ХОТЫН ДАРГЫН ХҮҮГИЙН КОМПАНИ ХААЛГАА БАРЬЖЭЭ

Гранд лайнШинэчлэлийн Засгийн газрын эдийн засгийг идэвхжүүлэхээр амласан 100 хоногийн талаас илүү нь талийгаад одсон. Өнгөрсөн хугацаанд эдийн засаг идэвхжээд илтэд сэргээд ирлээ дээ гэхээр зүйл ч алга. 1800 төгрөгөөс хол давсан ноён долларын ханш Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нарыг огцруулах тухай яриа хөөрөө шахалт шаардлагатай зэрэгцээд хэсэг хугацаанд нааш цааш савлалгүй тогтож, зарим өдөр хоёр гурван төгрөгөөр буурч байв.

Гэвч хаврын чуулган хаалтаа хийж эрхэм гишүүд найр наадмынхаа ажилд гарсан тул огцрох, огцруулах асуудал намар болтол намжсан. Энэ үйл явдалтай хамт өнөөх ам.долларын ханш буух байтугай буцаад өсч эхэлсэн байна. Түүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт цойлж, хүмүүсийн авдаг цалин, амьжиргаа залгуулах хэдэн төгрөг л газарт үлдэв.

Эрх баригчдыг эдийн засаг хямарсан, хямраагүй тухай цэц булаацалдаж, сандал суудлын хэрүүл хийж байх зуурт баялаг бүтээгч бизнес эрхлэгчдийн байдал улам бүр уруудаж, эхэлсэн ажлынхаа үр шимийг ч хүртэж чадалгүй үүд хаалгаа хаахад хүрч байна. Эдийн засгийг эрчимжүүлнэ хэмээн Н.Алтанхуягийг чанга  дуугаар  хашгирснаас  хойш хэчнээн олон хүн ажилгүй болсныг тоолж тооцож байдаг газар байгаа болов уу. Хямралын шуурганд өртөж гал алдсан аж ахуйн нэгжүүдийн эгнээнд хотын дарга Э.Бат-Үүлийн хүүгийн  байгуулсан  “Гранд лайн” компани нэгдэж буй бололтой. Энэ нь сүүлийн хэд хоногт Б.Чулуудай захиралтай “Гранд лайн” дампуурсан гэнэ, ажилчдаа тарааж, ажлаа зогсоосон гэх яриа зүгээр ч нэг хов жив төдийхнөөр тараагүйг баталж буй аж.

Уг нь улс төр, эдийн засаг гээд бүхий л талын дэмжлэг, түшиг тулгуур сайтай “Гранд лайн”-ыг Шинэчлэлийн Засгийн газрын үед л жинхэнэ утгаараа ашиг орлоготой байж томорч өргөжих шангаа одоо л тавина хэмээн олон хүн харж байв. Түүнийг нь батлах мэт Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулах төслийг хэрэгжүүлэх 11 компанийн нэгээр “Гранд лайн” шалгарсан билээ. Реклам сурталчилгаа ч сайн явж, “Барилгынхаа зураг төслийг гаргахдаа туркүүдтэй хамтарч ажилласан. Сайн зурагтөсөл болсон” гэж ирээд л Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатаас эхлээд л хотын том жижиг дарга нар амаа олохгүй магтаж байсан нь саяхан. “Гранд лайн” компани Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрийн 15.7 га газрыг барилгажуулахаар төсөлд шалгарсан. Зураг төсөл нь бэлэн болсон гээд барих сууцандаа орох хүмүүсээс захиалга аваад эхэлчихсэн байв. “Улаанбаатар” их дэлгүүрт тус компанийн маркетингийнхан шинэ босгох хорооллынхоо танилцуулгыг хийж түүнийг нь сонирхсон хун тун олон байсан. “Гранд лайн” компанийн барилга барихаар авсан хэсэгт гэр хорооллын 157 хашаа хамрагдаж буй бөгөөд уг газарт эхний ээлжинд 92 айлын амины орон сууц, 104 айлын орон сууц барихаар төлөвлөсөн тухай тэр үед танилцуулж байсныг дуулж сонссон, бас яг л эндээс байр авъя хэмээн тооцоолсон хүн нэг биш байсан байж таарна.

Гэтэл барилга босох хөг нь өнгөрч “Гранд лайн” компани үйл ажиллагаагаа зогсоосон тухай мэдээлэл тархлаа. Туркүүдтэй хэл амаа ололцохгүй болоод ажлаа зогсоохоос өөр аргагүйд хүрсэн гэж ажилтнууд нь ярьж яваа ч яг үнэндээ эдийн засгийн шуурганд өртөж, амласнаа биелүүлэх хөрөнгийн гачаалд орсон гэцгээж байна. Хамтрагч нь ажилчид, барилгын материал гээд бүхий л зүйлийг Туркээс оруулж ирнэ гэсэн нь Б.Чулуудайд таалагдаагүй тухай яриа байгаа юм. Гэвч энэ үнэнээс арай л өнцөг өөртэй юм. Хамтраад ажиллая гэж тохирсон улс ийм зэргийн зүйлсээ урьдчилж тохиролгүй үйл ажиллагаагаа эхэлнэ гэж үгүй шүү дээ. Тиймээс “Гранд лайн” хаалгаа барьж, ажилчдаа тарааж эхлэхэд Туркийн тал биш Монголын эдийн засаг л буруутай. Хотын дарга хүүгийнхээ компанид давуу эрх олголоо гэдгээс эхлээд сайн муугаар хангалттай хэлүулснийх богинохон хугацаанд олны танил болоод байсан “Гранд лайн” барилгын ажлаа эхлүүлэх бололцоогүй болсон гэдэг яах аргагүй үнэн. Тиймээс тэдний хариуцаж байсан газарт гэр хорооллыг барилгажуулах нэртэй хотын том төсөл хэрхэн яаж үргэлжлэх нь тодорхойгүй боллоо.

 

Б.АГЬ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих