Хурандаа Д.Цогтбаатарт холбогдох хэргийн цаад зангилаа юу байв

527-1370398180middleӨнгөрсөн 2 дугаар сарын дундуур ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Цогтбаатарыг Улсын мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Үүнийг тухайн үед Тагнуулын ерөнхий газраас үгүйсгэж, ташаа мэдээлэл хэмээн хэвлэлээр дамжуулан мэдэгдсэн. Гэтэл үүний дараа буюу өнгөрсөн 6 дугаар сард хурандаа Д.Цогтбаатарыг гадаадын иргэний хэрэгт холбогдуулан барьж, хорьсон.

 

        Энэ үед түүний эхнэр Ч.Мандах Ерөнхийлөгчид хандаж ил захидал бичсэн ч хариу өгөөгүй. Ингээд Ч.Мандах өмгөөлөгч Б.Наранбаатар нар хэвлэлийн хурал хийж, Д.Цогтбаатар хурандааг 6 дугаар сарын 17-ны өдөр гэхэд батлан даалтад гаргахгүй бол “ноцтой баримт дэлгэх болно” гэдгээ мэдэгдсэн. Гэвч эхнэр, өмгөөлөгч нарынх нь тогтоосон хугацаанд хурандаа Д.Цогтбаатарыг батлан даалтанд ч гаргаагүй, сулласангүй гээд эхнэр нь “ноцтой баримт” ч дэлгэлгүй нам гүм болсон.

 

Д.Цогтбаатарыг монголд ирээд сураггүй алга болсон Герман улсын иргэн  Максимлян Лёонхарт Клойберний хэрэгтэй холбогдуулан баривчилсан. Гэвч баривчлагдах болсон шалтгаан нь алга болсон гадаад иргэний асуудал биш цаанаа өөр ямар нэгэн шалтгаан бий гэдгийг зарим эх сурвалжууд таамаглаж байгаа. Түүний эхнэр Ч.Мандах ч үүнийг цухуйлгаад буй. Тэрээр хэлэхдээ, “Тэр Германы иргэн Монголд орогнож байх үед манай гэр бүлийнхэн Монголд байгаагүй, Москвад ажиллаж, амьдарч байсан. Тиймээс энэ хэрэг бол хэн нэгний явуулга, гүтгэлэг, хилс хэрэгт унагаах гэсэн зорилго байна” гэв.

 

Хэсэг хугацааны өмнө энэ хэрэгтэй холбоотой Герман Улсын 2 мөрдөгч манай улсад ирж ажилласан Гэтэл энд нэгэн хачирхалтай зүйл харагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл манай улсын иргэн гадны аль нэг улсад хэрэгт холбогдсон тохиолдолд манай мөрдөгчид тухайн хэргийн талаар тэр улсад мөрдлөгө явуулах хориотой байдаг. Гэтэл манайханд хориотой байдаг зүйл  гадны мөрдөгчдөд нээлттэй байдаг нь сонирхолтой л юм.

 

Хурандаа Д.Цогтбаатарын өмгөөлөгч Б.Наранбаатар хэлэхдээ,  “Герман улсын нутаг дэвсгэр дээр үйлдэгдээгүй хэрэг учраас тус улсын мөрдөгчид манайд ирж ажиллах ёсгүй. Ямар учраас хоёр мөрдөгч Д.Цогтбаатарын хэрэгт холбоотой байдгийг асууж тодруулах болно” хэмээж байв. Энэ мэтчилэн хурандаа Цогтбаатарын гэх тодотголтой энэхүү хэргийг гогцоо тийм ч амар тайлагдахгүй бололтой. Ямартаа ч ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарыг хэдхэн хоногийн өмнө батлан даалтад гаргалаа.

 

Эх сурвалж: www.aravt.mn


URL:

Сэтгэгдэл бичих