Ё.Отгонбаярын эхнэрийг хорьсон нь ZTE-тэй холбоотой юу

БСШУ-ы сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэр бүлийн хүн О.Эрдэнэсолонгыг УМБГ-ынхан өчигдөр цагдан хорьсон тухай мэдээлэл олныг шуугиуллаа. Бид энэ мэдээлэл үнэн эсэх талаар тодруулахаар цагдаагийнхантай холбогдоход үгүйсгээгүй ч яг ямар үндэслэлээр гэдгийг мэдээлэх боломжгүй гэсэн. Харин МАН-ын нөлөө бүхий эрхэм энэ мэдээллийг батлаж “Е.Отгонбаярыг өнгөрсөн жил цагдаагийнхан шалгаж байсан. Тодруулбал ZTE-гийн гэх хэрэгтэй холбогдуулан шалгасан. Гэвч энэ хэргийг одоо томоохон алба хашиж буй Ардчилсан намын нөлөө бүхий хүн даруулсан. Яагаад гэвэл энэ хэргийг сөхөх гэхээр өөрөө нэр холбогдоод байсан учраас чимээгүйхэн дарахыг үүрэгдсэн. Харин энэ удаад хэргийг сэргээсэн шиг байна. Миний мэдсэнээр Ё.Отгонбаярын гэр бүлийн хүнийг цахим хөтөлбөрийн хүрээнд чанаргүй компьютер шахсан гээд нэлээд асуудал үүсч байгаа юм шиг байна” гэсэн юм. Хэдийгээр МАН-ын нөлөө бүхий нэгэн ийм мэдээллийг өгсөн ч зарим эх сурвалж арай өөр зүйл хэлсэн. Тодруулбал, О.Эрдэнэсолонго нь “Зоос”, “Голомт”, Худалдаа хөгжлийн банкинд байдаг дансандаа 2009-2013 оны хооронд 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг эргэлдүүлсэн нь илэрсэн байна. Тиймээс цагдаагийнхан 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар дансаар нь дамжсан, төгрөгөөр 13.9 тэрбум төгрөг байршсан асуудлыг мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн гэх мэдээллийг өгч байгаа юм. Мөн мөрдөн байцаалтын үеэр түүний нөхрөөс мэдүүлэг авахад “Би энэ мөнгөний талаар юу ч мэдэхгүй” гэсэн байна.

Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих