Сэтгэлд хоногшсон шинэ жил

Өнгөрсөн жилийнхээ ололт амжилт, алдаа оноог хамт олон, гэр бүлээрээ дүгнэж, дараа жилийнхээ зорилгыг тодорхойлдог мартагдашгүй сайхан баяр бол Шинэ жил байдаг. Тиймээс олны танил эрхмүүд Шинэ жилээр хэрхэн баярлаж, утга учиртай тэмдэглэдэг талаар хамтдаа сонирхъё.

Амжилт бүтээл ихтэй байсан жилийн шинэ жил хамгийн гоё байдаг

МУГТ Б.Наранбаатар:

-Шинэ жил хүүхэд залуучуудын хувьд хамгийн том баяр байдаг. Миний хувьд гуравдугаар ангидаа онц гараад өвгөн ааваас бэлэг авч байсан Шинэ жил сэтгэлд үлдсэн. Тэр үед бэлэг гэдэг маш өндөр шалгууртай байдаг байсан болохоор хамгийн гоё сэтгэгдэл төрүүлж байлаа. Бас 1989 оны шинэ жил сэтгэлд тодхон санагддаг. Ер нь амжилт бүтээл ихтэй байсан жил бүрийн Шинэ жил онцлог үйл явдлаар дүүрэн болж өнгөрдөг. 2005 онд “Бөртэ чоно” наадмын шагналыг авч байлаа. Гэхдээ би сүүлийн хоёр гурван жил Шинэ жилээр Монголдоо байгаагүй. Дандаа Германд тэмцээнтэй байж байгаад таарчихдаг байсан юм. Харин энэ жил гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо Шинэ жилийн баяраа тэмдэглэх гэж байгаадаа баяртай байна.

-2012 он таны хувьд ямар он жил болж өнгөрөв?
-Сайнтай, муутай янз бүр л байлаа. Бүх зүйл нэгэн жимээр явна гэж байхгүй шүү дээ. Олимпийн наадмыг бодохоор харамсалтай санагдавч нэгэнт болоогүй зүйлийг яалтай билээ. Харин цаашдаа үүнээс илүү томоохон амжилтуудыг гаргахын төлөө бид ажиллах болно.

-2016 оны Олимп нэг л мэдэхэд хаяанд ирнэ. Удтал хүлээлгэсэн шигшээ багийг мөдхөн барих гэж байна. Ингэхдээ шинэ залуу тамирчдаар бүрдүүлэх бодлого түлхүү барьж байгаа нь шинэлэг ажил болж байна?
-Одоо манай тамирчдын нэг үе эхэлж байна. Угаасаа нэг Олимпоос нөгөө Олимпийн хооронд нэг үе солигддог шүү дээ. Тиймээс 2016 оны олимпод хэн зорих вэ гэдэг таашгүй. Гэхдээ залуучууд голлох байх гэж бодож байна. Яагаад гэвэл Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, Х.Цагаанбаатар нарын бидний үеийн тамирчид спортоос бууж байна шүү дээ. Энэ утгаар цаашдаа шинэ ажил, шинэ алба, шинэ шигшээ багийн хамт олон бүрдэж явна. Хуучин тамирчдаас байна л даа. Гэхдээ л шинэ тамирчид биеэ бэлтгэж Олимпийн наадамд оролцох болов уу. Хамгийн гол нь би өөрөө тамирчин байсан, тамирчин хүнд юу дутагддаг юм, юу хэрэгтэй байдаг юм, юун дээр ажиллах ёстой вэ гээд тэр бүх зовлон жаргалыг 19 жил тамирчин байхдаа мэдэрч ирлээ. Тийм учраас хамгийн гол үйлдвэрлэл тамирчид дээр явагдана. Тамирчдын асуудлыг шийдчих юм бол зайлшгүй амжилт гаргана.

-МҮОХ-ны ерөнхийлөгч сонгогдлоо. Та бүхний хамтын ажиллагаа улам эрчимжих нь гарцаагүй. Цаашдын төлөвлөгөө зорилтын тухайд?
-Төрийн байгууллага, төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь нэн чухал. Үүн дотор Олон улсын Олимпийн хороо Монгол Улсыг төлөөлдөг гэдэг утгаараа том байр суурь эзэлдэг. Тиймээс манай хоёр байгууллага яавал тамирчдаа амжилтад хүргэх вэ гэдэг тал дээр хоёр талаасаа хариуцлага үүрч ажиллана гэж бодож байгаа. Цаашдаа ирэх онд бүх тамирчдаа хамруулсан томоохон хэмжээний шинэ жил хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гурван үеийг хамруулсан шинэ жил зохион байгуулбал тамирчдад их урам зориг нэмсэн үйл явдал болох болов уу.

Шинэ жилээр цасан охин болж байсан үе минь сайхан санагддаг

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Оюунцэцэг

-Шинэ жилийн баяраар хүн болгон өнгөрсөн жилийн ололт амжилт, алдаа оноо сургамжаа дүгнэдэг уламжлалтай. Миний хувьд 2012 он том сонголтын жил болсон. Эгэл ард түмний дуу хоолой болох Монголын ард түмний баялгийг эзэнд нь буцааж өгөхийн төлөө эрхэм зорилго өвөртөлж МАХН-аас УИХ-д нэр дэвшсэн. Үүнийг би төр засаг ядарсан ард түмнийхээ ачааг нэмэрлэх ёстой гэж ойлгосон. Энэ сонголт маань зөв байсан учраас хамтарсан Засгийн газар надад ард түмнийхээ төлөө зүтгэх даалгавар өгч би Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт шалгалт үнэлгээ, дотоод аудитын газраар томилогдон ажиллаж байна. 2013 ондоо төр нь түвшин, түмэн олон нь амгалан байж, улс төржих биш, бүтээн байгуулалтын төлөө анхаарлаа хандуулж, хүн болгон улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан жил байх болов уу гэж бодож байна.

-Таны хамгийн дурсамжит шинэ жил?

-Миний хувьд хүүхэд байхаасаа Шинэ жилийн баярт ач холбогдол өгч ирсэн. Тиймээс шинэ жилийн баяр бүхэн миний хувьд хамгийн гоё баяр байдаг. Ахан дүүсээрээ манайд цугларч Шинэ жилийг тэмдэглэдэг. Хүүхдүүд маань концерт тоглож, сурсан мэдсэнээ үзүүлж бэлгээ авдаг. Би хүүхэд байхдаа дандаа цэцэрлэгийнхээ цасан охин болж тоглодог байсан. Энэ үе маань одоо бодоход хамгийн гоё санагддаг юм.

Хүүхэд насны Шинэ жил хамгийн гоё байлаа

СТА С.Сэрчмаа:

-Миний хувьд багаасаа сургуулийнхаа урлагийн үзлэгт дуулж нүүр хагарснаасаа хойш жил бүр Шинэ жилийн концертонд орж дуулдаг болсон. Хүүхэд байхдаа онц гараад ээж, ааваасаа уут дүүрэн бэлэг аваад хамгийн их баярладаг байлаа. Харин дуучин болсноосоо хойш шинэ жилээр янз бүрийн арга хэмжээнд уригдаж өргөн хүрээнд тэмдэглэдэг болж байна. Уран бүтээлч бид өөрсдийгөө гэхээс үзэгч сонсогчдоо баярлуулсаар яваад он солигдохын өмнө л арайхийж гэртээ ордог шүү дээ. Ингээд бодоход хүүхэд насны Шинэ жил сэтгэлд тодхон үлдэж дээ. Ээж охин хоёртойгоо хамгийн сайхан зүйлийг ярилцаж шинэ оноо угтана.

Шинэ жил дурсамжтай баярын нэг

УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар

Баяр баярын дотроос Шинэ жилийн баяр хамгийн их дурсгалтай, дурсамжтай болдог. Hөгөө талаас манай урлагийнханд олон баярт мөч тохиож, бас давхцаж байдаг. Тухайлбал зарим нь ажлаа дүгнүүлж амжилтаараа бахдуулж байхад, зарим нь сайхан уран бүтээлээрээ ард түмнээ баясгаж явдгаараа бусдаас онцлог байдаг болов уу гэж боддог. Миний хувьд хэд хэдэн шинэ уран бүтээл хийж үр дүнгээ үзлээ. Тиймээс ирэх ондоо үүнээс ч илүү уран бүтээл хийж театртаа оюуны хөрөнгө оруулалт оруулна гэж бодож байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих