“Юугаар ч орлуулшгүй эм бол халуун дулаан сэтгэл”

Хошин урлагийн жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Б.Баатархүү ХБНГУ-д эмчлүүлээд иржээ гэх мэдээг сонсоод монголчуудын сэтгэл амарч баярлацгаасан. Аюулт өвчнийг түмний сэтгэлийн дэм, өөрийнхөө эр зоригоор ялан дийлсэн хайртай жүжигчнээ үзэгчид нь их санасан байх. Ингээд онлайнаар түүнтэй ярилцсанаа уншигчидтайгаа хуваалцая.

-Эдгээд хэцүү бүхнээ ардаа орхиод ирсэнд тань баяр хүргэе.
-Баярлалаа. Ардаа орхилоо гэхэд эрт байнаа, зургаан сарын дараа очиж үзүүлнэ. Тэгээд юу болох нь уу. Таван жилдээ үсэрхийлэхгүй бол 100 наслах баталгаа гаргаж өгнө гэсэн шүү.

-Баатархүүд ард түмэн хэр зэрэг хайртайг мэдэрсэн байх?
-Надад ч юу байхав дээ, Монголын урлагт, тэр дундаа хошин урлагт ажиллаж амьдралаа авч яваа олон сайхан уран бүтээлчдэд бүгдэд нь хайртай шүү дээ. Тэдэн дотроос миний бие өвдөхөд монгол хүний өрөвч, тусч ,сайхан сэтгэлээ харамгүй зориуллаа. Гэхдээ намайг гэсэн сэтгэлтэй мянга мянган үзэгчдэдээ би ч гэсэн хайртай. Тэдний халуун дулаан үг, сэтгэлийн их тусламж надад юугаар ч орлуулшгүй эм болсон. Тэр эмгүйгээр ямар ч хүн амьдрахад хэцүү байх. Үзэгч олноороо хайрлуулах шиг сайхан юм хаана байхав. Харин тэднийхээ хайрыг дааж явах хэцүү.

-Уулзаж байгаад ярилцсан бол бүр сайхан байх байлаа. Гэвч одоохондоо сайн тэнхрээгүй байх гэж бодлоо. Хэр удаан гам сахина гэж байна?
-Нүүр нүүрээ хараад ярьж суух сайхан байлгүй яахав. Бүр л дотно яриа үүсэх байсан нь мэдээж. Гам барина аа барина. Амьдралаа дуустал л гам барих байх.

-Анх өвчнөө сонсоод их цочирдсон нь мэдээж. Гэхдээ өөрөө нэлээн гүргэр хүн юмаа даа. Сэтгэлийн их хатаар л өвчнөө ялсан байх. Анх оношоо сонсоод юм юм л бодогдсон байх даа?

-Их хэцүү юм чинь л тэр байна лээ. Олон юм бодогдсон. Хүүхдүүд минь жаахан, нас болоогүй байхад үхвэл яадаг бол гээд ёстой юм юм бодогдсон. Миний бага нас, цэрэгт явсан энэ, тэр гээд амьдралдаа сайхан муухай олон юм үзсэн. Одоо бол хэрийн өвдөлтийг ажрахгүй шүү. Энэ муу өвчинг эдгээх хамгийн сайн эм бол сэтгэлийн их тэвчээр, ирээдүйн тухай сайхан бодол. Тэрийг зөвхөн найз нөхөд л олж өгдөг юм байна лээ. Тэгээд ч ард түмнийхээ энэ их хайранд үхэх эрх байхгүй.

-Миний сэтгэл их хөдөлж Б.Баатархүүгээр бахархсан шүү. Над шиг өөрөөр чинь бахархсан хүн олон бий. Бүр эдгэрэхээр чинь уулзаж нэг сайхан ярих юмсан л гэж бодож байна. Тэгэхдээ сэтгэлийн их хүчний тухай ярилцахыг хүсэж байгаа?
-Бололгүй яахав. Би чинь нээлттэй хүн шүү дээ. Олонтойгоо эвтэй найртай байж хүнд муу юм хийхгүй, хэнийг ч алагчлалгүй чадал байвал хүнд тустай явахыг эрхэмлэж явдаг. Сэтгэлийн их хүчний тухай мэдэхгүй бол яанаа.

-Зүгээрээ чи өөрөө сайн мэдэхгүй ч биеэрээ мэдэрч байгаа хүн. Нууцын тухай уншсан уу?

-Ёстой сонин асуулт байна. Улсын нууц л гэж сонсож байсан болохоос энэ талаар мэдлэг нимгэн шүү дээ. Харин найз нарын хоорондох нууцын тухайд бол хуулийн өмнө ч худлаа ярьж чадна. Авгай хүүхнүүдийн нууц бол аюултай, тийм нууцыг сонсоод ч хэрэггүй. Хууль бус юманд нууц гэж байхгүй эрт, орой задарч л таарна. Нууц юм гэж байдаггүй, нууцыг нэг хүн мэдэж байдаг шүү дээ. Гэхдээ өөрөөс тань нууцын тухай илүү сонирхолтой зүйл сонсоно оо. Би ч энэ талаар юм олж мэдэхийг хичээнэ.

-Эргээд уулзахдаа энэ сэдвээ үргэлжлүүлэх үү. Миний ярьж байгаа нууц бол их өөр л дөө. Одоо ядарч байгаа биз дээ. Уншигчдаа хүндэтгэж ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.

Ц.Цэцэгжаргал http://www.niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих