УИХ-ын сонгуулийн үед гарсан хууль зөрчсөн асуудлыг Ардчилсан нам хүлээн зөвшөөрөхгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2012.10.22/ ээлжит хуралдаанаа хийж, хоёр асуудлыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн болон холбогдох бусад хуулийн төслүүдээр бүлгийн санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ардчилсан намаас байгуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.

 

УИХ-ын гишүүн Г.Болороор ахлуулсан тус ажлын хэсгийн мэдээлэлтэй холбоотойгоор бүлгийн гишүүд санал бодлоо илэрхийлж хэд хэдэн асуудалд анхаарлаа хандуулах нь зөв гэж үзэв. Тухайлбал, УИХ-ын 2013 оны төсвийн тухай хуультай холбоотой нийгэмд тарж буй эерэг сэрэг мэдээллийг баталгаажуулах, нэг цэгцтэй ойлголттой мэдээлэл өгөх чиглэл рүү ажиллах нь зүйтэй хэмээн санал нэгдэв.

 
Үүнд Ерөнхий сайдын багцад буй шинэчлэлийн төсөвт багтсан 50 тэрбум төгрөгийг ямар зүйлд зарцуулах, Оюутолгойн ордтой холбоотой олон янзын байр суурь бий болсныг нэг тийш нь болгох, Багш, эмч нар тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх урамшуулал авах 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө гаргасан хуультай холбоотой асуудал зэрэг анхаарал татаж буй асуудлуудаар бүлгийн гишүүд байр сууриа солилцов.

 
Ерөнхий сайдын багцад багтсан 50 тэрбум төгрөгийг ямар зүйлд зарцуулах талаар Засгийн газар их хуралд танилцуулах нь зүйтэй гэж үзлээ. Оюутолгойн ордтой холбоотой гэрээний өөрчлөлтийг хийхэд бэлэн байгаа ч өсөн нэмэгдэх роялти татварын тухай асуудлаар зарчмын байр сууриа хатуу хадгалах ёстой гэж үзэв. Үүнээс гадна хүн амын орлогын албан татвартай холбоотой асуудлыг ч мөн эргэн харж үзэх нь зүйтэй гэв.

 
Олон жил жил ажилласан багш нар тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж, тэтгэлэг авах хуулийн тухайд монголд 30 гаруй мянган багш байдаг бол харин 116 мянган төрийн үйлчилгээний албан хаагчид байгааг мартах учиргүй гэдгийг бүлгийн гишүүд онцоллоо. Төрийн үйлчилгээний эмч, багш нар тэтгэвэрт гарахдаа 18 сарын тэтгэмжийг авдаг байсан бол үүнийг 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө эдийн засгийн ямар нэгэн тооцоо, үндэслэлгүйгээр зөвхөн багш нарын тэтгэвэрт орж буй тэтгэмжийг 36 сар болгосон асуудал нь нийгэмд ямар үр дагавар дагуулах вэ гэдэгт Ардчилсан нам нухацтай хандах ёстой гэв.

 

Эдгээр ажилтанд нийтээр нь 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгох нь нийгэмд сөрөг үр дагавар авчирч болох талтай гэж үзэж байна. Учир нь төрөөс дээрх тэтгэмжид зориулж дунджаар жил болгон 150 тэрбум төгрөг олгохоор болж буй.Түүнчлэн боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын тэтгэмжид Засгийн газар илүү анхаарах ёстой юу, эсвэл өнөөдөр ажиллаж буй төрийн үйлчилгээний албан хаагчдын чадвар, мэдлэг боловсрол бүтээмжид илүү анхаарч урамшуулах нь зүйтэй гэдэгт бүлгийн гишүүд санал солилцов.

 
Харин дараа нь цаг үеийн буюу Өвөрхангайн тойрогтой холбоотой асуудлыг Ардчилсан намын бүлэг авч хэлэлцлээ. УИХ-ын гишүүн болон жирийн иргэн хэн ч гэсэн хуулиа сахиж мөрдөх ёстой гэдэг талаас нь бүлгийн гишүүд онцгойлон авч үзлээ. Асуудлыг зөвхөн Өвөрхангайн тойрог болоод Г.Батхүү, Д.Зоригт нарын нэр дэвшигчийн асуудал мэт гуйвуулж болохгүй.

 

2012 оны УИХ-ын сонгуулиар шинэчлэгдсэн төр засаг, хуулийг эрхэмлэх, баримтлах, хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох асуудал руу эрчимтэй ажиллаж байгааг нийгэм хүлээж авч байгаа гэдгийг бүлгийн гишүүд хэлж байлаа. Сүүлийн үед хийгдэж буй бүтээн байгуулалт хурдацтай чанартай хийгдэж байгаа нь салбар салбартаа хуулиа дээдэлж эхэлсний илрэл гэдгийн мөн тодотгож байв.

 

Гэтэл УИХ буюу хууль тогтоогч нар хууль сахидаггүй ажлыг өдөөж байгаад бүлгийн гишүүд зарчмын байр суурийг илэрхийлсэн. Ялангуяа УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаас эхлээд МАН-ын хууль зөрчсөн асуудлуудад Ардчилсан нам зарчмын байр сууриндаа хатуу байх ёстой гэж бүлгийн гишүүд үзлээ.

 
Тэр тусмаа УИХ-ын сонгуулийн явцад гарсан хууль зөрчсөн асуудлыг Ардчилсан нам хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Өвөрхангай аймгийн тойрог ч мөн үүнтэй хамаарна. Эд мөнгө тарааж, санал худалдан авсан нь мөрдөн байцаалтын явцад байгаа ажил. Хэдэн хүний санал авсан нь хамаагүй, худалдаж авдаг асуудлыг үүгээр цэг тавих нь чухал.

 

Өөрөөр хэлбэл сонгуулийн санал худалдаж авах, эд мөнгө тараах зэрэг хууль зөрчиж буй бусад асуудлыг ч мөн хууль зөрчиж шийднэ гэж байхгүй хэмээн бүлгийн гишүүд үзлээ. МАН-ынхан Төрийн ордонд хоёр хоног эсэргүүцэл илэрхийлэхдээ Монгол Улсын Төрийн ордны хамгийн энгийн хуулиудыг зөрчсөн ч Ардчилсан намын бүлгийн гишүүд хүндэтгэлтэй хандаж байгаагаа илэрхийлэв.

 
Увс, Завхан, Орхон, Дархан-Уул гээд сонгуулиар хууль зөрчсөн тойргуудын асуудлыг хууль хяналтын холбогдох байгууллагууд шалгаж байгаа. Эдгээр нь тогтоогдож иргэдийн саналыг худалдаж авахад нөлөөлсөн нь нотлохдох юм бол УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг байх ёстой. Хэрэв хууль зөрчдөг, санал худалдан авдаг байдал үргэлжилсээр байх юм бол цаашид Монгол Улсын сонгуулийг шударга явах тухай ойлголтыг устгаж буйтай ижил ойлголт болно гэдэг бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэлээ гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны Олон нийтттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих