Хаяг, хаягийн байгууламж байрлуулах журмын төсөлд санал авч эхэллээ

Байгууллага аж ахуйн нэгжийн хаяг, хаягийн байгууламж нь тухайн байгууллагын дүр төрх, нүүр царай болохын зэрэгцээ хотын өнгө үзэмж дизайныг тодорхойлогч хүчин зүйлсийн нэг байдаг.
Өнөөдөр Нийслэл Улаанбаатар хотод хаяг, хаягийн байгууламж байрлуулахад ямар нэгэн эрхзүйн орчин байхгүйн улмаас байгууллага аж ахуйн нэгжүүд өөрийн загвар дизайнаар янз бүрийн хэлбэр хийц бүхий хаягийг хийн байрлуулж байгаа нь хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна.
Стандартын дагуу хийгдсэн хаягийн самбарууд. хангалттай хэмжээнд байдаггүйгээс талбайн нэршлийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд сайн мэддэггүй. Үүнээс үүдэн барилга байгууламжийн хаяг, хаягийн байгууламжийг стандартын дагуу хийж байрлуулах зайлшгүй шаардлагатай болж байна.
Тиймээс хаяг байрлуулсан байгууллага болон, олон нийтийн эрх ашиг, хэрэгцээг үндэслэн  “Нийслэлийн нутаг дэвсгэрт хуулийн этгээдийн хаяг, хаягийн байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын төслийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас анхлан боловсруулан гаргалаа.
Улаанбаатар хот өргөжин тэлж, хүн амын төвлөрөл ихсэж байгаа энэ үед журам батлагдсанаар барилга байгууламж, гудамж талбайн хаяг байршлыг зөв зохион байгуултад оруулах боломж бүрдэнэ. Энэхүү журмын төслийг та бүхэнд нээлттэйгээр танилцуулж байна гэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллээ.
“Нийслэлийн нутаг дэвсгэрт хаяг, хаягийн байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын танилцуулга
Нийслэлийн гудамж зам талбайн өнгө үзэмжийг дээшлүүлэхэд байгууллага аж ахуйн нэгжийн оролцоог бий болгох зорилготой энэхүү журам нь 9 зүйлтэй.
Журмаар батлагдсанаар гадна хаягийн байгууламжийн нэгдсэн загвар бий болгох бөгөөд Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллага, Аж ахуйн нэгж байгууллагын  эрх үүрэг, хүлээх хариуцлага хоорондын харилцааг зааж өгөн, олон нийтийн эрх ашигт нийцсэн эрхзүйн орчинг бий болно.
Нэгдсэн загвар гарснаар
• Самбарын тоо, хэмжээ, мэдээллийг хязгаарлах.
• Тэмдэглэгээний элементүүдийн зохицолдолгоо, явган хүнд харагдах байдал
• Архитектур, орон зайн төлөвлөлт, барилгатайгаа зохицсон байх
• Монгол хэлээр бичих.
• Үсэг болон дүрсний хэмжээ
• Нэр болон брэндээ таниулах боломжтой хамгийн бага мэдээллийг ашиглах
• Самбарт бодит эд зүйлсийн зураг фото байрлуулахыг хориглох.
• Байгууллагын онцлогийг илэрхийлсэн өнгийг сонгож болох ч орчин тойронтой нь уялдуулах төлөвлөх.
• Ганддаг материалаас бусад төрөл бүрийн материал ашиглах.
• Гэрэлтүүлэгтэй байх, хэт тод биш гэрэлтүүлэг ашиглах.
• Дотроос нь гэрэлтүүлэх аргаар хийх тохиолдолд бичиг ба дүрсийн хэсэгт хэсэгчилсэн гэрэлтүүлгийн аргаар хийх.
• Анивчдаг гэрлийн хэлбэрийг хэрэглэх, гэрэлтүүлгийг ил хэлбэрээр ашиглахгүй байх гм ач холбогдолтой юм.
Үр дүн: 
Энэхүү журам нь өнөөдрийн эмх замбараагүй, янз бүрийн хэмжээ, хийц бүхий хаягийн самбаруудыг цэгцлэх гарын авлага болно.

URL:

Сэтгэгдэл бичих