Өлгийтэй хүүхэд дайрчихаад зугтахыг хараад өөрийн эрхгүй араас нь хөөсөн

-ААВДАА ТЭВРҮҮЛЖ ЯВСАН ӨЛГИЙТЭЙ ХҮҮХЭД ГАЗАР ШИДЭГДЧИХСЭН-

Чингэлтэй дүүргийн нутаг, V сургуулийн өмнөх замд улсын дугааргүй автомашины жолооч яв­ган хүний гарцаар гарч байсан таван хүүхэд, хоёр том хүнийг дайраад зугт­сан хэрэг өнгөрсөн даваа гаригт гарсан би­лээ. Ту­хайн үед замын хөдөл­гөөнд оролцож бай­­­­сан иргэн осол гарга­сан жо­лоо­чийн араас хөөж, цаг­даагийн бай­гуул­лагад мэ­дээлэл өгсөн юм. Цөөнгүй хүний эрүүл мэндийг хохи­роочихоод ослын газраас зугтсан жолооч айж санд­­рахдаа дахин осол хийхгүй гэх баталгаа байхгүй.

Түүнээс ном журмын дагаа зам хөндлөн гарч байсан олон хүнийг хо­хироосон тэр хэрэг эзэн­гүйдэх магадлалтай байв. Тиймээс сэжигтэнг саа­туулж хуулийн байгуул­лагад хүлээлгэж өгсөн Т.Баярсайханыг “Сайн үйлс” буландаа урилаа.

“Надаас холуур бол боллоо” гэж хувиа хичээж, амиа аргацаалгүй бус­дын төлөө сэтгэл гарган иргэ­нийхээ үүргийг гүй­цэт­гэсэн тэрбээр “Гавьяа байгуулсан биш юугаа ярих юм” гэж багагүй цаар­галсан юм.

-Та өөрийгөө гавьяа байгуу­лаагүй гэж бодож байгаа ч сайн үйлс хийсэн байна. Ту­хайн үед зам сий­рэг байсан уу?

-Бага ангийнхны хи­чээл тарах үеэр шүү дээ. Ойролцоогоор 17.10 цаг болж байсан байх. Зам сийрэг байгаагүй. Нэлээд хөдөлгөөнтэй байсан. Тэгтэл “Toyota” маркийн,  улсын дугааргүй автома­шины жо­лооч гарцан дээр зогсч байсан хүмүү­сийг дайрчихаад яваад өгсөн.

-Тэр машин хурдтай явсан уу?

-Хурдтай явсан бол тэр хүмүүс байхгүй болчихсон байх байсан. Айхтар хурдтай яваагүй. Жолооч нь хүмүүсийг дайрчихаад тэр чигээрээ зугтчихсан.

-Өөрөө хаана нь явж байсан юм бэ?

-Осол гаргасан машинаас дө­рөв, таван машины хойно явж байсан. Осол гарсан даруйд За­мын цагдаагийн газрын 124 дугаа­рын утас руу залгаж мэдээлэл өгөх гэтэл машин нь улсын дугааргүй болчихоод байдаг.

-Тэгээд л хойноос нь хөөхөөр шийдсэн үү. Уг нь өөрөө дө­рөв, таван машины хойно явж байсан. Надад хамаагүй гээд орхиж болох байсан юм биш үү?

-Яалаа гэж дээ. Тийм хүн чанар­гүй юм гэж хаана байх вэ. Том хүнийг дайрсан бол нүдээ аниад өнгөрч болох байсан байх. Нүдэн дээр өлгийтэй хүүхэд зам дээр ойчиж байгааг хараад өөрийн эрхгүй араас нь хөөсөн.

Зугтсан машины араас нэг явган хүн, хоёр машин хөөсөн. Би ч осол гаргасан машины араас байран дундуур гараад явсан. Тэр зуурт араас нь явж байсан хоёр машин хөөхөө больчихсон. 124 дугаарт дуудлага авсан цагдаа “Араас нь дагаад байгаарай” гэж заавар өгч байсан. Би ч хаана явж байгаагаа мэдээлж байлаа. Ингээд Гэсэр сүмийн ойролцоо өнөөх машиныг гүйцэж саатуулсан.

-Цагдаа хэзээ нь очсон бэ. Осол гаргасан жолоочЧамд хамаагүйч гэх юм уу дайрч байна уу?

-Сүйдтэй юм яриагүй. Жолооч нь бүр самгардчихсан байсан. Цуг явсан хүн нь “Яасан. Юу болсон бэ” гэж байна лээ. “Олон хүн дайр­чихлаа шүү дээ” гэсэн чинь Замын цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн тэр даруйд ирсэн. Би хаана яваагаа хэлж байсан болохоор зэрэг шахуу очсон.

-Дайруулсан хүмүүсийн бие гайгүй болов уу?

-Гайгүй гэсэн. Нялх хүүхдийн бие гайгүй гэж сонссон. Харин нэгдүгээр ангийн бололтой нэг хүүхдийн бие тааруу байгаа гэж сонссон юм байна.

-Осол гаргасан жолоочийн ар гэрийнхэн дарамтална гэж бол­гоомжлоогүй юу?

-Өлгийтэй хүүхдээс гадна дөр­вөн бага ангийн хүүхэд байсан учраас жолоочийг нь барья л гэж бодсон. Болгоомжлоогүй ээ. Би цагдаад хүлээлгэж өгчихөөд л яваад өгсөн.

-Өөрөө иргэнийхээ үүргийг гүйцэтгэв үү. Эсвэл хүүх­дүүдэд буян болов уу?

-Хэн буруутан нь хариуцлага хүлээх ёстой биз дээ. Би өөрийн эрхгүй л араас нь хөөсөн.

-Таныг гэрчээр байн, байн дуудаад байхгүй байгаа.

-Үгүй байх. Цагдаа нарт хүлээл­гэж өгчихөөд явсан шүү дээ.

-Замын цагдаагийн газраас таныг урамшуулсан уу?

-Дурсамж маягийн зүйл өгнө гэсэн. Өнөөдөр очиж амжсангүй.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


URL:

Сэтгэгдэл бичих