 жилийн тоотой тэнцүү байна. Энэ нь өнгөрсөн онд шүүхээр шийдвэрлэгдсэн хар тамхины гэмт  хэргийн тоо ихээхэн өссөнийг харуулж байгаа юм.

Судалгаанаас үзвэл 19-30 насны залуус хар тамхины гэмт хэрэгт холбогдох нь харьцангуй олон байгаа аж. Тухайлбал, сүүлийн 5 жилийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт дээрх насны 50 залуу ял шийтгүүлсэн нь нийт ял шийтгүүлэгчдийн дийлэнх олонхийг буюу 75.8 хувийг эзэлж байгаа юм. Мөн насанд хүрээгүй буюу 17-18 насны 2 хүн хар тамхины хэрэгт ял шийтгүүлжээ.

Б.Хэрлэн


URL:

Сэтгэгдэл бичих