Хувийн хэвшлийн ачааны вагоны техникийн байдал эзэнгүйдэж байна

wagon 256562010 оноос төмөр замын тээвэрт УБТЗ-аас гадна төр, хувийн хэвшлийн вагонууд их хэмжээгээр оролцох болсон нь сайшаалтай ч уг вагонуудын техникийн байдал, арчилгаа үйлчилгээнд эзэмшигч нарын зүгээс тавих анхаарал хангалтгүй байна.

БТЕГ компани ЕС-70 маягийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2000 вагон 2010 оноос худалдан авч ашиглаж байгаа боловч засварын баазгүй, хаана вагоноо засварлах талаар шийдээгүй байгаа нь тээврийн аюулгүй байдлыг хангахад хүндрэл учруулж эхлээд байна. Эдгээр вагоны үйлдвэрийн баталгаат хугацаа 2012 оноос дууссан.

УБТЗ-ын Зүүнхараагийн ачааны вагоны засврын депогийн хүчин чадал, техник тоноглол өнөөгийн байдлаар эдгээр вагонуудад депо засвар хийх боломжгүй бөгөөд БТЕГ компаний тээвэрт явуулах хүсэлт, УБТЗ-ын тээврийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс тус депо дээр шөнийн ээлж зохион байгуулан техникийн байцаалт хийж байна. Техникийн байцаалтаар ОХУ-аас авч ЕС-70 вагонд угсарсан автотормоз, залгалтын автоугсраанд бүрэн задаргаа хийн засаж баталгаа гаргаж байгаа.

БТЕГ компани ЕС-70 вагоны тэргэнцэр, хос дугуйг европын стандартаар БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 6 жилийн баталгаатай гэх боловч уг стандартыг Монгол улсад мөрдөх эсэх нь шийдвэрлэгдээгүй байна. Асуудал шийдвэрлэгдээгүй байхад хос дугуй, тэргэнцэр зэрэг эд анги, зангилаа хэсгүүдэд гадна үзлэг хийж тээвэрт явуулж байгаа нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байх баталгааг бууруулж ашиглалтын үед тавих хяналт шалгалтын ажлыг нэмэгдүүлж байна.

2013 оны 3-р сарын 10-ны өдөр Замын-үүд өртөөнөөс явсан 2803-р галт тэрэгний 555136 дугаарын вагоны 4 дугуй гацаж чирэг авч Шаргын овоо зөрлөгт бүрэлдэхүүнээс салгагдсан гологдол гарлаа. Уг вагон 2010 оны 6-р сард БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Зүүнхараагийн вагон депод техникийн байцаалтад ороогүй байна. /Зураг 1/ Уг вагоны явах анги, тоормосын ажиллагааг гологдол гарсан газар дээр нь мэргэжлийн комисс шалгаж авто дэглэм агаар хуваарилагчаас ирсэн хийг хязгаарлаж чадахгүйгээс тоормосын цилиндрт хэмжээт даралтаас илүү хий орж хос дугуйг гацаах нөхцөл бүрдүүлснийг тогтоосон техникийн дүгнэлт гаргасан. /Зураг 2/ Авто дэглэмийг Зүүнхараа дахь ачааны вагоны засварын депод авчирч БТЕГ-ын вагоны мэргэжилтнүүдийг байлцуулан туршилтын стенд дээр туршиж шалгахад Шаргын овоо зөрлөгт хийсэн комиссын дүгнэлтийг нотолж байв.

555136 вагоны автодэглэмийг задалж шалгахад тохируулах хөшүүргийн мөрийг өөрчлөх зориулалттай тулгуурын боолт сул байсан нь вагоны ачааг буулгаж хоосноор явах үед авто дэглэмийн демпферийн поршен доод байдалд шилжихэд тулгуур ачаатай дэглэмд гацаж тоормосын цилиндрт илүү даралт орох нөхцлийг бүрдүүлжээ. 555136 вагоныг 2013 оны 2-р сарын 21-нд хоосноор Цагаан хаалга өртөөнд хос дугуйд нь 0,3-0,6 мм чирэгтэй ирсэнийг УБТЗ-ын вагон үзэгч нар, БТЕГ компаний ТҮГ-т актаар хүлээлгэн өгч засах шаардлага тавьсан боловч ямар ч засвар хийлгүй ачаа ачиж явуулсан нь гологдол гарах үндэс болж. /Зураг 3/ Өмнө нь 2012 онд ЕС-70 вагоны авто дэглэм тоормосын цилиндрт илүү даралт өгч байсан 6 тохиолдол гарч байсан бол 2013 оны 1-р сард 2 удаа дээрхитэй адил гэмтэл гарч вагоны хос дугуйд бага хэмжээний чирэг үүсэж хөдөлгөөнийг саатуулж байсан.

