Засгийн газар “SouthGobi Sands” компанийн өмнөөс хөлөө хугалах шахам гүйж байна

Л.НОМИН

Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн 131 дугаар шийтгэх тогтоолд “…иргэний хариуцагч “Саусгоби сэндс” компаниас 35.252.394.670 төгрөгийг гаргуулж улсын орлогод (Сангийн яам)-нд оруулсугай” гэжээ. Энэ бол шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр.
7257164ecbd46444big
Гэвч, татвараас зайлсхийж 35.2 тэрбум төгрөг төлөх ёстой болсон “SouthGobi Sands” компани нь төлбөр төлөх гурван янзын хувилбар гаргаж Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгт хүсэлт хүргүүлсэн. Түүнийг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт барьж гүйгээд Сангийн сайд Б.Болорт судлаад танилцуул гэх утгатай асуудал болгоод уламжилж. Ерөөсөө л шүүхийн шийдвэр, тогтоол, хууль дүрэм хамаагүй мэт Ч.Сайханбилэгийн кабинет “SouthGobi Sands” компанид  яавал дарамт, чирэгдэлгүй байна вэ гээд хөдөлж эхэлсэн байх юм. 35.2 тэрбумаас нь 15 тэрбум төгрөгийг нь зургаан жилд хуваагаад, хугацаа, хувьцаа зэрэг зүйлсээ тохиръё гэх нь угтаа нэг дор төлөх ёстой Монгол Улсын шүүхийн шийдвэрээс гажуудаж байгаа зүйл л дээ.

Гэхдээ Сангийн сайд Б.Болор дээрх асуудлыг судалж үзээд, Засгийн газарт танилцуулсан гэдгийг өчигдөр Засгийн газраас албан ёсоор мэдэгдэв. Тус мэдэгдлээс үзвэл, Сангийн сайд Б.Болор гуравдугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “SouthGobi Sands” компанийн өр төлбөрийн асуудлыг Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. Ингээд улсын төсөвт төлөх төлбөрөөс бэлнээр төлөхөөр санал болгож байгаа дүн (15 тэрбум төгрөг)-г зөвшөөрч, үлдсэн хэсгийн төлбөрийн барагдуулах хуваарийг судлан үзэж, боломжит хувилбарын талаарх санал, шаардлагатай гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Сангийн сайд Б.Болорт даалгасан шийдвэр гаргасан юм байна. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэдэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар гэх бүхэл бүтэн бүтэц байхад ганцхан компанийн хүсэлтээр Засгийн газар хөдөлж, Ажлын хэсэг байгуулаад амжиж гэдгийг энэ мэдэгдлээс харж болох нь.

Гэтэл муухай харагдах гээд байгаа болохоор гадаадын хөрөнгө оруулагчдыг монголчуудаас дээр үзэж, ялгаж, салгах ойлголт байх ёсгүй. Монгол Улсын газар нутагт байгаа л бол хууль, дүрэм аль ч улсын иргэнд адил тэгш үйлчлэх ёстой байдаг.

Саяхан гэхэд үндэсний үйлдвэрлэгч, “Exclusive” брэндийг үндэслэгч Г.Майцэцэг татвараа төлөөгүй тул данс хаах, үл маргах журмаар гаргуулах, бусад орлогоос гаргуулах, битүүмжлэх зэрэг хариуцлага тооцуулсан. Улмаар “Дансаа нээж чадахгүй байгаа тул өрөө өгч чадахгүй байна. Дансыг маань нээж өгнө үү” гэх хүсэлт гаргасан ч хэн ч тоогоогүй. Мөн “SouthGobi Sands” компанийн Засгийн газарт тавьсан саналтай адил “Татварын өрийн график гаргаад төлье” гэсэн ч хуулиас давсан дүрэм, журам гэж байхгүй гэх хариу авсан тул “мах маяагаа” зулгаахаас өөр сонголт түүнд үлдээгүй билээ. Одоо тэрээр төмөр нүүрээ харуулсан төрийн эсрэг нийгмийн хөдөлгөөнд харьяалагдаж, жагсаал цуглаанд үгээ хэлж, нийгмийн идэвхтэн болоод байна.

Мөн ойрын энэ жишээнээс гадна бидэнд холын жишээ бий. Тэр бол цагтаа бизнесийн салбарт цахилж явсан “Глоб”-ын Ж.Мэндбаяр. Есөн жил “аавынд” суусан тэрээр хохирогчдын төлбөрийг бүгдийг нь барагдуулах хөрөнгө, мөнгөтэй байсан ч хуулийн дагуу ял сонсч, биеэр эдэлсэн. Мөн тэр бүх хохирлыг барагдуулахаа зарлаж, Хадгаламж зээлийн хоршоогоо хувьцаат компани болгож хохирогчгүй болгох арга зам байгаа гэж хэдэнтээ хэлсэн ч түүний хүсэлтийг тухайн үедээ хүлээж аваагүй.  Мөн  27 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийг нь хоёр тэрбумаар болгон үнэгүйдүүлээд, хохирол барагдуулах боломжгүй болгосон гашуун түүх бий. Тухайлбал, дөрвөн давхар объектыг нэг давхар гэж бүртгээд, 4.3 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр зарсан. Мөн Хоршооны барьцаанд байсан 40 гаруй автомашиныг “Амгалангийн хорих анги”-ийн хашаанд аваачиж 10 жил байлгаснаас үнэлгээ нь “тэг” төгрөг болчихсон гээд түүнд төр засагт гомдоллох олон зүйл байдаг.

Гэвч, тэрээр жил гаруйхны өмнө “Би бүх ялаа эдэлсэн тул хохирол барагдуулах албагүй. Гэхдээ би өөрийн 27 тэрбум төгрөгийн өмчөө эргүүлж аваад, 10 тэрбумын хохирлыг барагдуулна” хэмээн хэлж байсан юм.

10 тэрбум төгрөгийн хохиролтой гэж үзээд 10 жилийн ял өгөөд, 27 тэрбумын хөрөнгийг нь үнэгүйдүүлж авсан төр засаг тухайн үедээ байж. Гэтэл улсыг залилж 35.2 тэрбумын хохирол учруулж, таван жилийн ял авсан иргэдийг “хөрөнгө оруулагч” нэрийн дор Ерөнхийлөгч нь уучилж явуулаад, одоо Засгийн газар өрийг нь хувааж, сунжруулж олон жил төлүүлэхээр хөл хөдөлгөөнд орсон төр засагтай болжээ.
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 8 April 2016

Баярцогт п-г алаад өг

Нэр: зочин Огноо: 8 April 2016

АНУ, Канадын гар хөл болж, эх орноосоо нүүр буруулж буй нөхдийг нөгөө шударга шүүх яагаад хянахгүй байна вэ? Шударга ерөнхийлөгчийн шударга шүүх Монголд маань байна уу?

Нэр: Anonymous Огноо: 8 April 2016

ene zavaan amerik er g shorond ni butsagaad xiix xeregtei bna

Сэтгэгдэл бичих