Орос, Хятадын харилцааны тэнцвэр ба Монгол Улс

EnkhtuvshinХятадын шинэ удирдагч Си Жинь Пин  тус улстай албан харилцаатай гадаад улс  орнуудаас анхны  айлчлалаа ОХУ-аас эхэллээ. Энэхүү айлчлал хоёр орны харилцааны  сүүлийн 20 жилд  онцгой тэмдэглэлт үйл явдал байсан тул  оросуудын хөл алдсан гэж хэлж болохоор үйл явдлаар дүүрэн байв. Гол нь  хоёр орны харилцаа стратегийн шинэ түвшинд гарсныг дэлхий нийтэд  харуулахыг хичээлээ. Хоёр их гүрний дунд оршин тогтносон Монгол Улс, монголчууд бидэнд энэхүү айлчлал  хэд хэдэн асуултыг эргэцүүлж бодоход хүргэж байгаа мэт. Хоёр хөрш орны харилцаа үнэхээр стратегийн түвшинд хүрэх бүх бололцоо бүрдсэн үү. Энэ хоёр  орны иж бүрэн түншлэлийн харилцаа манайд ямар ашигтай болон сөрөг үр дагавартай вэ. Түүхэнд хоёр орны ийм ойртолт юунд хүргэж байсан бэ.

Орос, Хятадын  түншлэлийн харилцаа нь аль зэрэг удаан үргэлжлэх вэ  гэх мэт асуултууд урган гарч байна. Манай хоёр хөршийн хувьд  эсрэг тэсрэг байр суурьтай, цаашид шийдвэрлэхэд ч бэрх маш олон асуудал байсаар байна. Жишээ нь, Пакистан, Энэтхэгийн зөрчилдөөнд хандах байр суурь, өмнөд Вьетнамын ойролцоох арлуудын маргаан, Оросын цэргийн технологийг хуулбарласан маргаан, Сибирь дэх хятадуудын цагаачлал, Оросын худалдааны  алдагдал, Хятадын эдийн засгийн хүчин чадал ба өдрөөс өдөрт өсөн  нэмэгдэж буй цэргийн хүчин чадал зэрэг нь толгойны өвчин болсоор байна. Одоогийн байдлаар зөвхөн зүүн хойд Хятадын Шенян буюу Мүгдэний хуурай замын цэргийн тойргийн цэрэг, зэвсэг,техникийн хэмжээ ОХУ-ын  Уралын нуруунаас Номхон далай хүртэлх хуурай замын цэрэг, зэвсэг, техникээс хоёр  дахин даваад байгааг Оросын дөмөгтэй шинжээчид байнга бичиж төр засагтаа анхааруулдаг юм.

Хэдийгээр дээрх асуудлуудыг хоёр орны хэвлэл мэдээллээр хөндөж тавьж байгаа ч энэ айлчлал доорхи гурван зорилтыг агуулсан мэт таамаг төрүүлж байна.
Нэгдүгээрт, НАТО, Европын холбоо, АНУ-аас явуулж буй геополитикийн давамгайлах байдалд хүчээ нэгтгэн сөрөн зогсохын төлөө байх явдал. Хоёрдугаарт, эдийн засгийн харилцааг эрчимжүүлж мега /аварга/ төслүүдийг хэрэгжүүлэх, гуравдугаарт, технологийн хоцрогдлоо хамтдаа даван туулах зэрэг юм.  ОХУ, БНХАУ-ын стратегийн түншлэлийн харилцаанд шилжихэд түлхэц болж байгаа хэд хэдэн хүчин зүйлс байгаа бөгөөд түүний хамгийн гол шалтгаан нь АНУ болон Европын холбооны  гадаад бодлогын хандлага юм.  Орос, Хятад улсыг АНУ цэрэг стратегийн хувьд байнга өрсөлдөгчөө гэж үздэг.

