Ерөнхий сайд УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганд хот, орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, аймгуудын Засаг дарга нарын томилгооны талаар мэдээлэл хийлээ.

 

Манай орны нийт нутгийн 80 орчим хувьд цастай, 15 аймгийн 55 суманд 20-60см зузаан, хунгарлаж шуурсан газраа 130см хүртэл нягтарсан цастай болжээ. Өвөлжилт хүндэрсэн 55 сумын 27189 малчин өрхөд 5.5 сая мал өвөлжиж байна. Цаашид цас нэмж орж хүйтэрвэл 17 аймгийн 91 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй гэж Ерөнхий сайд хэллээ. Өвөлжилт хүндэрсэн аймгуудад Онцгой байдал, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнээс нийт 1109 цэргийн алба хаагч ажиллаж байгаа ба цэргийн дүйцүүлэх албаны 1938 иргэнийг нэмж дайчлан ажиллуулах боломжтой байна. Түүнчлэн, цасанд боогдсон зам, давааны цасыг цэвэрлэж зайлуулах, хальтиргаа гулгааг арилгах үүрэгтэй Шуурхай ажлын хэсэг 24 цагаар ажиллаж байна.

Эрчим хүчний салбарын хувьд өнгөрөгч 10 дугаар сарын 1-нээс өвлийн их ачаалалд орж, одоо өвлийн их ачааллын батлагдсан горимоор хэвийн ажиллаж байна. Энэ салбарын үйлдвэр, компаниуд өнөөдрийн байдлаар 210 мянган тонн буюу станцуудын дунджаар 13 хоногийн нөөцтэй байна.

 

Өнөөдрийн байдлаар 15 аймгийн Засаг даргыг томилсон. Үлдсэн 6 аймагт хууль, шүүхийн маргаантай асуудлууд бий учир нягтлан шалгаад ойрын үед томилох болно гэж Засгийн газрын тэргүүн мэдэгдлээ.

Ерөнхий сайдын дараагийн танилцуулга 1,5 тэрбум ам.долларын “Чингис” бондын зориулалт, зарцуулалт, Засгийн газрын дотоод үнэт цаасны талаарх мэдээлэл байлаа. “Чингис” бондыг нийтийн эрх ашигт хамгийн их үр өгөөжтэй байх томоохон бүтээн байгуулалтуудын хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөж байгаа. Бондын хүүгийн төлбөрт Засгийн газар өдөр тутам их мөнгө төлж, өрөнд орж байгаа гэсэн яриа худал хэмээн Ерөнхий сайд танилцуулгынхаа эхэнд онцоллоо. Учир нь бондын хүүгийн алдагдлыг багасгахаарбондын эх үүсвэр зарцуулагдах хүртэлх санхүүгийн менежментийн гэрээг Монголбанктай хийсэн. Бондын эх үүсвэрийн зориулалт, зарцуулалтыг оновчтой, үр дүнтэй байлгахын тулд Ерөнхий сайдаар ахлуулсан бодлогын зөвлөл байгуулан ажиллаж байна. Бодлогын зөвлөлөөс тэргүүн ээлжинд хэрэгжүүлж болохуйц төсөл, хөтөлбөрүүдийг тогтоосон. Эдгээрт 1800 км шинэ төмөр зам барих, 2013онд 6 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох, нийслэлийн дундуур хөндлөн гарч буй төмөр замыг Богд уулын урдуур шинээр тавих, нефть боловсруулах үйлдвэр барих, “Эрдэнэс Тавантолгой” болон “Багануур” ХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт хийх, цементийн хэрэглээг дотоодын үйлдвэрүүдээс 100 хувь хангадаг болох, төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор барих, “Сайншанд” аж үйлдвэрийн парк байгуулахзэрэг олон төслийг нэрлэж болох юм. Тэргүүн ээлжинд хэрэгжүүлэхээр санал болгож буй дээрх төсөл тус бүрийг Бодлогын зөвлөл нарийвчлан авч хэлэлцэнэ.

 

Чуулганы хуралдаан дээр өгсөн мэдээллийнхээ төгсгөлд Ерөнхий сайд Засгийн газрын дотоод үнэт цаасны үлдэгдлийг2012 оны урьдчилсан гүйцэтгэлээр танилцууллаа. Засгийн газрын дотоод үнэт цаасны өрийн үлдэгдлийн 70 орчим хувийг 2012 оны төсвийн алдагдал болон Хүний хөгжил санд зориулж гаргасан бондын үлдэгдэл эзэлж байна.Мөн өнгөрсөн онд “100мянганайлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд гаргасан 6 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр Засгийн газарт том дарамт авчраад буйг Н.Алтанхуяг сайд тодотголоо. Хямд эх үүсвэргүй хэрнээард түмэнд амласан хөтөлбөр зогсоход хүрч,2000 орчим залуусыг хохироох нөхцөл бүрдээд байгаа тул энэ асуудал дээр ажиллаж, гарц хайж байна. Шинэчлэлийн Засгийн газар цаашид “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлэхдээ бага, дунд орлоготой иргэддээ боломжийн метр квадраттай, үнэ хямдтай, зээлийн эргэн төлөлт нь иргэдийн нуруун дээр сар тутам бага дарамт үзүүлэх хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Ерөнхий сайд танилцууллаа. Засгийн газрын дотоод үнэт цаасны хөрөнгөөр явуулж буй бусад үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Тухайлбал, анх 150 тэрбум төгрөгийн бонд гаргасан 4000 айлын орон сууц хөтөлбөр эргэж төлөгдөөд хэвийн явагдаж байна.Зоос банкны бүтцийн өөрчлөлтөд зориулж гаргасан 100 тэрбум төгрөгийн бонд 60 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна. Ноос, ноолуурын салбар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд зориулж гаргасан 286 тэрбумын бондын үлдэгдэл 200 орчим тэрбум төгрөг сангийн эргэлтэд зарцуулагдаж байна. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгуулийн өмнө олгосон 1 сая төгрөгийг Монгол банкнаас зээл авч олгосон нь Хүний хөгжил санд өр болон үлдэж байна.

УИХ-ын чуулган дээр хийсэн эдгээр мэдээлэлтэй холбогдуулан гишүүдээс тавьсан асуултад Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, ажил хариуцсан холбогдох албаныхан хариулт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих