Л.Эрдэнэтуул: Орос, Хятадын хоорондох хөгжлийн галт тэргэнд амжиж суух хэрэгтэй

6-5-1

Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор “Улс төр, стратеги судлалын төв”-ийн тэргүүн,  улс төр судлаач Л.Эрдэнэтуулыг урилаа.

-Дэлхийн улс төр,  эдийн засаг, геополитикт  шинэ нөхцөл байдлыг үүсгэж буй ОХУ, БНХАУ-ын хооронд тавих байгалийн хийн хоолойн талаар яриагаа эхэлье.  Монгол дамжуулагч орон болох  эсэх, эдийн засгийн үр өгөөж, ач холбогдлыг хүмүүс янз бүрээр таамаглаж байна. Танай судалгааны төв  ямар дүгнэлт хийж  байна?

-Орос,Хятадын байгалийн хийн хоолойн тухайд  Шанхайд болсон уулзалтаар 30 жилээр гэрээ байгуулагдлаа.

Энэ шинэ асуудал биш. Хятад улс  олон жилийн өмнөөс Оросоос  байгалийн хий  их хэмжээгээр импортлох сонирхолтой байсан.  Хятад улс өөрөө бас  маш том зах зээл. Гэхдээ сүүлийн арав гаруй жил хоёр улсын харилцаа  улс төрийн шалтгаанаар зогсонги байдалд явж ирсэн. Үүнийг задлаад ярих юм бол нэгдүгээрт, байгалийн хийн үнийн асуудал байсан. Хятадын тал  хөнгөлөлттэй нөхцлийг нэхэж, шаардаж байсан. Оросын тал боломжгүй гэсэн хариу өгч ирсэн. Энэ бол эдийн засгийн харилцаанд байсан асуудлууд. Улс төрийн үүднээс  ямар шалтгаан байв гэвэл, Оросын тал аль болох өртөг багатай маршрут буюу хийн хоолойг Монголоор дамжуулах хувилбар гаргаж байсан. Үүнийг Хятадын тал  огт зөвшөөрдөггүй байлаа. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж, Украинд асуудал хүндэрснээс үүдэн ОХУ-ыг НАТО-гийн буюу барууны орнууд эдийн засгийн хатуу хориг арга хэмжээнд оруулсан. Нэгэнт барууны орнууд ингэж хандаж байгаа нөхцөлд ОХУ, Ази Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн улс төр, эдийн засгийн бодлогоо эрчимжүүлэхээс аргагүй байдалд хүрч байна. Түүний нэг илрэл нь БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх гэрээ үзэглэлээ. Энэ  нь манайд ч  ашигтай. Яагаад гэвэл энэ бол Монголыг хамарч байгаа бүс нутаг шүү дээ. Ганц Хятад улс ч биш, Солонгос, Японы хувьд Оросын Алс Дорнод, Сибирийн нөөц баялгийг сонирхож байна. Тэгэхээр эдийн засгийн хувьд манай бүс нутаг ойрын  10-20 жилд нэлээд  эрчимтэй хөгжинө гэсэн үг. Хамгийн гол нь Монгол Улс энэ хөгжлөөс, хөдөлж байгаа тэр галт тэргэнд амжиж суух асуудал босч ирж байгаа юм.

-Хөгжлийн галт тэргэнд амжиж суухын тулд манай улс  яах  ёстой вэ?

-Мэдээж бид амжиж суух хэрэгтэй. Түүний тулд  хийн хоолойн асуудалд  хөнгөн хандаж болохгүй. “Манай улсаар дамжихгүй юм байна”  гэж халаглаад л. “Өө, Орос, Хятад хоёр ханцуйндаа хуйвалдчихлаа” гээд байх хэрэггүй. Тэр тийм биш. Яагаад гэвэл, үнийн асуудалд ОХУ хэч­нээн буулт хийсэн ч гэсэн өнөөдрийг хүр­тэл Монголоор дамжуулах маршрут нь  хувилбарын хувьд байж л байгаа. Хамгийн гол нь монголчууд бид, ялангуяа манай улстөрчид  асуудалд хэр өргөн цар хүрээтэй хандаж чадах вэ. Ёстой тэр Чингисийн үеийг ярих дуртай юм бол Чингис хааны дайтай төрийн хар хайрцагны бодлогоор асуудалд хандаж чадах уу, үгүй юу. Дотооддоо тогоо тойрч  намчирхсан хэрүүлээ зогсоож  улс орныхоо эрх ашгийг харж чадах уу, үгүй  юу гэдэг дээр  асуудал тогтож байна. Өнөөдөр дэлхийн улс төр, эдийн засаг, геополитикт шинэ нөхцөл байдал үүслээ. Хамгийн гол нь үүнд судалгаа хэрэгтэй. Гэтэл дэлхий нийтийн  геополитик өөрчлөгдөж байгааг судалсан,  судалгаа хийсэн байгууллага нэг ч алга. Асуудлыг хариуцаж байгаа байгууллагуудад нь ажиллаж буй мэргэжилтнүүд дотор нь ч мэдэж байгаа хүн алга. Дандаа намын, хамаатан садны, тойрон хүрээллийн байдлаар төрийн албанд авдаг зуршлаас болж өнөөдөр ажлаа, салбараа  мэддэг хүн байхаа байж. Ганц нэг ТББ, судалгааны байгууллагын зүгээс хийж чадах юмаа хийж л байна. Манай “Улс төр, стратеги судлалын төв” бол Украинд үүсээд байгаа нөхцөл байдлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард  буюу Киевт анх Майдан босохын өмнөөс эхлэн мониторинг хийж, тасралтгүй судалж  ирсэн.

-Судлаачийн хувьд Украин руу явахаар хөөцөлдөж байгаа гэж өнгөрсөн хавар ярьж байсан. Тэр юу болсон бэ?

-“Улс төр, стратеги судлалын төв”-өөс  олон сарын турш Украинд үүсээд байгаа нөхцөл байдлыг  судалсны үндсэнд зайлшгүй  газар дээр нь судлах  шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

- Учир нь?

-Тэнд өрнөөд байгаа  хүйтэн болон халуун дайны хажуугаар нэгэн  цоо шинэ үзэгдэл үүссэн. Тэр нь мэдээллийн дайн. Цахим орчинд,  хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжын орчинд үндсэндээ дэлхийн гуравдугаар дайн эхэлчихээд байгаа. Ийм нөхцөлд газар дээр нь очиж, хүмүүстэй уулзаж, яг юу болоод байгаа талаар   бодит мэдээлэл авах нь онцгой ач холбогдолтой   юм. Энэ үүднээс бид  хамтрах байгууллага, улс төрийн намууд, улс­­төрчдөд хандсан. Одоо­­гийн байдлаар Украин явах асуудлыг  зөвшөөрнө,  дэмжинэ гэд­гээ Н.Энхбаяр дар­­гатай МАХН илэр­хий­лээд байна. Үүнд бид баяртай байгаа. Нэг ч гэсэн улс төрийн нам энэ судалгааны ач хол­богдлыг ойлгож, Монголын нийтлэг эрх ашгийн үүднээс хандаж байгааг  тэмдэглэхэд таатай байна. Судлаачийн хувьд миний бие энэ сарын сүүлчээр Украинд ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

-Украин Монголын харилцааны онцлогийг та юу гэж үзэж байна?

-Хуучин ЗХУ байх үед Монголоос  маш олон оюутан Украинд очиж суралцдаг байсан. Одоо ч гэсэн ахмад үе, миний үеийнхэн дотор  Украинд юу болоод байна вэ гэж элэг нь эмтэрч, сэтгэл нь зовж байгаа олон хүн бий. Энэ талаас, өөрөөр хэлбэл хүн ёсны харилцааны үүднээс  манай ард түмнүүд сэтгэл ойр гэж болно. Улс төр талаас Украины геополитикийн эмгэнэл гэж хэлэх юм уу, газар зүйн байршлынхаа  хувьд  өрнө, дорно гэдэг шиг зүүн, барууны заагт оршиж байгаа нь  асуудал юм. Гэхдээ Украинд үүссэн нөхцөл байдлыг судлаачийн хувьд баримт  баталгаатайгаар  хэлэхэд асуудлыг ОХУ, оросууд  өдөөгөөгүй. Хэдийгээр  барууны талын хэвлэл, мэдээллүүд тийм ойлголт төрүүлэх гэж байгаа ч үнэн байдал тийм биш. Нарийндаа  бол НАТО-гийн бүсээ өргөжүүлэх гэсэн  АНУ, Европын холбооны 20 жил үргэлжилсэн бодлого өнөөдрийн эмгэнэлийг төрүүлсэн.

- Тэр бодлого нь яг  юу байсан бэ гэдгийг  дэлхий нийт мөн л янз бүрээр, тодруулбал хоёр талтай  тайлбарлаж байгаа шүү дээ?

- Украиныг Оросын нөлөөнөөс тасалж аваад НАТО-гийн цэргийн бөгөөд Европын холбооны  нэгэн түшиц газар болгох сонирхол дээр  л улс төрийн  бүх тоглолт болсон. Гэтэл Украины өөрийнх нь үндэсний улстөрчид нь Монголын  зарим улстөрч шиг хэтэрхий өчүүхэн сэтгэж, өөрсдийн өчүүхэн амбицад хөтлөгдөн өнөөдөр ийм том эмгэнэлд хүргэчихэж байна шүү дээ. Тэгэхээр монголчууд энэ алдааг давтахгүйн тулд сургамж авах хэрэгтэй. Явцуу эрх ашиг, явцуу амбиц улс орноороо тоглоход хүргэдэг. Ялангуяа дэл­хийн томоохон гүрнүү­дийн сонирхлын дунд байгаа жижиг улс орнуу­дын хувьд ямар эмгэнэл байдаг вэ гэдэг бидний хувьд, монголчуудын хувьд сургамж болох ёстой.

-Өнөөдөр Монголын улс төр, намууд төлөв­шөөгүй  байгааг  судлаачид тогтоочихсон, өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Энэ нөхцөлд дотоод, гадаад харилцаа төдийгүй  геополитикийн байдлаа аваад үзэхэд түрүүнд ярьсан хоёр том хөршийн хооронд байгалийн хий дамжуулах орон болох нь манай аюулгүй байдалд эрсдэлтэй алхам биш үү?

-Мэдээж нөлөө бий. Гэхдээ эерэг нөлөөтэй. Үүнд би маш тодорхой байр суурьтай байгаа. Аль ч намыг үл харгалзан хэлэхэд, Монгол шиг хүн ам цөөнтэй,  газар зүйн тийм ч таатай байршилтай бус улс орны хувьд,  дээр нь олон хүний шуналыг хөдөлгөж байгаа нөхцөлд хүссэн хүсээгүй аль нэг хөршөө түшиглэж байж аюулгүй байдлынхаа баталгааг хангуулна шүү дээ. Энд нэг зүйлийг хэлэхэд, түүхэн үүднээс авч үзсэн ч, өөр ямар ч нөхцлөөр аваад  үзсэн монголчууд  хэзээ ч Хятадын хараат байгаагүй. Түүхээ сөхөөд харъя л даа, тэнд Монголын аюулгүй байдлыг хамгаалж  Монголын төлөө, газар нутгийн  төлөө цусаа урс­гаж байсан цорын ганц гадаад үндэстэн бол Орос гэж цагаан дээр хараар бичээстэй бий. Энэ түүхийг тэд цусаараа бичиж, газар шороон дээр нь халуун амь, алтан шарилаараа тамгалж үлдээсэн. Энэ ганц сэтгэлзүйн асуудал ч бас биш, хэрэв Монгол Улс байхгүй бол  ОХУ-ын Алс Дорнод, Сибирийн аюулгүй байдалд  асуудал шууд  тулгарах  учраас байгалийн хийн хоолойг тэд манай улсаар дамжуулах тусмаа манай улсын аюулгүй байдлыг улам баталгаажуулна гэсэн үг. Дахиад хэлэхэд, Монгол Улсын аюулгүй байдлын цорын ганц баталгаа бол нэгдмэл бөгөөд хүчирхэг Орос улс. Нэршлийн хувьд яаж ч нэрлэгдэж болно, ЗХУ гэж байсан, дээхнэ Хаант Орос улс гэж байлаа, одоо ОХУ гэж байгаа. Монголчууд хэзээ ч Оросуудтай харилцаагаа муутгаж болохгүй. Яагаад гэвэл, бидний язгуур эрх ашиг нэг. Оросууд хэзээ ч Монголыг эзэлье, уусгая, өөрийн нутаг дэвсгэр болгоё гэж өнгөлзөхгүй. Урд хөршийн мөлхөө бодлогыг зогсооход өнөөдөр Украинд байгаа орос хэлтнүүдийг хамгаалж байгаа шиг тэд монгол ах дүү нараа хамгаалах болно гэдэгт би итгэдэг. Үүнийг манайхан ойлгож, ухаарах хэрэгтэй. Энд хэзээ ч АНУ-ын десант буухгүй, Английн тусгай албад ирж биднийг хамгаалахгүй. Монголыг хамгаалж чадах, туслаж дэмжих ганцхан улс бол Орос, энэ гашуун үнэн. Үүнийг социализмд байгаагүй залуу үе маань,  барууны ертөнцийг сонирхож, барууны боловсролоор хүмүүжиж буй  залуус  сайн ойлгох хэрэгтэй.

-Байгалийн хий дамжуулах хоолойн маршрут, манай хойд, урд хөршийн харилцаанаас  үүдэж дэлхий нийтэд шинэ нөхцөл байдал үүссэн тухайд та бид зөндөө ярилаа. Одоо Монголоор дамжин өнгөрөх, эсэхээс үүдэж гурван улсын харилцаанд шинэ  нөхцөл байдал үүссэн гэдгийг жаахан тодруулах хэрэгтэй гэж бодож байна?

-ОХУ-ын Ерөнхий­лөгч В.Путин “Блүүм­берг”-т өгсөн ярилц­лагадаа дурдсанаар бол Засгийн газартаа үүрэг өгсөн байна. Нөхцөл байдал өөрчлөгдөж байгаатай холбогдуулан  Монгол Улстай харил­цах харилцаанд шинэ концепц гаргаж танилцуулахыг үүрэгдээд удаагүй байгаа юм. Тэгэхээр  манай Засгийн газар ч гэсэн шинэ нөхцөл байдалд уян хатан хандаж, ОХУ-тай харилцах харилцаагаа шинэ төвшинд гар­гах шаардлагатай гэ­сэн үг. Шанхайн уулзалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж очиж, хоёр талын удирдагчтай уулзсан нь сайн хэрэг. Дээр нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг  ОХУ-ын тэргүүнтэй уулзсан байна лээ. Нааштай мэ­дээлэл солилцох хэм­жээнд уулзалт болсон ч гэлээ тэр бол манайхны хувьд том дохио. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр анх сонгогдоход ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев  Халх голын ялалтын ойг тохиолдуулан манайд ирж байсан. Түүнээс өмнө “Улаанбаатарын тунхаг”  уулзалтад бас ирж байсан. Олон удаа ОХУ Монголд дохио ирүүлж байлаа. Тэдгээрийг сайн харилцааг эрхэмлье, ширээний хоёр талд сууя  гэсэн дохио гэж  ойлгож болно. Гэтэл манайхан мэдрэмжгүй хандсан, ний нуугүй хэлэхэд тоом­жиргүй байсан. Тэгвэл өнөөдөр үндсэндээ  дэл­хийн гуравдугаар дайны нөхцөлд Ерөнхийлөгч В.Путин Засгийн газартаа өөрийн биеэр үүрэг өгч байна гэдэг бол маш том дохио. Энэ дохиог манайхан, манай Ерөнхийлөгч, Ерөн­хий сайд, УИХ хүлээж авах хэрэгтэй. Дээр нь түрүүнд миний хэлсэнчлэн Монго­лынхоо улс төрийг 2016 оноор хэмжилгүй,  улс орны хөгжлийн хэтийн төлөв, чиг баримжааг наанадаж  20 жилээр харж төлөвлөөч гэмээр байна. Дахиад хэлэхэд, тийм том сигналыг  дэлхийн топ, номер нэг улстөрч  өгч байна шүү дээ. Хэдийгээр манайхан оюун санаа, төрийн бодлого, улстөрчийнхөө зиндаагаар тэр хүний  хэмжээнд дөхөж очихгүй байгаа ч тэр хүн Монгол Улсад ач холбогдол өгч байгааг ойлгож,  хүлээж авч харилцах хэрэгтэй.Тиймээс эцэст нь хэлэхэд, олдож байгаа боломжийг яаж ашиглах вэ гэдэг дээрээ сайтар  зөвлөлдөх нь зүйтэй гэж хэлмээр байна.

Ч.ҮЛ-ОЛДОХ

/Зууны мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих