Энэтхэгүүдийн 30 сая, Балбуудын 42 хувь нь Монгол гаралтай

Доктор, профессор О.Нямдаваа сүүлийн жилүүдийн судалгаандаа түшиглэн “Дэлхийн монголчууд” хэмээх ном бичжээ. Тэрээр энэ сэдвээр дагнан судалгаа хийж буй цөөн эрдэмтний нэг. Түүний номд түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Хайсандай мялаалгын үг бичихдээ “Монголчууд, монгол угсаатан үндэстний дэлхийн олон оронд тархан суурьшсан агаад тэдний амьдрал ахуй, хэл соёл, хүсэл тэмүүлэл, үзэл бодлыг судалж, тодорхой бүтээл туурвиж буй доктор Ойдовын Нямдаваад халуун баяр хүргэх учиртай.

 

Яагаад гэвэл энэ талаар уйгагүй шаргуу хөдөлмөрлөж байгаа эрдэмтэн билээ. Тэрбээр Энэтхэг, Иран, Афганистан, Пакистан, Балба, Шриланка, Бангладеш, Тайланд, Орос, Хятад, АНУ зэрэг олон оронд аж төрөн суугаа монгол удам угсааны үе үеийн хүмүүсийн талаар судалгаа хийж, эрдэм шинжилгээний энэхүү бүтээлээ туурвисан нь олзуурхууштай.

 

Энэ нь Монголын түүхийн шинжлэх ухаанд, дэлхийн монгол судлалд цоо шинэ, үнэ цэнэтэй, бие даасан судалгаа мөн бөгөөд анх түрүүн энэ асуудлыг эрдэм судлалын үүднээс дэвшүүлэн гаргаж тавьж буйгаараа нэн сонирхолтой, шинэлэг, онцлог талтай юм. Үүгээрээ энэ тапын судалгаа нь зөвхөн эрдэм шинжилгээний төдийгүй улс төрийн, Монгол Улсын хүн амын өсөлт, монгол төрийг хүчтэй болгох ач холбогдолтойг онцлон тэмдэглэж байна” хэмээжээ.

Дэлхий нийтийн өмнө улс, үндэстэн бүр өөр өөрийн үүрэг, хариуцлагыг хүлээх авч иргэд нь харилцан зорчиж уулзах, өвөг дээдсээ хамтран эргэн дурсах, тухайлбал хаана ч харьяалагдаж байсан монгол гаралтай хүмүүс түүнийгээ нотлон баталгаажуулах нь байж болох энгийн зүйл. Аливаа үндэстнээс гаралтай хүмүүс өөр улс, үндэстний дотор харьяат болон харьяат бусаар амьдарч байгаа ч өвөг дээдсийнхээ уугуул нутгийг дурсан санах, тэднийхээ баатарлаг түүх, гэрэлт ирээдүйг сэтгэлдээ тээж, түүгээрээ бахархах нь хувь хүний эрхийн асуудал юм.

 

Тийм ч учраас номын зохиогч монголчууд, монгол гаралтай хүмүүсийн талаар судалж явахдаа тэд харьд суурьшсан цагаасаа нутаг усаа, өмнөх үе удмынхныхаа төрж өссөн, амьдарч асан уул ус, хот сууринг сэтгэлдээ төсөөлж, амьддаа нэг үзэхийг хүсч явдгийг мэдэрчээ. Түүнийг илэрхийлж зохиогч бичихдээ “Ертөнцийн өнцөг булан бүрт амьдарч буу монгол гаралтнууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг сэтгэлдээ дээдлэн тээж, тэр зүг оюуны мэлмийгээ сунган байдаг” хэмээсэн байна.

 

Харин өдгөө Монгол Улсад амьдарч буй монгол хүн бүр тэдний тэрхүү сэтгэлийн торгон мэдрэмжийг зөв ойлгон хүлээн авч, соёл, уламжлал, хэлээ хадгалахад нь туслах, даяаршлын орчинд монгол гэдгээрээ омогшин үлдэхэд нь дэм үзүүлэх учиртай. Харамсалтай нь социализмын үед ингэж чадаагүй ч одоо өөр өнцгөөс харах, хандах бүрэн боломж бидэнд бий болжээ гэж зохиогч өгүүлсэн байна.

 
Тэрээр “Их Монгол Улсыг үндэслэгч эзэн Чингис хаан, түүний залгамжлагчид шиг агуу хүмүүс хоёр мянганы тэртээ Хүннү гүрний үед ч олон байсан. Хүннү гүрэн задарснаар монгол гаралтнууд малчин хүмүүс учраас бэлчээрийн сайхныг хөөн их нүүдэл хийжээ” гэж бичсэн байна. Хүннүчүүд бол монголчууд, монголчууд бол хүннүчүүд гэдгийг эрдэмтэд өдгөө хүлээн зөвшөөрч байгаа юм.

 

Тиймээс олон улсын монголч эрдэмтдийн X их хурал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлэхдээ “Энэ жил Монголын Тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэж байна. Үүнийг бид Хүннү гүрэн байгуулагдсан гэж ярьж байгаа. Хүннү гүрэн бол Монгол, Монгол бол Хүннү гэдгийг манай орны болоод гадаадын олон монголч эрдэмтэд судлаачид нотолсон.

 

Хүннүчүүдийн ахуй амьдрал, соёл, бүх зүйл нь Монгол. Тиймээс Монголын анхны төрт улс бол Монголын газар нутаг дээр үүссэн, монголчуудын буй болгосон Хүннү гүрэн. Энэ нь Монголын төрт улсын эхлэл гэж үзэж байгаа” хэмээсэн байдаг. Хүннүчүүд манай эриний V зууны эхнээс VI зууны төгсгөл хүртэл Энэтхэгийн Кашмир, Гандхарад нүүн суурьшсан төдийгүй тэнд зонхилох олонх, эрх мэдлийг атгагчид байжээ.

 

Хожим нь XIII-XVI зуунд Чингисийн удмынхан Делид ирж, монгол хот буюу монгол пури байгуулсан байдаг. Энэтхэгийн хөдөөгийн хот тосгодод Монголд байдаг шиг буддын сүм хийд байхыг ч зохиогч харсан аж. Гэхдээ тэд оршин тогтнохын тулд лалын шашинд орж, султануудын охидтой гэрлэж байжээ. Хожмын монголчууд, тухайлбал Чингис хааны хүү Цагаадай ч лалын шашинд орж, шинэ исламууд хэмээн нэрлэгдэх болсон байна.

 

Ер нь Энэтхэгийг 1562 -1757 он хүртэл буюу Бабураас Шах Жахан хүртэл монголчууд захирч эх оронч урлаг, утга зохиолыг хөгжүүлж, энхтайван хөгжил цэцэглэлийг бий болгоход том хувь нэмэр оруулсан байна. Энэ үед Перс, Төв Ази, барууны зарим оронтой харилцаа холбоо тогтоож, худалдаа наймааг дэлгэрүүлж, хиндучуудыг дэмжиж байжээ.

 

Тэгээд ч тэр үү Жавахарлал Неру “Монголчууд Энэтхэгт эзлэн түрэмгийлэхээр бус, суурьшихаар ирсэн юм” хэмээн бичсэн байдаг. Одоо Энэтхэгт монголчуудын омог аймгаас гарал үүсэлтэй 30 сая хүн зүүн хойд хэсэг болон Гималайн уулсын хөндийгөөр нутагладаг юм байна. Тэнд Мон, Хүн, Кират, Ойрат, Хотон, Бодо, Хасис гэхчлэн 200 гаруй монгол омог байх.

 

Тэд мал аж ахуй эрхлэхийн сацуу эрийн гурван наадмаа уламжлан иржээ. Манипурчууд морин хууртай их төстэй хөгжимтэй, бас чулуун овоо босгож, сүүгээр өрөм байлгана. Хүндэтгэдэг хүнээ нэрээр нь дуудахгүй бөгөөд хутгыг ир, үзүүрээр нь хүнд өгөхийг цээрлэнэ. Энэ хүмүүсийн гадаад байдал, явах, сэтгэл санаагаа илчлэх нь монголчуудтай тун төстэй. Ладах, бутан, сикхимчүүд монгол маягийн дээл, гутал өмсөнө. Жимс түүхдээ араг үүрнэ.

 

Хөх толботой төрнө. Сарлаг, адуу, хонь, ямаа өсгөнө. Адуу нь Монголынх шиг жижиг биетэй. Нохой нь манай банхаруудтай адил. Айраг исгэж, тогоо нэрнэ. Бяслаг, ааруул хурууд хийж, самар, хач гургимээр амталсан сайхан цай чанана. Зарим нь бүр хийцтэй цай чанана. Нагаланд, Манипурид монгол үндэсний бөхтэй адилхан арга барилаар бөх барилдана. Бөхийг мукна гэнэ.

 

Эмэгтэйчүүд нь оюу, шүр, сувд, хаш, гартаам, мана, алтаар гангарна. Монгол гаралтай хүмүүс хамрын тамхиар тамхилцгаана. Хүүхдийн сэвлэг үргээнэ. Бэр гуйж, инж өгнө. Хүүхдийн нэрийн өмнө эцгийн нэрийг бичих бөгөөд эхнэр нь нөхрөө, хадмаа нэрээр нь дуудахгүй.

Балбуудын /непалуудын/ 61 омгийн 56 нь монгол, монгол гаралтай аж. Засгийн газрын нь мэдээллээр хүн амын 37.2, албан бусаар бол 42 хувь нь монгол гаралтай гэж үздэг бөгөөд энэ нь 10 сая орчин хүн гэсэн үг болой. Тэд Энэтхэг, Афганистан, Төвд, Хятад, Мьянмараар дамжин суурьшжээ. Эхний хэсэг нь III-IV зуунд, сүүлчийнх нь XIII-XVI зуунд нүүдэллэн ирсэн байна.

 

Тэд Монголоороо их омогших дуртай. Монгол үндэсний хөдөлгөөн, Монголын дуу хоолой, монгол зүрх сэтгэл гэх мэт үг олонтоо сонсогдоно. 2009 онд ардчилсан Засгийн газар байгуулагдсанаас хойш “Монгол мисс” хүртэл шалгаруулах болжээ. 2012 оны Монгол мисс шалгаруулахад тус улсын 17 мужаас охид ирж оролцжээ. Энэ бол непалчуудын дунд монголчууд их өргөн тархан суурьшсаныг илтгэх баримт болов уу.

 

Энэ хүмүүсийн соёл, уламжлал, хоол, хувцас монголчуудынхтай их төстэй. 2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Балбад айлчилж, олон нийттэй уулзахдаа “Би та нартай адилхан харагдаж байна уу?” гэхэд удтал алга ташжээ. Бас нэг зүйлийг сонирхуулахад эрт цагт монголчууд тэмээн жингээр Непалд очдог байсан гэдэг. Гэсэн атлаа монголчууд тэднийг балба гэх. Учир нь тэд Непалын Балба мужид очиж худалдаа хийдэг байжээ.

Дундад Ази, Персийн буланд монгол гаралтай хүмүүс олон байдаг. Хүннүгийн үед ч, Цагаадайн үед ч монголчууд шилжин суурьшжээ. Узбекстан, Туркменстан, Киргизид голлон ул мөрөө үлдээжээ. Эдгээр үндэстний хэлд Чингис хааны үеийн үг хэллэг олон бий. Афганистаны хүн амын 20 хувь нь хазарчууд. Бараг 7 сая хүн.

 

Тэд бол моголчууд, доголон Төмөрийн удам угсааныхан. Соёл, уламжлалын төстэй зүйлүүдээс гадна монгол, хазар хэлд ижил үг олон бий. Жишээ нь улс, аймаг, хаан, ноён, нөхөр, цэрэг, харуул, туг, сандал, таяг, жил, толгой, тохой, гар, алга, нагац, хайр, хөнжил, бээлий, хайч, хурууд, борц, хуц, буга, шагай, гол, бороо гээд л үргэлжилнэ. Тэд бас бөх барилдаж, морь уралдуулж, шагай харвана. Боодог хийнэ.

 

Иран, Пакистанд хазарууд, монголчууд бас бий. Пакистанд 1-2 сая, Иранд цөөвтөр тоогоор амьдардаг. Иран буюу Персийг хүннүчүүд 484 онд эзэлж байсан бол 1256-1335 онд Монголын Ил хаант улс байжээ. Хүлэг анхны Ил хаант улсыг байгуулсан юм. Рашидад Диний бичсэнээр Хубилай хаан түүнийг ил хаанаар өргөмжилжээ. Ил хаан гэдэг маань зах хязгаарын хаан гэсэн үг. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хүлэг хааны байгуулсан Өлзийтхааны бунханд зочилсныг монголчууд сайн мэдэж байгаа билээ.

 
Солонгосууд монгол гарал үндэстэй гэдэг. Профессор Хуюнг-Гук Чо бичихдээ “Умард монголчууд солонгосуудын уг үндэс* гэжээ. Тэд 10 мянган жилийн өмнө Солонгосын хойгт нүүдэллэн суурьшсан байна. Ялангуяа Чэжү аралд нэлээд хожмын монгол гарлын хүмүүс амьдардаг гэдэг. 1923 онд олдсон хүний яс монголчууд уугуул нутагтаа 20 мянган жилийн өмнө амьдарч байсныг нотолдог.

 
Мьянмарт хойд болон зүүн хойд хэсгээр нь монгол гаралтай хүмүүс амьдардаг аж. Хүмүүс нь Хубилай хааны ач хүү Ису Тимур 20 мянган цэргийн хүчээр Мьянмарыг 1283 онд эзэлсэн бөгөөд нутгийн нэгэн ухаант лам тэднийг буцаан гаргах гурван учир шалтгаан байна хэмээн тайлбарлаж ятгасан тухай ярьдаг ажээ. Нэгд, халуун орон учир цаг агаар нь, хоёрт, мьянмарууд ногоо голлон иддэг цагаан хоолтон тул хүнс нь тохирохгүй, гуравт, бид шашин ном адил учраас эзлэн суурьших зохимжгүй хэмээн тэр лам Бээжин орж Хубилай хаанаас гуйжээ.

 

Энэ баримт Ваган хотын архивт хадгалагдан үлдсэн байна. Мөн хожим нь энэ хотод монголчууд бясалгалын сүмийн ханыг будаж, тохижуулсан баримт бий гэх. Үүнээс үзэхэд Юан гүрний үед монголчуудын зарим нь энд суурьшсан бололтой. Мьянмарт 120 омгийн хүмүүс байдгийн гол хоёр нь гаднаас ирэгсэд. Нэг нь хятад, төвдүүд, нөгөө нь монкхмерүүд.

 

Тэд дотроо олон жижиг бүлгүүдэд хуваагддаг бөгөөд мон, чин, шан, катку, лису, холан лишав, качин нар монголчуудтай төстэй. Холан лишавчууд Хятад, Мьянмарын хилийн дагуу амьдардаг, монгол дээл, гутал өмсдөг байна. Коканг бүсгүйчүүд дээл, бүс хэрэглэдэг, түлээ зомгол цуглуулахдаа араг үүрдэг. Бас монгол гаралтай хэмээх хүмүүс чулуугаар овоо босгодог. Бөхийн барилдаан нь монгол бөхийнхтөй их төстэй.
Тайчуудыг бас монгол гаралтай хэмээнэ. Тэд голдуу Чанг май нутагт амьдрах. Монголд уг нь тай омгийнхон гэж байсан. Тэдний зарим нь энд нүүдэллэн ирсэн байж болох хэмээн зарим эрдэмтэн таамагладаг. Юан гүрний үед монгол цэргүүд Хятадын өмнөд хилийн орчим буудаллаж байжээ. Тэднээс зарим нь энд ирсэн байжч болох. Тайлацдын албаны эх сурвалжаас үзвэл хүн судлал, угсаатны зүй, үгийн гарал зүй судлаачид таван таамаг дэвшүүлсний нэг нь “Алтайн уулсаас шилжин суурьшсан” гэжээ.
Хятадад 5.8 сая монголчууд амьдардаг. Үүний 68.72 хувь нь Өвөрмонголд, 11.52 хувь нь Лиаонинг мужид, 2.96 хувь нь Жилин, 2.92 хувь нь Хэбэй, 2.43 хувь нь Хэйлонгжиан, 1.48 хувь нь Цинхай, 1.41 хувь нь Хэнан мужид, 2.58 хувь нь Шинжааны өөртөө засах тойрогт, 5.98 хувь бусад нутагт оршин суудаг. Цөөвтөр тоогоор аж төрж буй монголчуудыг тухайн нутгийн нь нэрээр тодотгодог.

 

Жишээ нь, Хайкси монгол, Баянголын монгол, Бор талын монгол, Вэйчангийн монгол, Харкуиний зүүн жигүүрийн монгол, Фюксиний монгол, Цайн горлос монгол, Дүрвэд монгол, Сүбэй монгол, Хэнан монгол, Ховог сайрын монгол гэх мэт. Хайксийн 90 мянган монголчуудыг Хавт Хасарын удам угсааныхан хэмээнэ. Шинжаан-Уйгурт Зүүн гарын хаант улсын харьяанд байсан дөрвөн ойрдууд аж төрнө.

 

Тэд өөрсдийгөө торгууд, хошууд, цахар, өөлд, урайнхай, захчин, дөрвөд ястан гэх агаад ойрд монгалчууд 180 мянга орчим аж.
Хубилай хаан өөрийн ордны хажууханд шашны нэгэн том төв бариулсан байна. Түүнийг цагаан суварга гэх агаад бүх шашны хүмүүс мөргөл хийхэд зориулжээ. 13 мянган хавтгай дөрвөлжин метр талбай эзлэн орших энэ суваргыг монгол, хятад, балба хүмүүс барьжээ.

Монголчууд Оросын баруун өмнөд хилд суурьшин өдгөө хүртэл нэгэн бүгд найрамдах улс болон оршин тогтнож байна. Энэ бол Халимаг. Бас Монгол Улстай хил залгаа хоёр ч бүгд найрамдах улс бий. Буриад, Тува буюу Тагна урайнхай. Монгол хэлтэй, уламжлалт соёл, ёс заншил ижил. ОХУ-ын хүн амын тооллогоор 2002 онд 862 мянга’ 613 монгол байгааг тогтоожээ.

 

Энэ тоо тэднийг бүрэн хамраагүй байж болох бөгөөд хэрэг дээрээ үүнээс олон монголчууд ОХУ-д амьдардаг гэж хүмүүс үздэг юм байна. Тэд бүгд буддын шашинтай. Америк тивд монголчууд 12-8 мянган жилийн өмнө Берингийн хоолойгоор дамжин очсон гэдэг. Тэд бүр Колумбаас өмнө Америк тивийг нээж очсныг археологийн олдвор нотолдог юм.

 

Монголчууд Өмнөд Америк тив хүрсэн байдаг. Ул мөр нь Перу, Эквадорт бий. Тэд цаа буга, хандгай, бух гөрөөс /зэрлэг сарлаг маягийн үхэр/ агнаж, суурьшин уугуул америкуудын өвөг дээдэс болсон түүхтэй. Эрдэмтэн Д.Хэрлэн монголчууд хэрхэн Америк тивд Берингийн хоолойгоор дамжин суурьшсан тухай өөрийн бичсэн номд өгүүлэхийн зэрэгцээ монгол, индиан хэлд адил угс буйг анзаарч дурдсан байдаг.

 

Тухайлбал, хатан, агуй, хүзүү, салхи, мээм гэх мэт адил үг бий аж. Эквадорчууд хөх толбо буюу мингийг вингга, эскимочууд итэг хэмээн нэрлэдэг байна.
Энэ бүгдийн тухай доктор О.Нямдаваа номдоо өгүүлжээ. Тиймээс уг номоос сонирхолтой баримт, өгүүлэмжийг хүмүүс, судлаачид тодруулан уншина гэдэгт итгэж байна. Гэхдээ зохиогч уг номыг англи хэл дээр туурвижээ.

 

Тиймээс дэлхийн улс үндэстнүүд эрчимтэй хөгжиж буй Монгол орны тухай сонирхохын сацуу ер нь дэлхийд монголчууд хэрхэн тархан суурьшсан, тэд тухайн улс орныхоо хөгжил дэвшилд ямар нөлөөтэй байсныг тодруулан ойлгоход гадаадынханд энэхүү ном тус дөхөм болно гэж бодож байна. Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн чуулган дээр үг хэлэхдээ дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа, өөрийгөө монгол хүн хэмээн үздэг, хэл соёлоо мартаагүй хүмүүсийг өвөг дээдсийнхээ гал голомтод эргэн ирж амьдрахыг уриалсан билээ.

 

Тиймээс газар газрын монголчууд бие биеийнхээ талаар аль болох бодит мэдээлэл авч, нэг нэгнээ хүндэтгэн харилцдаг, соёл, ёс заншлаа бие биеэсээ судалж баяжуулдаг, харилцан зорчдог болоход, улмаар гарал үндэс нэгтнүүдээс маань гал голомтдоо эргэн ирэхэд энэхүү ном зууч, хөтөч нь болоосой хэмээн хүснэм. Монголчууд маань улам олон болох болтугай.
Сэтгүүлч Т.Нэргүй


URL:

Сэтгэгдэл бичих