Ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын даргын төрсөн өдрөөр амрах уу

Ийм бодол ямар долигнуурын сэтгэлд амилж байгаа бол. Магадгүй хотын хоёр даргынхаа төрсөн өдрийг нийслэлийнхэн өргөн тэмдэглэж. амралтын өдөр болгоё гэсэн санаа ч хэн нэгний тархи, толгойд эргэлдэж байж болох юм. Саяхан УИХ дээр ширүүн маргаан өрнөж, эзэн Богд Чингэс хааныхаа төрсөн өдрийг энэ сарын 14-нд гүн хүндэтгэлтэй тэмдэглэж, амралтын өдөр болгох, Бурхан багшийн дүйцэн өдрийг бас ийм маягаар тэмдэглэх гэхчилэн олон санал, санаачилгууд уралдаж, заримыг нь УИХ зөвшөөрөөд шийдвэрээ гаргачих шиг боллоо. Зэрэгцээд улс тунхагласны ойн амралтыг больж байна. Миний хувьд ой, баяр наадам тэмдэглэхийг эсэргүүцдэг хүн биш. Харин амралт, архидалтын өдөр болгохыг хатуу эсэргүүцдэг хүн.

Одоогоос 20-иод жилийн өмнө анхны Ерөнхийлөгч маань ажлын зургаан өдрийг тав болгож билээ. Үүнийгээ хувийн хэвшлийнхнийг дэмжиж байгаа юм. Долоо хоногийн хоёр өдөр нь хувийн аж ахуй дээрээ ажиллаж байг хэмээн тайлбарлаж байсан. Энэ нь тухайн үедээ зөв арга хэмжээ байсныг үгүйсгэхгүй. Би “Архидалтыг дэвэргэлээ. Ядуу Монгол Улс ажлын таван өдөртэй болох болоогүй” хэмээн бичиж, ярьж байсансан. Тэр үед намайг нэг хүн сониноор шүүмжилж, “Эргүү толгой минь чи Ерөнхийлөгчийн санал санаачилгыг эсэргүүцдэг юу юм. Манай Ерөнхийлөгч улс орноо хөгжүүлэх ард түмнээ баян чинээлэг амьдруулах алсын хараатай бодлого хэрэгжүүлж байна” гээд авсан байгаа. Өнөөдөр ажлын таван өдөртэй Монгол Улс хөгжлийн ямар түвшинд, ард түмэн ямар амьдралтай байгааг нуршилтгүй биз ээ. Монгол Улс “Бар” улс биш. “Баар” улс болсон. “Арслан” улс биш, “Архичин” улс болсон. Та хараарай. Монгол Улсад тав дахийн баасан гаригийн үдээс хойш ажиллаж байгаа албан газар, ажилтан хүн байна уу, үгүй юү. Телевизээр харуулж байна билээ. Нэг том агентлагийн бүх өрөө, тасалгаа нь цоожтой байна билээ. Хувийн унаатай нь гэр бүлийнхнээ аваад, унаагүй нь автобус унаа хөлслөөд хөдөө тийшээ амралт, сувилал, жуулчны бааз гээд алга болох юм даа. Баасан гаригийн оройноос эхэлж архидаад бүтэн сайны орой хөл нь энд, тэнд гишгэсэн, хэл нь юу гэж байгаа нь ойлгогдохгүй хүмүүс ирцгээж байна. Даваа гаригийн үдээс өмнө шараа тайлаад, үдээс хойш ажил дээрээ үзэгдвэл үзэгдэнэ.

Өнөө зун би зориуд хотын ойролцоох уулын амуудаар явж үзлээ. Тэрэлжид л гэхэд 200 орчим жуулчны бааз байдаг гэнэ. Налайх, Тэрэлжийн дарга нар бараг бүгдээрээ тэнд жуулчны баазтай. Ганц, хоёрхон гэртэй. “Жуулчин” авдаг байр ч байна. Жуулчнаас хатдаа, Эхнэр нөхрөөсөө дайжсан хүмүүс ирж, хоноглодог газар гэх юм билээ. Би нэг жуулчны баазад очиж хонолоо. Баасан гаригийн үдээс хойш “жуулчид” машин машинаараа асгаж байна. Эхлээд хоол, унд идэж, аяга тагш юм балгаад сайхан байцгаах юм. Дуулж, бүжиглэж байна. Тэгэлгүй яахав. Сүүлдээ л дуун нь чангарах юм даа. Шөнөжин үймэлдэж, хэд хэдэн газар зодолдлоо гэнэ. Үүр цайж байхад шалдан хүүхэн, “Үсэрч үхнэ” гээд хад уруу авирч гэнэ. Нэг настайвтар согтуу нөхөр жорлонд уначихаад, бараг л кран авчирч татаж гаргасан гэх. Өглөө босоод харсан чинь тэр хавь ямар хөөрхийлөлтэй болсон байв. Би бичихээсээ огиудас хүрч байна. Манай нийслэлийнхэн өнөөх олон баяр наадам, амралтын өдрүүдийг ингэж өнгөрөөж байгаа.

Аймаг, сумынхан үүнээс ч илүү өргөн тэмдэглэдэг болсон гэх. Тэр их амралт, архидалт хичнээн ч хүний аминд хүрэв дээ. Ямар олон хүнийг эрэмдэг, зэрэмдэг болгов. Ийм байхад эрх мэдэлтнүүд амралт, зугаа цэнгэлийн өдөр нэмээд байдаг нь зөв юм уу. УИХ-ын чуулган дээр С.Дэмбэрэл гишүүн “Амардаг биш, ажил хийдэг монгол болъё. Ажлын зургаан өдөртөө эргэж оръё” гэсэн. Аргагүй л улс орон, ард түмнээ бодсон санаа юм даа гэж бодоход хүргэнэ билээ. Өнөөдрийн Монголд амралт нэмлээ гэдэг чинь архидалт нэмлээ л гэсэн үг. Архи үйлдвэрлэлт, архидалтаараа монгол маань үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрчихээд байгаа. Төр засгаас архидалтай тэмцэх арга хэмжээ авч байгаа царайг нь!

Архины онцгой албан татварыг хэдэн хувиар нэмээд л орхичихсон. Тэр нь архины үйлдвэрлэл борлуулалт, хэрэглээнд нөлөөлж байгаа юм огт байхгүй. Ард түмний тасрах гэж байгаа нуруунд л дарамт болж ирсэн. Архи үйлдвэрлэдэг, борлуулдаг нь хэвээрээ. Далимдуулаад архиныхаа үнийг бараг 50 хувь нэмчихсэн. Ядарсан ард түмэндээ л бас нэг дөнгө зүүсэн. Миний бодлоор бол хэмжээ хязгааргүй баяр, наадам, амралт, архидалтын цаг хугацааг багасгаж, хатуу хяналт тавимаар байна. Хувийн архины үйлдвэр, архи борлуулдаг цэгүүдийг хумиж өгмөөр байна. Шалгалт явуулаад хаах гэхээр бараг бүгдийнх нь ард сайд, дарга нар байдаг, шалгалтынхан руу утасдаж дарамталдаг гэсэн.

Шударга зоригтойхон аавын хүү гарч ирээд, зоримог тэмцэл явуулахгүй бол бид архин далайд живсээр л дуусах байх. Ийм нөхцөлд хэн нэгэн эрх мэдэлтэн дээшээ харан хэвтэж байгаад, амралтын өдөр нэмэх “аятайхан санаа” гаргаж ирээд баймааргүй байна. Би онцлог ой, төрсөн өдрийг тэмдэглэхийг буруу гээгүй шүү. Амарч архидалгүйгээр даруухан тэмдэглэчихдэг бол болно. Манайханд чинь дээшээ долигонож амь зуудаг хүмүүс олон болчихож. Магадгүй, хэн нэгэн нь “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргынхаа төрсөн өдрийг ергөн тэмдэглэж, бүх нийтийн амралтын өдөр болгоё” гэж бодоод хэвтэж байхыг байг гэх газаргүй.

Г.Жамъяан (МУСГ

З)


URL:

Сэтгэгдэл бичих