Хуучин сэлбэг, дугуйны импортод хяналт тавина

дугуйЗам, тээврийн яамныхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажиллах гэрээг өчигдөр үзэглэв.
Сүүлийн жилүүдэд замын чанар муугаас зам тээврнйн осол гарах нь ихэссэн. Үүнийг мэргэжлийн байгууллагынхан импортоор машины хуучин дугуй, хятад мотоцикль ихээр орж ирж байгаатай холбон тайлбарлаж байгаа юм. Тиймээс дээрх байгууллагууд хамтран БНХАУ-аас импортоор оруулж ирж байгаа мотоцикль, БНСУ-аас оруулж ирж байгаа хуучин машин, сэлбэг хэрэгсэлд хяналт
тавихаар болсон байна. Түүнчлэн авто тээвэр, автозам, төмөр замын тээврийн улсын байцаагчдын хяналтыг сайжруулж, тогтмол хяналт тавьж ажиллуулах ажлыг улам эрчимжүүлэх ёстой гэдэг дээр санал нэгджээ.

Энэхүү гэрээ байгуулах ажиллагаанд Зам, тээврийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын  газрын дарга Б.Бямбажав, Зам, тээврийн хяналт, бүртгэлийн газрын дарга Б.Жаргал, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Билгүүн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх, тус газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал болон албаны бусад хүн оролцсон. Энэ үеэр МХЕГ-ын дарга Д.Батмөнх “Энэ оны эхний гурван сарын байдлаар орон нутагт 220 мотоцикль осолдож, 20 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Түүнчлэн Монголын замын нөхцөлд таарахгүй хуучин дугуй импортоор ихээр оруулж ирж байгаа нь осол гарахад нөлөөлж байгаа. Энэ мэтчилэн хоёр байгууллага хамтрын ажиллагаагаа улам эрчимжүүлэх шаардлагатай байна” гэлээ.

Харин ЗТЯ-ны ХШҮДАГ-ын дарга Б.Бямбажав “Зам, тээврийн салбарт хэрэглэгч, зорчигчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах нь    хамгийн чухал. Хуучин тээврийн хэрэгсэл, автомашины дугуй зэргийг импортоор оруулахгүй байх чиглэлээр БНСУ-тай хэлэлцээр хийж байна. Манай улсад усан замын тээвэрт хяналт тавих ажил брхигдож байгаа гэдгийг хэлмээр байна. Одоо тээврийн хяналтын хуудас байгаа ч автозамын зураг төслийн ажил дээр тавих хяналт муу байгаа. Энэ асуудалд МХЕГ дорвитой ажил хийж, хяналт шалгалтыг замын зураг төслийг хийж байх үед нь тавимаар байна. Замын чанар муу гэж яригдаж байгаа нь зураг төслийн ажилд тавих хяналт сул байгаагаас шалтгаалдаг. Автозамын хяналтын хуудастай болох хэрэгтэй” гэсэн юм.
Л.Гэгээ


URL:

Сэтгэгдэл бичих