Мөн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан төв Азийн бүгд найрамдах улсуудад  АНУ нөлөөгөө тэлж, Орос, Хятадын байр суурийг багасгах бодлогыг явуулсаар ирсэн.  Үүнийг   тухайн орнуудад Америкийн үзүүлж байгаа санхүү, цэргийн тусламжийн өсөлтөөс харж болох юм. Сүүлийн үеийн үйл явдлаас харахад АНУ ОХУ-ын баруун хил Польш, Чех, Турк  улсуудад цөмийн пуужинг эсэргүүцэх системийг эрчимтэй байгуулж, Ази талд Япон, өмнөд Солонгос, Австралид цэргийн баазаа бэхжүүлээд байгаа нь ч улам нөлөөлсөн биз ээ. Тэр ч бүү хэл хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан   үнэн алдартны шашинт Украйн, Гүрж   тусгаар улс болсон нь Орос, Америкийн 20 гаруй жил үргэлжилж байгаа бас нэг өрсөлдөөний талбар болж байна.

АНУ нь  ОХУ-ын  дотоод дахь сөрөг хүчнийг дэмжих бодлогыг тогтвортой барьдаг бөгөөд Афганистанд явуулсан НАТО-гийн цэрэг дайны ажиллагаа нь тэр бүс нутаг дахь Оросын байр суурьт муугаар нөлөөлсөн гэдэгт Оросын шинжээчдийн олонхи  эргэлзэхгүй байна. Цөмийн зэвсэглэлээр ОХУ, АНУ харилцан паритет байдалтай байгаа ч оновчтой болон өндөр технологийн зэвсэглэлээр АНУ манай хоёр хөршөөс хол түрүүлсэн нь эдгээр орны цөмийн зэвсэглэлийн батлан хамгаалах боломжид сөргөөр нөлөөлөх магадлалтай гэдгийг шинжээчид сануулсаар байдаг. Нөгөө талаас АНУ БНХАУ-тай хилийн маргаантай    зүүн өмнөд Азийн орнуудтай  батлан хамгаалах салбарт хамтарч ажиллаж, байнга тэдний талд гэдгээ ил тод илэрхийлж байна.

Мөн  Япон, Өмнөд Солонгостой  хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилтийг тогтмолжуулж,  пуужингаас хамгаалах төхөөрөмжөө шинэчлэн Сингапур, Австралид цэргийн баазаа шинээр байрлуулаад байна. Ингэснээр Хятадын түүхий нефть болон стратегийн зориулалттай түүхий эд, бараа эргэлтийн  80 хувь хангагддаг далайн гол гол боомт, сүлжээг хяналтдаа авч эхлээд байна. Дашрамд дурдахад Хойд Солонгосын хямрал ч үүнд нөлөөлж байгаа болно. Хэдийгээр Европын холбоо энэ бүх сөргөлдөөнд дундыг барьсан байр суурь барихыг оролддог ч эгзэгтэй үед АНУ-ыг дэмжсэн шийдвэрийг гаргадаг нь  энэ хоёр оронтой төгс хамтын ажиллагаа хөгжүүлж чадахгүй байгаагийн нэг шалтгаан юм.

Нөгөө талаас сонгодог утгаараараа манай хоёр хөршид ардчиллын түгээмэл хэмжүүр болох  хүний эрх, иргэний нийгмийн институт одоо болтол зөв бүрэлдэн тогтож чадахгүй байгаа нь Европын холбоо  ийм савлагаатай бодлого гаргах гол шалтгаан болдог бололтой.  Европын холбооны манлайлагч Герман, Франц  Улс  ОХУ, АНУ, Хятад  гурвын, тэр дундаа   ОХУ, АНУ хоёрын дунд гарч буй сөргөлдөөнд аль болох дундыг барих  бодлого барьдаг. Гэхдээ эл байр суурь  орон зай,  цаг хугацаанд байнга өөрчлөгдөж  байдаг нь Франц, Германы Европын холбоо  дахь  тэргүүлэх байр суурийн тэмцэл гэж хэлж болох талтай. Түүнчлэн Хятад Улс хилийн маргааныг хөршүүдтэйгээ байнга хийдгээс улбаалан Хятадыг тойрсон АНУ-ын бодлогыг дэмжигч Хятадын эдийн засаг, батлан хамгаалах чадамжийн өсөлт тэлэлтийг хязгаарлах, үгүй ядахдаа удаашруулах зорилго бүхий бүлэг улсууд бий болоод байгаа. Тэдгээр нь Өмнөд Солонгос, Япон, Сингапур, Тайван, Филиппин, Вьетнам, Индонези, Энэтхэг зэрэг аль ч талаараа жин дарах улс орнууд хөдөлгөөнд орсноор энэ бүс нутаг дахь батлан хамгаалах зардал огцом өсч, дэлхийд хамгийн их цэргийн техник технологи худалдаж авдаг бүс нутаг болоод байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Сентоза арал хэмээн нэрлэгдэж байсан одоогийн Сингапур Улс л гэхэд байлдааны зэвсэглэл худалдаж авах мөн энэ зорилгод хамаарагдах технологийг худалдаж авч нутагшуулах асуудлаар  дэлхийд эхний 10-т орсон байна. Гэтэл Европын холбооны  улсуудын шинэ зэвсэг, техникийн худалдан авалт сүүлийн 10 жил буурснаар барахгүй танкны тоогоо бараг хоёр  дахин багасгасан судалгаа байх юм. Номхон далайд нөлөөгөө бэхжүүлж, өөрийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд Хятад Улс эдийн засгаа  эрчимтэй өсгөх зорилт тавихын зэрэгцээ тэнгисийн цэргийн хүчирхэг флот байгуулах мөрөөдлөө ажил хэрэг болгохыг  эрмэлзсээр байна. Гэвч Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос зэрэг улсууд тэнгисийн цэргийн салбар дахь бэлтгэгдсэн мэргэжилтэн, тусгай зориулалтын усан онгоцоор илүү байгаа нь Хятадын цэргийнхний санааг зовоож байна. Хятад Улс хэдийгээр сүүлийн үед агаар болон хуурай замын цэрэг, боловсон хүчнээ хурдтайгаар шинэчилж байгаа ч технологи, шинжлэх ухааны суурь судалгаагаар баруунаас хол хоцрогдсон хэвээр байна. Жишээ дурдахад сүүлийн үед байлдааны онгоцны гол эд анги болох хөдөлгүүрийн лицензийг  Оросоос  авч, дотооддоо үйлдвэрлэж байгаа учраас тус улсаас хараат байна гэсэн үг.

Монгол Улс  түүх, газар зүйн хувьд хоёр  том гүрний дунд найрамдалт харьцаатай оршин  тогтнож байгаа ч   хөршүүдийн гадаад бодлого хамгийн их нөлөөлж болох магадлал хэвээр байсаар байна. Түүхийн зарим эгзэгтэй мөчийг дурдахад Манжийн үеийн Орос, Чин  хоёр  улсын Аргуны хилийн хэлэлцээрээр гадаад Монголын талаар ярилцан бараг өнөөгийн хилийн зааг, газар нутгийн байршлыг хөндсөн   байдаг. Мөн Орос, Японы дайны дараа гадаад Монголыг Орост, Манжуурыг Японд, Түвдийг Англид хуваарилан тухайн улс бүхэн нөлөөгөө тогтоох нууц тохиролцоо хийгдсэн байдаг. Сүүлд XX  зуунд Хиагтын гурван  улсын гэрээгээр Монголыг Чин буюу одоогийн Хятадын бүрэлдэхүүнд автономит эрхтэйгээр орохыг Орос, Чин хоёр улс  хүчээр тулгасан байдаг.  1911, 1921 оны Монголын Үндэсний болон Ардын хувьсгал Зөвлөлт Орос Улсын  шууд дэмжлэгтэйгээр хийгдсэн.  Дэлхийн II  дайны төгсгөлд АНУ, ЗХУ, Англи гурав дайны дараа Монголын статус-квог хүлээн зөвшөөрөх талаар тохиролцсон, бараг 40 гаруй жилийн дараа 1949 онд манай  тусгаар тогтнолыг БНХАУ хүлээн зөвшөөрсөн. Монгол Улс 1961 онд олон бэрхшээл туулан  байж НҮБ-ын гишүүн болсон зэрэг Монголын тусгаар тогтнолд шийдвэрлэх нөлөө бүхий олон үйл явдалд хоёр хөрш орон байнга онцгой нөлөөтэй оролцсон юм.

Хэдийгээр манай хоёр хөршийн харилцан ойлголцол өндөр түвшинд  байгаа боловч иймэрхүү томоохон хэмжээний уулзалтын үеэр хөрш орнуудын талаар нууц яриа хийдэг нь батлагддаг бөгөөд үр дагавар нь 10-20 жилийн дараа ойлгогддог бичигдээгүй жамтай. 2012 оны сонгуулийн үр дүнгээр бий болсон УИХ, Засгийн газрын бодлогыг хөршүүд маш анхааралтай харж байгаа гэдгийг хэзээ ч мартаж болохгүй бөгөөд дэлхий нийтээрээ түүхий эдийн хомсдолд орсон энэ үед өвөг дээдсээс өвлүүлж өгсөн энэ газар нутгаа, ирээдүйгээ хамгаалсан Монгол төрийн бодлого яах аргагүй үгүйлэгдэж байна. Манай Улсын гадаад бодлого хоёр хөршийн харилцаандаа задлан шинжлэх, харьцуулсан судалгааг байнга хийж дүгнэлт гарган  баяжилт хийж байх нь чухал бөгөөд энэ чиглэлийн эрдэм шинжилгээний шинэлэг судалгааны ном материал Орос, Хятад болон АНУ-ын Харвард их сургуулийн номын сан, Францын Сорбаны их сургууль, Тайвань, Хон-Конг, Иран, Ирак болон бусад орнуудад байгаа материалтай зүйрлэхийн адилгүй бага байгаа нь харамсалтай юм.

Манай хоёр хөрш мэдээллийн хяналттай  ч гэсэн энэ сэдвээр маш олон хүн өөрсдийн санаа бодлоо чөлөөтэй бичиж болж байхад  бид монголчууд дуугай сууж байгаадаа дүгнэлт хийх цаг болжээ. Стратеги судлалын боловсон хүчнээ дэс дараатай бодлогоор  бэлтгэн орос судлал, хятад судлалаар мэргэжсэн шинжээчдээр хөршүүдийн хэвлэл мэдээллийн бүх мэдээлэлд байнга мониторинг хийх, дүгнэлт гарган төр засагтаа мэдээлдэг зарчмыг тогтоох шаардлага өндөр тавигдаж байна. Орос,Хятадад геополитикчид, стратегийн судалгааны судлаач, шүүмжлэгч, мэргэжилтнүүд  нэгдэн клубын системээр төр засагтаа мэдээлэл хүргэн бүр бизнесийн хүрээнийхэндээ зөвлөгөө өгдөг болжээ. Дэлхийд жижиг гэгддэг ч аюулгүй байдлаа өндөр хэмжээнд авч яваа Израйл, Финланд, Швед, Швейцари зэрэг улс орнуудын батлан хамгаалах салбарын гайхам амжилт, туршлагыг ул суурьтай, бодлоготой судлах тэргүүн зэргийн шаардлага хоёр аугаа гүрний дунд орших цөөхөн монголчууд бидэнд зүй ёсоор тулгарч байна.

Стратеги судлаач Гомбосүрэнгийн  Энхтүвшин


URL:

Сэтгэгдэл бичих