Д.Сосорбарам:Наадмын талбайд 100 хүүхэд морьтойгоо гийнгоолж орж ирнэ

4d48445cf701469812740b1814080890_LҮндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын ёслолын урлагийн тоглолтыг энэ жил Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам удирдан, зохион байгуулна.

Өмнө нь 2010 оны улсын баяр наадмаар “On’n Off” продакшны найруулагч С.Ононбатын хамт Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар ажиллаж байсан туршлагатай тэрбээр хэдийнэ бэлтгэл ажилдаа ороод байна. Харин өнгөрсөн жилийн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг Төв аймгийн “Монгол туургатан” театрын захирал, УГЗ Ч.Ганхуяг, 2011 оны наадмын нээлтийг Төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатар нар найруулж байсан. Наадмын нээлт, хаалтын тоглолтын талаар  Д.Сосорбарамаас зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ жилийн наадмын нээлт, хаалт урьд жилүүдээс юугаараа онцлог болох вэ?  
-Одоогоор би нууцаа задалмааргүй байна. Наадмын талбайд 100 орчим хүүхэд уралдааны морьтойгоо гийнгоолж орж ирнэ. Бусдыг нь наадмын өдөр наадамчин олон маань ирээд үзэх бизээ.  Цэнгэлдэх хүрээлэнд гадна, дотны олон зочид, төлөөлөгчид ирнэ. Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд тэр хүмүүс бүгдээрээ оролцоно.
-Бүх наадамчид оролцоно гэдгээ тодруулахгүй юу?
-Өөрсдөө биечлэн оролцоно гэдэг нь сэтгэл санааны хувьд, тэр үзэж байгаа үйл явдлыг хараад өөрийн эрхгүй дуулахаас гадна наадамд ирсэн хүн бүр бие биелэгээ хийх сэтгэлийн торгон мэдрэмжийг төрүүлнэ дээ.

-Хаалтын ажиллагааны хувьд?
-Хаалтын ажиллагаа нэг их сэтгэлд хүрдэггүй шүү дээ. Тэгэхээр 999 дуучин хаалтын ажиллагаанд бөөнөөрөө орж ирнэ. Наадамчид бүгд оролцож, дуулсан сэтгэл хөдөлгөсөн их сайхан наадам зохион байгуулахаар бэлтгэж байна. Харин хөгжмийн зохиолыг Америкад амьдарч, ажиллаж байгаа хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Сангидорж гуайн хүү Сансаргэрэлтэхээр зориуд захиалж хийлгэсэн. Хоёр сар гаруйн өмнө Америкад очиж уулзсан. Карнегийн театр, Санфранцискогийн театрт урилгаар тоглодог авьяаслаг залуу байдаг. Одоогоор хөгжмийн зохиол бэлэн болоод ирсэн. Үнэхээр гайхалтай хөгжим болсон байна лээ. Олон хүн сонсоогүй нууц хэвээрээ байгаа.
-Тоглолтын бэлтгэл ажил ямар шатандаа байна?
-Одоо л эхэлж байна. Сонгуулийн үеэр бэлтгэл хийх боломжгүй байлаа. Маш богинохон хугацаанд бэлдэж байна. 999 дуучин, 999 бие биелгээчийг цуглуулна гэдэг хэцүү. Тийм учраас цэргийн их сургууль дээр тулгуурлаж  бэлтгэлээ хийж байна. Батлан хамгаалах яам дэмжиж байгаа. Мөн нэг баярлуулж байгаа зүйл бол цэнгэлдэх хүрээлэнгээс сургуулилт хийх боломжийг гаргаж өгнө гэсэн.

Ж.Болор

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих