Жолооны ардах архи

Судлаач Д.Ганхуяг
Үүнийг би зүгээр л сонирхуулж байгаа юм. Олон улсад жолооны ард уувал яадаг тухай зарим мэдээлэл хүргэе гэж бодов.
Анх 1897 оны 9 дүгээр сарын 10-нд Лондонгийн таксины жолооч Жорж Смит гэж нөхөр согтуугаар машин бариад 25 шиллингээр торгуулиад хаяж. Энэ нь одооны ханшаар 130 орчим ам. доллар юм байна. Хамгийн гол нь энэ нөхөр дэлхийн анхны согтуу жолооч гэж түүхэнд үлдсэн байна. Үүнээс хойш бүх улсын хууль хуудсанд орж, шийтгэл нь улам чангарсаар өнөө үед хүрчээ.
АНУ
Согтуу анх удаа баригдсан жолооч (осол гаргаагүй) 300 доллараар торгуулж, эрхээ хагас жил хасуулна. Хэрэв мань эр арван жилийн дотор цагдаад хоёр дахь удаагаа баригдвал 5000 $, гурав дахь удаагаа 10.000 $-аар торгуулна. Ингэж давтсан нөхөр торгуулиас гадна 48 цагаас хагас жил хүртэл торны цаана сууна. Заримдаа согтуу жолооч нараар нийтийн ажил хийлгүүлдэг. Хэрэв согтуу жолооч үхэлд хүргэсэн осол гаргавал арван жил шоронд сууна.
Европын ихэнхи оронд согтуугаар жолоо барихыг эрүүгийн гэмт хэрэг гэж үздэг байна.
Испанид 2 жил, Финляндад 4 жил авдаг гэнэ.
Их Британид согтуугаар жолоодвол 7200 еврогоосоо салдаг байна.
Бельгид харин хамгийн хөнгөн 140 евро төлөөд нэг юм салдаг байна.
Германд бол торгууль анх удаагаа бол 500 евро, хоёр дахь удаа 1000 евро, гурав дахь 3000 евро болж өсдөг аж. Тэнд 0,5 промиль хүртэхийг зөвшөөрдөг, гэхдээ хоёр жилээс бага дадалтай, 21 нас хүрээгүй хүн үнэртүүлж ч болохгүй. Харин осол гаргавал амссан бүх хүнийг шийтгэдэг байна. Согтуу нөхдүүдийг жолоодох эрхийн тестэд оруулдаг бөгөөд энэ нь 500 еврогийн үнэтэй гэнэ. Үүний дараа эрхийг нь хураах буюу жолооны сургуулийн дахин бэлтгэлд явуулдаг байна. Энэ нь 300 еврогийн үнэтэй.
Францад согтуугаар машин баривал торгуулахаас гадна шүүхээр орно, хүнд тохиолдолд 150.000 евро, арван жилийн шорон хүлээж байдаг гэнэ. Энэ оны 7 сараас эхлэн жолооч нар “үлээдэг юм”-аа өөрөө авч явах хууль гаргажээ. Энийг нь авч явахгүй бол бас л торгоод хаядаг юм байна.
Скандинавын орнуудад торгуулийн хэмжээг санхүүгийн байдал, өөр буруу үйлдлийн тоо, жолоо барьсан хугацаа, сэтгэл зүйн байдал зэргийг харгалзан янз бүрээр тогтоодог аж.
Данид согтуугаар гурван удаа жолоо баривал машиныг нь шууд хураагаад авчихдаг юм байна.
Украинд согтуу жолоочийн эрхийг гурван жил хүртэл хасахаас гадна 2550-3400 гривенгийн (260-425 доллар) торгууль, 40-50 цагийн нийтийн ажил, 7-10 хоног баривчилдаг юм байна.
Сингапурт согтуугаар анх удаа баригдвал эрхийг нь нэг жил хасдаг гэнэ. Тэгээд торгоно, эсвэл хагас жилд шоронд сууна. Давтан үйлдвэл гурван жил суудаг байна. Харин осол гаргавал шоронгийн зэрэгцээгээр зургаан удаа ташуурдаж нэмж шийтгэдэг байна.
Японд согтуу жолоочоос гадна машинд нь сууж явсан зорчигчийг бас нэмж шийтгэдэг байна. Энэ зорчигч жолоочид сануулаагүйнхээ төлөө 3000 $-той тэнцэх мөнгөөрөө шатдаг байна. Чиглэлийн болон жуулчны таксины зорчигчид ч үүнд хамаарч торгуулдаг байна. Харин мань жолооч 8700 $-оор торгуулах буюу таван жил шоронд суудаг байна.
Хятадад бүр ч санаа амар. Буудчихдаг аж. 2009 онд согтуугаар машин барьж 5 хүн дайрсан нөхрийг цаазаар авчээ. Хурд хэтрүүлсэн ч шоронд ордог аж.
Таиландад бас л цаазын ялтай айхтар эд гэнэ.
Орост бол хууль хуудсаа чангалах гэж одоо ёстой үзэж тарж байна. Оросууд энэ тал дээрээ яахын аргагүй “манийхаа ах” мөнөөсөө мөн. Хуулиа хэлэлцэж байгааг нь ажихад манай “орос ах” нар үнэхээр “зовж” байна. “Зөөлөн хуультай” болох гэсэн нь шууд л архичин цолтой болох учраас ихэд болгоомжтой гүн ухаан мухаан гаргаад жигтэйхэн. Манайд яг ингэнэ дээ гэж бодохоос инээд хүрч байгаа юм чинь. Сайн мэддэг болохоороо оросуудын зовлонг “ойлгож” байна гэж жигтэйхэн…
Тэхээр “ах нарынхаа” яаж шийдэхийг сайн харж байгаад хууль хуудсаа чангалах ажил руугаа орохгүй бол энэ цөөхөн хүнээ бүгдийг нь дайрч алахаасаа сийхгүй болжээ, манайхан…
Энэ асуудлыг ярих болмогц л бөөн гүн ухаан мухаан болоод онол монол гаргаж ирээд замруулаад замхруулаад “алаад хаях”-ыг би мэдээд л байна л даа…

2012 оны 9 дүгээр сарын 25


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих