Тиранозавр Батаар олуулаа ирнэ

Ерөнхийлөгч үлэг гүрвэлийн олдворын талаар мэдээлэл өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж Монгол Улсын соёл, шинжлэх ухаан, палеонтологи-археологийн өв, ард түмний өв уламжлалыг хадгалахтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөв. Тодорхой сэдэв дээр тулгуурлан мэдээлэл өгөх нь чухал гэсэн үүднээс энэ удаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хавраас дуулиан дагуулж буй Тринозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясны олдвор болон түүнтэй холбоотой сэдвээр мэдээлэл хийлээ.

Тринозавр Батаар үлэг гүрвэлийн ясыг АНУ-д дуудлага худалдаагаар зарах гэж байна гэсэн мэдээлэл анх Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонорт 2012 оны тавдугаар сарын 18-нд хүрчээ. Үлэг гүрвэлийн араг ясны олдвор Монгол Улсаас гарсан байж магадгүй гэсэн мэдэгдэл ч гарсан байна. “Тавдугаар сарын 18-ны өдөр баасан гариг байсан, 19-нд хагас сайн өдөр таарсан. Дуудлага худалдааг зогсоох тухай маш яаралтай захирамж хэрэгтэй болсон. Үүн дээр АНУ-ын тал маш шуурхай ажилласан. Шүүгч Гортез гэдэг хүн дуудлага худалдааг тодорхой хугацаанд зогсоох тухай захирамжийг хагас сайн өдөр гаргасан. Үлэг гүрвэлийн ясыг хоёр хоногийн дараа буюу тавдугаар сарын 20-ны ням гаригт дуудлага худалдаагаар зарах гэж байсан.

Тийм учраас амралтын өдрүүдийг давхцуулж хурдан ажиллах шаардлагатай болсон. Асуудал дэвшүүлээд ирэхээр Монгол Улсын нэрийн өмнөөс нэхэмжлэгчийн гомдол гаргах асуудал гарч ирсэн. Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам руу ярих гэхээр амралтын өдрүүд таарсан учир боломжгүй. Нэхэмжлэл гаргаад явах гэхээр хугацаа алдаад бүтэн сайн өдөр дуудлага худалдаа болох гэж байсан учраас Монгол Улсын Ерөнхийлөгч би өөрөө нэрээрээ нэхэмжлэл гаргах шаардлага гарсан. Тэр үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд хөдөө явсан, Засгийн газрын хурал хүлээвэл дахин зургаан өдөр хүлээх нөхцөл байдалтай байсан. Ингээд Улаанбаатарын цагаар тавдугаар сарын 19-20-нд шилжих шөнө нэхэмжлэл гаргасан.

Мөн өмнө нь АНУ-д бидэнтэй хамтран ажиллаж байсан Роберт Пентер гэдэг хуульчтай холбоо тогтоож “Бидний нэрийн өмнөөс та энэ асуудалд оролцож өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. Монголд тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн ахлах зөвлөх байсан П.Цагаанаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Гомдол гаргахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын өв, Эрүүгийн хуульд үндэслэж гаргасан. Тавдугаар сарын 19-ний өдөр Техас мужийн шүүхээс Гортез гэдэг шүүгч дуудлага худалдааг зогсоох шийдвэр гаргасан. Дуудлага худалдааг зохион байгуулдаг “Хретеж Окшен” гэдэг компани шүүгчийн шийдвэрийг зөрчиж дуудлага худалдааг зохион байгуулахаар зарлаад нэг сая гаруй ам.доллараар худалдах гэсэн үйл ажиллагааг хийх гэж оролдсон.

АНУ-ын зүгээс шалгаад үзэхэд Тринозавр Батаар гэдэг үлэг гүрвэлийн яс АНУ-ын хилийг хууль бусаар зөрчсөн “хил зөрчигч” болж хувираад хэрэг үүсгэсэн. Ингээд  “Ямар хил зөрчигч хилээр ороод ирэв” гээд түүнийг шинжлэн судлахаар эрдэмтэд, археологи-палеонтологийн баг, АНУ, Канадын нэртэй эрдэмтэд оролцсон шинжээчдийн баг гаргасан. Энэ үйл явдал болмогц дуудлага худалдааг зогсоосон. Улмаар хил зөрчсөн гэсэн зүйл илэрсэн учир АНУ-ын Засгийн газар нэхэмжлэгч болох АНУ-ын дотоодын аюулгүй байдлыг хангах яам нэхэмжлэгч болж, ”Хретеж” гэдэг компанийн байранд хадгалагдаж байсан Тринозавр Батаарын ясыг хурааж авсан. Түүнийг хил зөрчүүлсэн АНУ-ын иргэн Эрик Прокопи гэгч хүн илэрсэн. Ингээд үйл ажиллагаа цаашаа өрнөсөн. Монголд яригдаж байгаа шударга шүүх, шударга хууль, зөв ажилладаг систем яаж ажиллаж хэргийг хэрхэн шийдэх ёстой, бид юу руу явж байгааг эндээс харж болно.

Эрик Прокопи “Би буруугүй. Энэ бол хууль ёсоор орж ирсэн яс” гэсэн сөрөг нэхэмжлэл гаргаж ажил нэлээд хойш татагдсан. Сөрөг нэхэмжлэл гармагц Монголын талаас өөрийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг улам сайн болгож гаргах хэрэгтэй болсон. Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Улсын Мөрдөн байцаах газрын шинэ удирдлага ажилдаа ормогц үүн дээр маш хурдан анхаарсан. Шуурхай ажиллаж сөрөг нэхэмжлэл гаргаж өгсөн. Наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхний10 хоногт энэ ажил асар хурдтай эрчимжсэн. Соёл, спорт, аялал, жуулчлалын яам эрчимтэй ажиллаж асуудал шийдэгдсэн. Монголын талаас холбогдогчдын хэрэг давхар шалгагдаад явж байгаа. Шүүхийн байгууллагад шилжих төвшинд хүрсэн гэж ойлгож байгаа.

Үүн дээр таван дүгнэлт хиймээр байна. Нэгд, маш шуурхай ажиллаж Монгол Улс нэхэмжлэл гаргасан явдал бол монголчууд түүхэн соёл, өв соёлынхоо хойноос , гарч байгаа зүйлийнхээ хойноос хөөцөлддөг, анхаардаг юм байна гэж Монголын нэрийг дэлхийд сайнаар гаргахад их нөлөөлсөн. Дэлхийн нэртэй хэвлэл мэдээллийн байгууллагууд “Үүн дээр Ерөнхийлөгч нь нэхэмжлэл гаргасан байна. Монгол Улс нэхэмжлэл гаргасан байна” гэж шуугисан. Үлэг гүрвэл сонирхдоггүй насны бүлгийн хүн гэж байдаггүй. Тэр хүмүүст энэ мэдээлэл хүрсэн.

Хоёр дахь сайн зүйл бол төр, хууль хяналтын байгуулагаасаа авахуулаад шинжлэх ухааны байгууллага, ажилтнууд нэгдэж ажиллаж чадвал амжилтад хүрдгийн бас нэг үзүүлэлт энэ болсон.

Гуравт, хамгийн гол дүгнэлт гэвэл Монголын хууль, шүүхийн систем яаж ажилладаг, дэлхий нийтэд яаж ажилладаг вэ гэдгийн бодит өнгө төрхийг харуулсан үйл явдал боллоо. Эрик Прокопийг АНУ-ын шүүхээр шийтгэвэл 17 жил хүртэл ял оноохоор байгаа. Сая шүүгч нь захирамж гаргаж “Чамайг 17 жил хүртэл шийтгэхээр байна. Гэхдээ чамд дөрвөн сар 25 хоногийн хугацаа өгье. Хэчнээн үлэг гүрвэлийн ясыг АНУ руу гаргасан бэ. Ямар сүлжээ байгаа вэ. Хэн хэнтэй хамтарч ажилласан бэ гэдгээ энэ хугацаанд нээгээд хэлчих юм бол 17 жилээс чинь хасна. Хэргийг хөнгөрүүлнэ” гэсэн байна. Одоо Эрик Прокопи бүх зүйлээ илчилж байгаа.

Манайд бол улс төр, авлигатай холбоотой хэрэг гэхээрээ нэр усгүй хэрэг гардаг. Үүнийг арилгах нь хуульд оруулах концепцийн өөрчлөлт гэж үзэж байгаа. Монголд нэг том хэрэг илчлэгдлээ гэхэд “Таны ял бол ийм өндөр хэмжээний ял байна. Ийм өндөр хэмжээний торгууль байна” гэдгийг хэлэх хэрэгтэй. Монголын хуулийн бодлого юу вэ гэвэл хуулиа биелүүлдэг, хууль зөрчдөггүй нийгэм байгуулах гэж байгаа. Түүнээс биш хүн шоронд аваачиж хийх гээгүй. Тиймээс хууль зөрчөөд байгаа шалтгааныг л арилгах хэрэгтэй. Түүнийгээ бид мэдэж авах нь чухал. Тухайн хүн авлига авсан, хууль зөрчсөн үйлдлээ яриад, бүх сүлжээгээ илрүүлэх юм бол тэр хүний хэрэг алга болно. Гэтэл Монголд тэгж байгаа зүйл байхгүй. Харин домог үүсгээд өөрийгөө хэргээс зугтаалгах үйл ажиллагаа болж хувиргаж байгаа. Тэгэхээр бид Эрүүгийн, Эрүүгийн байцаан шийтгэх хуульдаа энэ үзэл баримтлалыг заавал оруулах хэрэгтэй. Шүүгч захирамж гаргахдаа хэргээ илрүүлбэл хэрэг хөнгөрдөг, бүр цагааддаг ч байж болно. Иргэдээ шоронд хорьдог үйл ажиллагааг багасгах ёстой. Үүнээс маш сайн үр дагавар гарч байгаа.

Дөрөвт, би өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд АНУ-ын Засгийн газарт, хууль, шүүх, прокурорын байгууллагад, хуульчдын байгууллагад Монгол Улсын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна. Бидний хүсэлтийг маш хурдан хүлээж авч өөрийнхөө хууль номын дагуу хэргийг шийдвэрлээд Монголоос гарч явсан соёлын өв, палеонтологи-археологийн олдворыг буцааж өгөх шүүхийн шийдвэр гаргасанд, энэ үйл ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцсонд маш их баярлаж байна. Дээрээс нь шинжлэх ухааны судлаачдад, эрдэмтдэд, мөн үүнд оролцсон Монгол-Америкийн маш олон иргэд, байгууллагад улс орныхоо нэрийн өмнөөс гүн талархлыг илэрхийлж байна.

Тавд, Тринозавр Батаар олуулаа ирнэ. Ганцаараа ирэхгүй. Эрик Прокопийн ялыг хөнгөрүүлэх шийдвэр гаргачихаар тэр хүн АНУ-д оруулж ирсэн бүх зүйлийнхээ тухай мэдүүлэг өгснөөр бусад үлэг гүрвэлийн яснууд олдож байгаа. Тринозавр Батаар бол арай жижиг. Бүр түүнээс том үлэг гүрвэлийн чухал олдворууд гарч ирж байна. Хоёр Тринозавр, хоёр Сауролофус, хоёр Овираптор гээд зургуулаа болж ирнэ. Араас нь Монголоос гараад явсан үлэг гүрвэлийн хайрцагтай олдворууд ирж байгаа. Энэ бол дэлхий нийтэд соёлын өвийн хулгайтай тэмцэх гайхамшигтай ололт болж байгаа.

Одоо бид цаашаа яах вэ. Нэгд,Монгол Улсын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасан өдөр буюу жил бүрийн тавдугаар сарын 18-ны өдрийг Монгол Батаарын өдөр болгоё. Монголын соёл, палеонтологи-археологийн өвийг хамгаалах өдөр болгоё гэсэн санал дэвшүүлж байгаа. Хоёрт, монголчуудад гаднаас ирэх хүнд үзүүлэх зүйл байдаггүй. Аялал жуулчлал хөгжөөгүй гэж байнга ярьдаг. Одоо дэлхийгээр нэр нь түгсэн үзмэртэй боллоо. Сүхбаатарын талбайн урд талын цементлээгүй хэсэгт түр зуурын үзмэрийн байшин барих хэрэгтэй. Он гармагц бариад зун ирж байгаа жуулчдад үзүүлье. Монголд ирэх жуулчдын тоо асар их нэмэгдэнэ. Цаашдаа удаан хугацаанд хөрөнгө оруулалт хийгээд үлэг гүрвэлээ үзүүлдэг музейтэй болъё. Хүн их сониуч байдаг. Хүүхдээ дагуулж тэр үлэг гүрвэлийг үзэх гэж ирнэ. Дэлхий нийтийн анхаарлыг Монгол руу татах нэг зүйл болж хувирна. Ийм маягаар өргөн харж ажиллах, сэтгэх хэрэгтэй.

Хууль, эрх зүйн хүрээнд өөрчлөлт оруулах хоёр ажил хийгдэж байгаа. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж байгаа. Соёлын өвийг төр өөрөө, харах ёстой хүмүүс нь өөрсдөө хулгайлаад байгаа. Үүнийг өөрчлөх цаг болсон. Гадагшаа зөөдөг биш юмаа олдог, цуглуулдаг байх ёстой. Өөрийн өв соёлтой, өөрийн бичигтэй, өөрийн баялагтай орныг хүчирхэг улс гэж үздэг. Бүрэн эрхтэй байх чадвартай улс гэж үздэг.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хийж байгаа. Үүнд соёлын өвийн эсрэг гэмт хэрэг гэсэн бүхэл бүтэн бүлэг орж байгаа. Нийт иргэд, орон нутгийн байгууллага өнөөдрийн миний хийсэн мэдээлэлд анхаарч цаашдаа улсын хилээр Монголын өв, соёлтой холбоотой нэг ч жижиг зүйл гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бүгдээрээ ажиллая. Энэ бол 2012 онд монголдчууд бүгдээрээ хамтарч хийсэн нэг сайн ажил юм. Энэ сайн ажил цаашдаа сайн үр дүн авчрах болтугай гэсэн ерөөлөөр мэдээллээ өндөрлөе” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих