Ниргэсэн хойно нь хашгирахаа больцгооё

Монголын говиос Тарбозавр батаар үлэг гүрвэлийн ясыг хууль бусаар гаргаж, дуудлага худалдаагаар заран, их хэмжээний ашиг олсон Эрик Порокопи гэгчийг өнгөрсөн пүрэв гарагт баривчилсан тухай хэвлэлээр мэдээлж, монголчуудыг “баясгав”.

Энэхүү мэдээг сонссон монголчууд хэргийн эзэн нь баривчлагдсан нь сайн юм боллоо хэмээн өөрсдөө барьчихсан  юм шиг додигор сууцгаасан. Бид нээрээ сонин хүмүүс шүү. Салбарын сайд нь эх орноос нь хосгүй үнэт олдворыг гаргаад, дуудлага худалдаагаар зарах гэж байхад нь мэдээгүй гээд сууж байдаг хэнэггүй, тэнэг хүмүүс. Батаарын хэрэг бол ёстой л өнөөх ниргэсэн хойно нь хашгирсан хэрэг болсон. Хэрэв нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах тухай зар тараагүй байсан бол монголчууд бид Тарбозавр батаараа алдаж, нүдэн балай чихэн дүлий суух байлаа. Харин азаар дуудлага худалдаагаар хосгүй үнэтэй олдвороо алдах гэж байгаагаа мэдэж, хэргийн эзэн ч баривчлагдчихлаа. Эрик Прокопи гэгч Америк хэсүүлч  батаараар зогсохгүй олон үлэг гүрвэлийн хэрэгтэй холбоотой нэгэн. Монгол нутаг хөрсөн доороо зөвхөн нүүрс, зэстэй улс биш. Эх орны минь хэвлийд түүхийн хосгүй баялаг нуугдаж буйг харийн шуналтнууд хэдийнэ мэдчихээд, Монгол төрийн харалган бодлого, увайгүй түшмэдийг далимдуулан хулгайлсаар байгааг хэзээ зогсоох вэ?

Даяаршлын эрин зуунд хөл алдахгүй урагшлахын тулд хил давуулж алдсан өв соёлын үнэт зүйлсээ, үлэг гүрвэлийн ясны хэлтэрхий, чулуужсан өндөг, алт мөнгөн бурхад, уран баримлын “жогорхой”-г олж цуглуулах цаг нь болжээ. Алийн болгон хүний нутагт оччихоод  “Энэ чинь манайх байсан юм уу, би мэдээгүй юм байна” хэмээн мөрөө хавчицгаах юм бэ.

Харин ч биднээс илүү гадаадад гарсан зарим өв соёл маань найдвартай гарт, баталгаатай сан хөмрөгт нь орчихсон, хамгаалж, хадгалуулж байдаг нь сайшаалтай. Бидний мэдэх ОХУ-ын Санкт Петербургийн Эрмитаж, Францын Луврын музей, Японы Токиогийн музей зэрэг газруудад хадгалагдан байх энүүхэнд. Түүнчлэн хуучин нийгмийн үед Орос руу зөөж, хэлмэгдүүлэлтийн  сүүдэр дор хосгүй үнэт өв соёлоо үрэн таран хийснийг ч түүх гэрчилнэ.  Наян тохой Майдар, Жанрайсэгийн “сэг”-ийг бид Оросоос очиж авчирч байсан нь үүний жишээ. Харин 1990 оноос хойш эх орон задгайрч эзэнгүйдэхийн балгаар улс орныхоо  өнгөтэй, өөдтэйг хилийн чанад руу нууцаар зөөж, ил далд худалдан хувийн ашиг хонжоо хайгчид даварсаар даварсаар эх орныг минь цөлмөж байгааг бид харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг суухаа болих цаг иржээ. Дэлхийд гадагшаа алдсан үнэт олдвор, баялгаа буцааж авдаг арга туршлага байсаар байна. Хэдэн жилийн өмнө Хятад улс олон жилийн өмнөх олдвороо дуудлага худалдаагаар дамжуулж эх орондоо буцааж байсан шүү дээ. Тэр нь юм мэдэхгүй нэгэнд бол шавар ваарны хэлтэрхий байсан биз. Гэтэл шаазан үйлдвэрлэлээрээ дэлхийд гайхуулдаг, түүнийхээ  нууцыг хадгалдаг Хятадад бол асар их өв соёл, дахин давтагдашгүй баялаг нь байсан нь мэдээж. Гэтэл монголчууд бид өмнийн говиосоо алдсан үлэг гүрвэлүүдээ буцааж авчрах гэхээр хадгалах музей байхгүй гээд сууж байдаг арчаагүй хүмүүс. Далласын наймаачид ямартай ч монголчууд бидэнд “тус” хүргэлээ. Хэдэн арван жилийн өмнө  алдсан үнэт олдвороо олж авахад минь “дэм” боллоо. Дэлхийгээр тархсан монголчуудаа эх орондоо ирэхийг ерөнхийлөгч маань уриалсан. Тэгвэл одоо дэлхийгээр нэг тарсан өв соёлын үнэт зүйлсээ цуглуулах цаг болжээ. Уг нь эзэн нь юм аа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдэг дээ.


URL:

Сэтгэгдэл бичих