Т.Билэгт эх орондоо ирсний учир…

Т.Билэгт эх орондоо ирсний учир...

Хоёр жилийн турш АНУ-д эмчлүүлж байгаа гэх сураг дуулснаас цаашгүй байсан НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж саатууллаа.

Түүнийг Н.Энхбаярын хэрэгт холбоотойгоор буюу нийслэлийн өмчит “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар” сонины газрыг хууль бусаар хувьчлах ажилд хамтран оролцсон хэргээр шалгаж эхэлсэн ч АНУ руу хагалгаанд орно гэсэн шалтгаанаар явснаас хойш сураг алдраад байсан.

Түүнээс хойш Т.Билэгтийг ирэхийг хүлээсэн ч ор сураггүй алга болсон учир өнгөрсөн гуравдугаар сараас Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн билээ. Түүнийг Интерполоор эрэн сурвалжилж эхлэх тэр үед Т.Билэгтийг хаана байгаа, үнэхээр биеийн эрүүл мэндийн байдлаас болж АНУ руу явсан эсэх нь тодорхойгүй байсан юм.

Харин нэг сарын өмнөөс АТГ-аас Т.Билэгтийг АНУ-д байгаа гэдгийг олж мэдсэн. Гэхдээ Т.Билэгт нь АНУ-ын Цагаачлалын албанд хандаж тус улсад оршин суух хүсэлт өгсөн учир манай улсын зүгээс ямар нэгэн зүйл хийх боломж байхгүй байна гэсэн тайлбарыг өгч байсан билээ.

Энэ явдал болсны дараа нэг их удалгүй Т.Билэгт нь өмгөөлөгч Д.Батсүхээрээ дамжуулан мэдээлэл хийлгэсэн. Түүний өмгөөлөгч “Т.Билэгт нь өөрийгөө Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа гэдгийг огт мэдээгүй. Мэдсэн бол ямар нэгэн байдлаар мэдээлэл хийж, учир байдлаа хэлэх байсан. Түүнчлэн цагаачлах хүсэлт өгсөн гэдэг нь ямар ч ор үндэслэлгүй зүйл гэдгийг мэдэгдсэн. Ер нь аливаа гэмт хэрэгт сэжиглэгдэж, яллагдаж байгаа хүмүүсийг ямар хэрэгт сэжиглэж, яллагдаж байгааг нь өөрт нь албан ёсоор мэдэгддэг.

Мэдэгдэхийн тулд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 143-т зааснаар тэр хүнийг дуудан ирүүлэх, биечлэн ирүүлэх, утас болон гэрийнх нь хаягаар мэдэгдэл хүргүүлж дуудах ёстой. Гэтэл АТГ-аас “Түүний гар болон гэрийнх нь утас руу залгаад утас нь холбогдоогүй, ажилд нь очиход ажилдаа байгаагүй. Тэгээд шалгатал гадаад явсан байсан. Тиймээс Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн” гэж мэдэгдсэн.

Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд захидал явуулсан. Т.Билэгтийг Н.Энхбаярын хэрэгт шалгаж байсан ч 2011 онд хэрэгсэхгүй болгосон учир ямар учраас эрэн сурвалжлах болсон талаар судалж байна” гэсэн тайлбарыг өгч байсан юм. Т.Билэгт Х.Тэмүүжин сайдад ямар захидал илгээсэн бэ гэдэг нь тухайн үедээ олны анхаарлыг татаж байсан.

Энэ тухай Х.Тэмүүжин сайд хэлэхдээ “Т.Билэгтээс надад хувийн захиа ирсэн нь үнэн. Өөрт нь зовлон тулгарахаар л ингэж байгаа байхгүй юу. Өмнө нь түүнийг Интерполоор эрэн сурвалжилж байхад “би энд байна” гэж нэг ч удаа хандаж байгаагүй. Харин визний хугацаагаа сунгах шаардлагатай болоод чадахгүй болоод ирэхээр бидэнд хандаж байна.

Надад явуулсан захидалд Интерполоор эрэн сурвалжлахаа зогсоогооч. Тэгвэл эх орондоо очиж шалгуулахад бэлэн байна гэсэн” гэх хариуг өгч байсан. Эл явдлын дараа түүнийг сарын дараа ирнэ, огт ирэхгүй, АНУ-д цагаачилж байгаа гэх мэтчилэн олон зүйл яригдаж байгаад намжсан.

Харин дуулианы эзэн Т.Билэгт нь өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн шөнө “Кореан Эйр”-ын онгоцоор “Чингис хаан” нисэх буудалд буусан байна. Түүнийг манай улсын хууль хяналтын байгууллагаас баривчилж авчирсан зүйл байхгүй бөгөөд өөрийн хүсэлтээр эх орондоо ирсэн нь энэ аж.

Улмаар түүнийг бямба гарагийн орой гэртээ байхад нь АТГ-аас баривчилжээ. Одоо Т.Билэгт Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна. Түүнийг саатуулахаас өмнө биед нь ямар нэгэн шарх сорви байгаа эсэхийг шалгаж үзэхэд тийм зүйл байгаагүй аж.

Энэ нь АНУ-д хагалгаанд орсон, биеийн эрүүл мэндийн байдал муу байсан гэдэг мэдээллийг үгүйсгэж байгаа гэх аж. Гэхдээ хагалгаанд орсон, үнэхээр эрүүл мэндийн байдал нь муу байгаа бол нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, тодорхойлолт гаргаж өгөх нь тодорхой. Одоогоор түүнийг Прокурорын газрын шийдвэрээр 14 хоног саатуулах гэнэ.

Цааш үргэлжлүүлэн хорих эсэх нь түүний эрүүл мэндийн байдлаас шалтгаалах аж. Түүнтэй холбоотой сүүлийн үеийн мэдээлэлд “Т.Билэгттэй холбоотой буюу ойр дотных нь хүмүүсээс байцаалт авч эхэлсэн” хэмээж байна. Түүнийг гэнэт эх орондоо ирэх болсон шалтгаан нь олон хүний анхаарлыг татсаар байгаа.

Тодруулбал, үүнд Х.Тэмүүжин сайд Т.Билэгттэй тохиролцож, Интерполоор эрэн сурвалжлахаа зогсоосон гэх хардлага юм. Энэ талаар Хууль зүйн яамны албаны эх сурвалжаас тодруулахад “Манай зүгээс ямар нэгэн албан бичиг гаргаагүй. Т.Билэгт нь өөрийн хүсэлтээр эх орондоо ирсэн. Тэгээд АТГ-аас баривчилсан гэсэн.

Манай яамтай ямар нэгэн холбоо байхгүй” гэсэн юм. Үүнийг ч баталж Т.Билэгтийг Интерполоор эрэн сурвалжлахаа зогсоогоогүй гэдэгт нь тус байгууллагын албан ёсны сайтаас мэдэж болохоор байлаа. Харин АТГ-аас энэ тухай тодруулах гэсэн ч “Т.Билэгтийг баривчилсан. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн. Өөр ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээжээ.

Ямартай ч сүүлийн хоёр жил олны анхаарлын төвд байсан Н.Энхбаярын гэх тодотголтой хэргийн гол эздийн нэг манай улсын хууль хяналтын байгууллагын хяналтад орлоо. Түүний хэргийг хэрхэн шийдвэрлэх нь хууль хяналтын байгууллагын хийх ажил. Гэхдээ Т.Билэгтийг эх орондоо ирэх болсон бас нэг таамгийг ярьж эхэлжээ.

Тодруулбал, Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа суллана гэх сургаар дээрх шийдвэрийг гаргасан байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр суллагдвал түүнтэй хамсаатан гэгдэх хүмүүс бүгд түүнийг даган суллагдаж хэрэг нь цагаадах магадлал өндөр байгаа талаар учир мэдэх хүмүүс ярьж байгаа юм. Гэхдээ энэ бол таамаг төдий зүйл. Дээрх байдал таамаг байсан уу, үнэн бодит зүйл байсан уу гэдэг нь Т.Билэгтийн хэргийг шалгах явцад мэдэгдэх биз ээ.

Г.Мянган


URL:

Сэтгэгдэл бичих