ЕС-70 вагонуудын тоормосын эд ангийг ОХУ-ын үйлдвэрээс худалдаж авч угсарсан гэж техникийн бичиг баримтанд байгаа боловч авто дэглэм дээр үйлдвэрлэсэн газрын марк тэмдэг байхгүй байна. /Зураг 4/

- ЕС-70 вагоныг тоноглосон авто дэглэмийн их бие дээр үйлдвэрлэсэн үйлдвэрийн тэмдэг болон төрлийг заасан тэмдэглэл байхгүй.

- Манжетууд дээр дугаар болон үйлдвэрлэсэн оны тэмдэглэгээ байхгүй, ОХУ –д үйлдвэрлэгдсэн 265А дэглэмийн эд ангиуд болон манжеттай харьцуулж, үзэхэд хэлбэр хэмжээний хувьд зөрүүтэй.

- Манжет нь зөөлөн, хэт уян шинж чанартай, ажлын даралт даах чадвар муу, стандартын бус хийцтэй байгаа нь ашиглалтын үеийн тоормосын найдвартай хэвийн ажиллагааг хангаж чадахгүй байна.

Иймд БТЕГ компани вагоны мэргэжилтнүүдээрээ техникийн байцаалтанд ороогүй ЕС-70 төрлийн вагонуудын автодэглэмийн ажиллагааг богино хугацаанд урьдчилан шалгаж илэрсэн гэмтлийг арилгах шаардлагатай. ЕС-70 вагоны тоормосын гол хоолойн төгсгөлийн краныг мөн л дуурайлган хийсэн нь ашиглалтын үед нээлттэй байдалдаа агаар алдаж удаа дараа солигдон ажил хүндрүүлж байна. Мөн эдгээр вагонуудыг стандартийн биш тормозын хуванцар шахавчаар тоноглосон нь ашиглалтын үед олноор хугарч вагоны дугуйн дор унаж вагон замаас гаргах аюулыг бий болгож байсан тул 2012 онд УБТЗ өөрийн зардлаар ОХУ-д үйлдвэрлэсэн хуванцар шахавчаар бүгдийг сольж эрсдлийг арилгасан.

Ер нь БТЕГ компани оношилгоо, засварт орох хугацаа хэтэрсэн ЕС-70 маягийн вагонуудыг тээвэрт оролцуулж байгаа нь хүндрэл үүсэх нөхцөл болж байна. Хөдөлгөөн зохион байгуулалт, ачилт буулгалт, зам холбоо-дохиололын төхөөрөмж байгууламжийн арчлалт, хөдлөх бүрэлдэхүүний үзлэг засвар зэрэг ижил ач холбогдолтой цогц ажлын нэгдэл төмөр замын тээврийн хэвийн үйл ажиллагааг бүрдүүлдгийг энэ салбарт бизнес шинээр эрхлэгчид эхнээс нь зөв ойлгож суралцах шаардлагатай. Шинэ төмөр зам, вагон эзэмшигч хувь хүмүүс төмөр замын аюулгүй байдлын дүрэм журмыг ягштал баримталж олон жилийн туршлагатай УБТЗ-ын холбогдох байгууллагуудын өгч байгаа заавар, зөвлөмж, шаардлагыг биелүүлэн хамтран ажиллаж төмөр замын ажлын туршлага эзэмшиж түргэн хугацаанд төмөр замчин болохыг уриалж байна.

УБТЗ-ын вагоны аж ахуйн албаны дарга ТУ доктор (ph) зөвлөх инженер Л.Болд

Хавсралт зургууд:

1. 2013 оны 3-р сарын 10-ны өдөр Замын-үүд өртөөнөөс явсан 2803-р галт тэрэгний 555136 дугаарын вагоны 4 дугуй гацаж чирэг авч Шаргын овоо зөрлөгт бүрэлдэхүүнээс салгагдсан гологдол гарлаа. Уг вагон 2010 оны 6-р сард БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Зүүнхараагийн вагон депод техникийн байцаалтад ороогүй байна.

 

4. ОХУ-ын үйлдвэрийн 265А маягийн авто дэглэмийг БНХАУ-д дууриалган үйлдвэрлэж ЕС-70 загварын хагас вагонд тоноглосон авто дэглэмтэй харьцуулсан хэмжилтийг харуулбал

www.bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих