Гүйх талбай гаргаж өгөөч

guiltiin_talbai-middleУлаанбаатар хот зуны наранд хорсон хонь шиг шавааралдаад, хоосон газар нүдний гэм болсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Бараг л хөл гишгэх газар үлдэхгүй нь. Тиймдээ ч алхах гэдэг “ажил”-ыг хүмүүс мартаж, машин унаж, дэлгүүрт орохдоо цахилгаан шатанд сууж байна.

Энэ мэт хотын төвлөрөл, чихэлдсэн байдал нь зун цагт өглөө босоод сайхан гүйе гэсэн ч талбай олдохгүй хэцүү байдалд хүргээд байгаа.

Уг нь төр засгаас нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тал дээр анхаарч, тэмцээн уралдаан зохион байгуулж байгаа. Дээрээс нь эрүүл мэнддээ анхаарч, уул хадаар “тэнэж” байгаа хүмүүст хүртэл шагнал өгч байсан санагдана.

Уг нь зөв, иргэдийг биеийн тамираар хичээллэж, эрүүл мэнддээ анхаарлаа гэж дэмжиж байгаа нь шүү дээ. Энэ мэт шалтгаанаас үүдсэн үү, хүмүүсийн ухамсар дээшилж, хөдөлгөөн эрүүл мэнд гэдгийг ухаарсан уу, сүүлийн үед өглөө эртлэн босч гүйх хүсэлтэй залуучууд олон болж. Харамсалтай нь Улаанбаатарт гүйх аятайхан газар алга.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гүйлтийн зам, талбай зассан байгаа. Тэнд очиж гүйх залуучууд олширч байгаа гэсэн. Гэхдээ л холдоод байгаа учраас хүн бүр тийшээ очиж гүйж чадахгүй байна шүү дээ. Учир иймээс гүйлтийн зам, талбай засч өгч буян болооч ээ. Ядаж л ганц байгаа төв цэнгэлдэх хүрээлэнгээ нээж өгч, гүйх гэж байгаа хүмүүст найр тавьдаг байвал яасан юм.

Зөвхөн зуны цагт гэлтгүй өвөл ч өглөө эртдээ гүйчих хүсэлтэй залуучууд олон болж. Тэд төв цэнгэлдэх хүрээлэнгээ ч болов нээж өг гэсэн хүсэлт гаргаад байгаа юм. Түүнээс гадна дүүрэг бүрт нэг гүйчихмээр газар байгуулчихвал сайнсан.

Сүүлийн жилүүдэд монголчууд, тэр дундаа нийслэлийн иргэд таргалах өвчинд нэрвэгдээд байгаа. Хаашаа л харна бэлхүүсний оронд өөх “чихчихсэн” эмэгтэйчүүд, гэдэснийхээ зургаан булчинг ганц болгосон залуучууд аахилж уухиалан алхах дүр зураг ажиглагдана. Таргалалтад нөлөөлж байгаа олон хүчин зүйл байгаа л байх.

Эрүүл бус хооллолт, түргэн хоол их идэх гээд л. Гэхдээ л хамгийн том шалтгаан нь хөдөлгөөний дутагдалд орж, дотор эрхтэнүүд нь өөхөлсөнтэй холбоотой нь ойлгомжтой шүү дээ. Энэ талаар эмч мэргэжилтнүүд хангалттай ярьж байгаа. Тэгэхээр иргэдээ эрүүлжүүлж, хөдөлгөөнтэй байлгах хэрэгтэй байна. Ямар долоо хоногт хоёр удаа биеийн тамирын хичээл оруулалтай биш. Уг нь болохгүй ч юм байхгүй л дээ. Гэхдээ л тэгж зохион байгуулаад, хувийн болоод хувьсгалын байгууллагуудын ажилчдыг биеийн тамирын хичээлд оруулна гэж юу байх вэ дээ.

Түүний оронд дүүрэг бүрт гүйх талбай байгуулаад өгчих. Талбай дээр нь турник, дасгал хөдөлгөөн хийх хэрэгслүүд байна биз. Тэгээд бэлхүүснийхээ өөхийг арилгах гэсэн эмэгтэйчүүд, гэдэсний булчинг олшруулах гэсэн залуучууд нь сайн дураараа очиж гүйж, дасгал хийж байхгүй юу. Зарим нь өглөө болгон гүйнэ биз. Нөгөө хэсэг нь оройдоо, бүр завгүй нь амралтын өдрөөрөө гүйсэн ч яах вэ дээ.

Уг нь манайх нэг хүнд ногдох газраараа дэлхийд тэргүүлдэг орон. Улаанбаатар ч уг нь уудам өргөн газартай. Тэр дунд ганц хоёр гүйлтийн талбай байгуулчих газар олдох байлгүй дээ. Хэрвээ хэд хэдэн тийм талбайдаа бол гүйчихмээр л байх юм.

Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих