МАХН-ы “отон тоглолт” хяналтаа алдав уу
Засаг төр үймж, парламентын хүчний харьцаанд юу юугүй өөрчлөлт орох нөхцөл байдал үүссэн талаар амтай бүхэн хэдэн хоног л шуугилаа. Зүй нь намын дарга нь нарсанд суугаа хүчнийхэн засгаас гарч, улс төрд дангаараа “дүр бүтээх” юм байх. Энэ тухайгаа ч байдгийнхаа баруун хаяанд уламжилсан гэх шив. Гэхдээ тэдний сачий нь хүрвэл сонирхолтой юм гээч.
Гэвч бодит байдал дээр энэхүү санаа нь хол явахгүй гэдгийг тус намын гол удирдагчид хэнээр ч хэлүүлтгүй мэдэж байгаа. Тиймдээ ч саахалт авгайчуудын “цайны хачир” шиг цуу дэгдээснээс бус албан ёсны мэдэгдэл хийхийг төвдөхгүй байжээ. Хэрэв тэд Н.Алтанхуягийн танхимыг орхиж, энхрий хайрт даргынхаа “улаан хамгаалагч”-ийн үүргийг тууштай гүйцэтгэнэ гэвэл улс төрд хэн ч биш болж хувирна.
Тэр ч бүү хэл эвслийн нэрээр сонгуульдсан тул одоо байгаа хэдэн гишүүнийх нь бүрэн эрхийн асуудал ч хөндөгдөж мэднэ. Наанадаж л, үг хэл нь ч парламентад хүчин мөхөстөнө. Тиймдээ л хэдэн хоногийн өмнө намын Гүйцэтгэх товчооны хуралдаанаас гаргасан шийдвэрээ гүйцэтгэх засаглалын танхимын тэргүүнд гардаж зүрхлэхгүй энэ хүрсэн нь ийм л учиртай байж.
Түүнээс МАХН-ын сайд нар Засгийн газраас гарна гэсэн шийдвэрийг Ерөнхий сайд Н.Алтанхуягт Шадар сайд Д.Тэрбишдагва амаар дуулгахдаа л өргөх бичгээ гардуулахгүй, ямар шалтгаанаар хойш тавьсан гэж.Харин энэ бүхнийг Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвын өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн үг, хийсэн мэдэгдэл баталгаажуулж эхэллээ.
Тэр ч утгаараа МАХН-ынхан засгаас гарахгүй байх зайлшгүй шалтгаан эрж хайх болжээ. Ёстой л бантсан хүн юу яана гэгч болох нь. Тиймдээ ч өнгөрөгч их сунгаанаар дэр нэгтгэн хүч үзсэн МҮАН-тайгаа хэлэлцээний ширээний ард сууж эхэлсэн гэнэ. Тэр ч бүү хэл намын дэд дарга албан ёсоор “Хэлэлцээ хэрхэхээс хамаарч…” гэсэн шүү юм ярьж сууна.
Үнэндээ МҮАН-ыг засгаас гарахгүй гэдгийг МАХН-ынхан хэнээс ч илүүтэй мэдэхийн дээдээр мэдэж байсан. Тиймдээ ч засгаас гарах мэдэгдлийг дур мэдэн, дангаараа уухайлсан нь бодит үнэн. Харин одоо байдал бишгүйдэж, асуудал хараанаас мултрах цагт эвсэл задрахгүй байх ёстой гэсэн матрын нулимсаар асуудлыг хав дарахыг хичээж эхэллээ.
Хэрвээ тэд хэлсэн ярьсандаа үнэнч байж, ёс суртахуунаа дээдэлдэг бол эхнээсээ л засагт эвсэл болж хөтлөлцөн орсон МҮАН-даа гарах тухайгаа дуулгахгүй яасан юм. Харин бүх зүйл хэдийнэ гараанаас хөдөлсөн хойно “амь гуйн” ирж байгаа нь МҮАН-д нэг л таатай санагдахгүй болов уу. Тиймдээ ч МҮАН-ынхан эл асуудлаар зөвлөлдөөд суухгүй гэсэн байр суурьтай байгаа гэх.
Угаасаа ч албан тушаалын түйвээн эхлэхэд л, эвслийн луухгарууд муудалцаж, нэгдэл задрах тухай яриа гарсаар энэ хүрсэн. Харин эвсэл бутарч уначихгүй гурван сар болсон нь “бяцхан” олонхичуудын хаялага байлаа гэж…
Ер нь тэгээд засгаас гарах асуудлаар МАХН-ынхан ч дотооддоо зөрчилдөөнтэй байгааг эх сурвалж мэдээлэв. Зүй нь эвслийн буянаар сайдын суудалд тухалсан Н.Удвал, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар албан тушаалаасаа буух тун дургүй байгаа гэх. Энэ нь ч аргагүй. Хэнбугайн цурхираад ч олддоггүй суудлаас ийм амархан хэн буухыг хүсэх билээ.
Иймээс ч эвслийг бүрдүүлсэн МҮАН-ыхныгаа тандаж, тэр талаа түшихээр шийдээд байгаа нь энэ гэнэ. Үнэндээ намын дэд дарга Н.Энхбаярын асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр санаархснаас болоод Н.Алтанхуягтай муудалцсан ч гэсэн Засгийн газраас гарах дээрээ тултал асуудлыг дэвэргэх бодолгүй байсан гэх шив.
Түүгээр ч барахгүй намынхаа төв аппаратаас гаргасан эл шийдвэрийг хэрхэн зөв тийш нь залахаа мэдэхгүй ийм байдалд ороод байгаа юм байх. Харин ордон гороолж, асуудлыг гудамжны маягаар шийдвэрлэхийг урьтал болгож дадсан З.Баянсэлэнгэ тэргүүтэй намын нөхдүүд нь л шийдвэртээ эзэн байхыг сануулсаар байгаа гэнэ.
Түүнчлэн О.Баасанхүү, Э.Батшугар гээд үг нэмж, цөс хөөргөх гишүүн нэлээдгүй байгаа бололтой. Ямартай ч О.Баасанхүү гишүүний тухайд, Ерөнхийлөгчийн албан тасалгаагаар долоо хоног гүйсэн ч, эцэст нь туслах залууд нь загнуулан гомдолтой сууна. Уг нь эрхэм гишүүн төрийн тэргүүнтэй дээрх асуудлаар төдийгүй Орон нутгийн сонгуульд МАХН-аас 8000 хүн нэр дэвших байсан ч 2000 хүрэхтэй үгүйтэй хүний нэрийг дэвшүүлсэн гэх гомдол мэдүүлэх санаатай байж.
Нэг үгээр хэлбэл, МАХН-ыг сүүлийн үед боож, хавчих бодлого явагдаад байгааг уламжлах гэсэн юм байх. Гэвч эцэст нь ийм л юм болж. Харин эксийн багийнхны ингэж “шоудаж” байгаа нь намын дарга Н.Энхбаярын хяналтын шатны шүүх хурлын өмнө чадах, ядахаараа авч байгаа л арга хэмжээ. Нэг үгээр хэлбэл, экс эрхэмд ногдуулсан дөрвөн жилийн хорих ял хэвээр үлдвэл энэ багийнхны нэгдэн нийлсэн зорилго талаар болох нь ойлгомжтой.
Цаашлаад, парламентад хэдэн сул гишүүнтэй, ёстой л “62-ын бүдүүн бүлэг” байгуулахаас өөр гарцгүй болно. Тэгээд яахав, “Улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсооно” гэсэн лоозонгоо барьж, хаврын урь орохыг хүлээх л үлдэх байх даа. Боломж нь таарвал шүүхийн өмнө шар цэцгээ хаяж, захиалгат хэдэн хүнээ цуглуулан Шударга их хурилдайгаа зохион байгуулаад л энэ парламентыг барна биз.
Тэгээд ч МАХН засгаас гарлаа гэхэд Н.Алтанхуягийн танхимд айх аюулгүй. Учир нь Үндсэн хуулийн 43.2-т зааснаар Ерөнхий сайд, эсвэл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэсэн байдаг. Тиймээс МАХН-ын гишүүд Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь биш учир Засгийн газар огцрох боломжгүй юм.
Харин хэзээний дотоод зөрчилдөөнөө барьж яддаг байдал нь л хурцадвал улс төр дэх 2004 оны түүх давтагдах нигуртай. Гэхдээ ч “бяцхан” олонхи болсон юм хойно одоохондоо ч олон жил өлсгөлөн ходоодтой суусан фракциудаа албан тушаалын “бялуугаар” тэнхрүүлж, хэл ам багатай л байцгаана.
Харин гурван сайдын оронд АН, МҮАН-аас нөхөгдөөд ороод ирэх боломжтой. Тэртэй тэргүй энэхүү хоёр намын нэг угшилтай байсан урьдын түүх бэлээхэн байна. Гэхдээ МҮАН-ынхан нэмэгдээд 32 суудалтай АН-д засаг байгуулах хэмжээнд хүч нэмэж чадахгүй, нэг суудал сох дутна. Гэвч Өвөрхангайн хоёр нь тангараг өргөж, бүл нэмэх нь бараг л шийдэгдсэн асуудал болоод байгаа. Тэгэхээр энэ засагт МАХН-тай, МАХН-гүй үүр цайж л таарах нь.
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL:













