1733 сурагч сургуулийн автобусаар үйлчлүүлж байна

1733 сурагч сургуулийн автобусаар үйлчлүүлж байна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн унаагаар тээвэрлэх тухай нийслэлийн Засаг даргын Захирамж гарсан.

Энэ захирамжийн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн сургуулиуд сурагчдаа нэгдсэн унаагаар тээвэрлэж эхэлсэн. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан сурагчдын нэгдсэн автобусны үйлчилгээний талаар нийслэлийн Боловсролын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Чинтогтохоос тодрууллаа.

-Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахтай холбогдуулан сургуулийн сурагчдыг автобусаар тээвэрлэдэг болсон. Шинэ хичээлийн жилд энэ ажил үргэлжлэх үү?
-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах нэмэлт арга хэмжээ авах тухай” захирамж гаргасан. Уг захирамж нь нийслэлийн авто замын хэт ачааллыг бууруулах захирамж юм.

Захирамжийн долдугаар заалтад сургуулийн сурагчдыг нэгдсэн журмаар автобусаар тээвэрлэхийг заасан байгаа. Тиймээс 10 гаруй сургуулийг эхний ээлжинд автобустай болгохоор ажиллаж байна.

-Тухайн сургуулиудыг ямар шалгуураар сонгосон юм бэ?
-Сургуулиудыг сонгосон гол шалтгаан нь замын хэт ачаалал ихтэй бүсэд байрлаж байгаа байрлалаас нь болж сонгосон байгаа. Түүнээс зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байгаа шиг боломжтой айлын хүүхдүүд явдаг болохоор нь сонгосон юм биш. Захирамжийн цаад зорилго нь автозамын ачааллыг бууруулах зорилготой учир хэт ачаалалтай бүсэд байрлах Нэгдүгээр, “Сант”, “Олонлог”, “Шинэ үе”, 38 зэрэг 10 гаруй сургуулийг сонгосон.

Сонгогдсон сургуулиудыг автобустай болгох ажлыг өнгөрсөн хичээлийн жилээс эхлүүлсэн. Одоогийн байдлаар дээрх сургуулиудын 90 хувь нь автобусыг явуулаад эхэлчихсэн байгаа. Дашрамд дуулгахад, 2012-2013 оны хичээлийн жилийн тавдугаар сарын мэдээгээр таван дүүргийн 31 сургууль дээр 100 гаруй автобус үйл ажиллагаа явуулж байсан.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд гэхэд л ерөнхий боловсролийн сургуулийн 3000 гаруй хүүхэд автобусаар үйлчлүүлж байсан. Тиймээс энэ хичээлийн жилд ч үргэлжилж байгаа. Тиймээс цаашдаа уг тоо нэмэгдсээр байх болно.

-Одоогийн байдлаар нийт хэчнээн сургууль сурагчдын автобустай болсон талаар нэгдсэн мэдээлэл байгаа юу?
-Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Манайд ирсэн хамгийн сүүлийн мэдээгээр таван дүүрэгт 77 автобусаар 1733 хүүхэд үйлчлүүлж байгаа гэсэн мэдээлэл байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт гурав, Багануурт нэг, ХанУулд дөрөв, Сүхбаатарт найм, Баянголд гурван сургууль тус бүр автобустай болсон гэсэн мэдээ байна. Ер нь ирэх сард нэлээд олон сургууль сурагчдын автобустай болно.

-Сургуулиудын автобустай болгох ажил ийнхүү удаашралтай байгаагийн гол шалтгаан нь юу байна вэ?
-Захирамжид заагдсан сургуулиудын ихэнх нь төрийн өмчит. Тиймээс хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод уг ажил бага зэргийн удаашралтай байгаа. Учир нь тухайн сургууль автобус худалдаж авна гэхээр нэлээд олон сая төгрөгийн асуудал үүсч байгаа. Тиймээс төсөв хүнд байгаа өнөөгийн нөхцөлд хэцүү гэдэг нь ойлгомжтой.

-Автобустай болж байгаа сургуулиуд хөрөнгө мөнгөний асуудлаа хэрхэн шийдэж байгаа юм бэ?
-Одоогийн байдлаар ихэнх сургуулиуд түрээсийн автобусыг ашиглаж байна. Гэхдээ түрээсийн мөнгөний тодорхой хувийг эцэг, эхчүүдээр төлүүлэх маягаар уг ажлыг зохион байгуулаад явж байна. Түүнээс шууд автобус худалдаж авна гэдэг бол аль аль талдаа хэцүү.

Ж.Отгонмягмар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих