“Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг дэмжиж УИХ-ын байнгын хороодтой зөвшилцөхөөр болов

42bb003c23700e936cc1d2cdc7468fda_LЗасгийн газрын ээлжит хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх, одоогийн дэд бүтцийг өргөтгөн бодит цагийн горимд мөнгөний урсгалыг хангах замаар мөнгөний бодлогын хэрэгжилт, хяналтыг сайжруулах зорилгоор 20 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг Монгол банкнаас Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр баримт бичиг боловсруулжээ.

Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх энэ төслийн зээлийн гэрээний төслийг Засгийн газрын гишүүд зарчмын хувьд зөвшөөрч, уг гэрээг УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо. Байнгын хороод төслийг дэмжсэн тохиолдолд зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг өгөх юм.

 Гэрээгээр эзэмшүүлж болох хамгаалалтын бүсэд хамаарах ойн сангийн жагсаалт гарлаа

Нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүлж болох хамгаалалтын бүсэд хамаарах ойн сангийн нэршлийн жагсаалтыг баталж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгалаа.

Гэрээгээр эзэмшүүлж болох ойг тогтоохдоо экологийн өндөр ач холбогдолтой ойг үлдээж экологийн төдийгүй нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой ойг эзэмшүүлэхээр сонгосон байна. Судалгаанаас харахад нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр ойн санг эзэмшүүлснээр тухайн ойд түймэр гарах магадлал 95 хувь буурч, хууль бус мод бэлтгэл бүрэн зогссон бөгөөд ойн хөнөөлт шавьжийн голомтыг цаг алдалгүй илрүүлж түүнтэй тэмцэх ажлыг үр дүнтэй зохион байгуулдаг байна. Гэрээгээр эзэмшүүлж болох хамгаалалтын бүсэд хамаарах эзэмшлийн ойн сангийн нэршлийн жагсаалтад: Сургалт, судалгааны ойн сан, нийслэл, хотын хилийн цэсээс гадагш оршиж байгаа нийслэл, тухайн хотын ногоон бүсэд хамаарах ойн сан, рашаан, булаг, шандын ундаргын эргэн тойронд 300 метрээс гадагш болон усны сан бүхий газрын эргээс 200 метрээс гадагш орших хориотой зурвасын ойн сан, 30 хэмээс илүү налуу газрын ой, 100 га хүртлэх хэмжээний төгөл ой багтжээ.

Төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашиглах журам батлагдлаа

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан уг журам нь иргэд, хуулийн этгээдэд төрийн зүгээс үзүүлэх цахим үйлчилгээтэй холбоотойгоор батлагдлаа.

Ингэснээр Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Тагнуулын ерөнхий газар холбогдох ажил үйлчилгээг хэрэгжүүлэн төрийн цахим үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжид хүргэнэ. Үүнд: Иргэний бүртгэл, мэдээллийн лавлах үйлчилгээ /оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт, гадаад паспорт, иргэний үнэмлэх, нас барсан тухай лавлагаа/, үйлчилгээ ашиглалтын төлбөр тооцоог барагдуулах үйлчилгээ /Цахилгаан ашиглалтын төлбөр, интернэт, утас, телевизийн төлбөр/, иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлт хүлээн авах үйлчилгээ зэргийг эхний ээлжинд нэвтрүүлэхэд техникийн хувьд бэлэн болжээ. Цаашид Засгийн газрын үйл ажиллагаа, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний талаар хийгдэх судалгаанд үндэслэн үйлчилгээний төрөл зүйлийг нэмэгдүүлнэ.

Засгийн газрын мэдээллийн нэгдсэн сантай болно

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар салбар яамууд жил бүр техник эдийн засгийн үнэдэслэл хийдэг ч тэдгээрийн ил тод байдал хангалтгүйгээс хөгжлийн бодлого боловсруулахад өргөн хүрээтэй ашиглагдаж чадахгүй байна.

Тиймээс төрийн байгууллагуудад хийгдэж буй ТЭЗҮ болон бодлогын судалгаануудыг нэгдсэн журмаар нэгтгэн ашиглах нь зүйтэй гэж Эдийн засгийн хөгжлийн яам үзжээ. Энэ асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, “Засгийн газрын мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, зохицуулах журам”, ”Мэдээллийн санд төвлөрүүлэх мэдээлэл, тэдгээрийг гаргах байгууллагын жагсаалтыг баталж, хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа.

Товч мэдээ: Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлж, Ч.Сайнбилэгийг томиллоо.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих