“Албадан буулгасан ТҮЦ-үүдээ 25 сая төгрөгөөр үнэлсэн”

2d648d72e1546de2original“Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөллөө” гэж үзээд нийслэлийн гэр хороолол, орон сууцны өнцөг буланд энгийн иргэдийн үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг сүүлийн үед албадан буулгаж эхэлсэн. Харин үүнийг иргэд “Төр иргэнийхээ хувийн өмчид халдаж байна” хэмээн эсэргүүцэж байгаа юм. Уг асуудлаар өчигдөр “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт ТҮЦ-ээ буулгуулсан иргэд болон Нийслэлийн өмчийн харилцааны газар /НӨХГ/, Нийслэлийн газрын алба / НГА/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/, Нийтийн тээврийн газар /НТГ/ зэрэг албан байгууллагаас албаны хүмүүс оролцсон юм. Энэ үеэр ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл гомдол мэдүүлж байлаа.

Тухайлбал, тэднийг НТГ-ынхан “Автобусны буудал дээр ямар нэгэн үйлчилгээ эрхэлж болохгүй” гэдэг юм байна. Гэтэл НГА-наас тухайн орчинд нь есөн хавтгай дөрвөлжин метр талбайд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог ажээ. Харин НМХГ-ын зүгээс иргэдийг ямар стандарт мөрдөж үйл ажиллагаа явуулахыг нь тодорхой зааж өгөөгүй байдаг гэнэ. Энэ мэлчилэн төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хоорондоо ямар ч уялдаа холбоогүй байдаг аж. Ямартаа ч газрын албанаас газрыг нь зөвшөөрсөн учраас тэд үйл ажиллагаа чөлөөтэй явуулж болно гэж ойлгодог юм байна. Гэтэл сүүлийн үед хотын захиргаанаас тэднийг ТҮЦ-ээ нүүлгэхийг шахан шаардаж, эс зөвшөөрвөл албадан буулгаж буй нь үндсэндээ дарангуйлал болж байгаа аж. Хэлэлцүүлэгт ирсэн иргэдийн нэг төлөөлөл “Биднийг архи зардаг гэж олон нийтэд буруу ойлголт өгч байна. Ер нь ямар ч стандарт гаргаж өгөөгүй байж стандарт мөрдсөнгүй гэж ТҮЦ-ийг нурааж, иргэдийнхээ хувийн өмчид халдаж байгаа нь яг ямар учиртай вэ” гэсэн асуултыг албаныханд тавьсан юм.

Мөн Чингэлтэй дүүргийн иргэн, ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгч М.Оюунчимэг “ТҮЦ-үүд архи зарах ямар ч үндэслэл байхгүй. Архи зарах зөвшөөрөл бүү хэл, тодорхой тогтсон стандарт ч байдаггүй. Бид ТҮЦ-ийг хүчээр буулгах асуудлын хүрээнд хотын даргатай уулзахыг олон удаа хүссэн. Харамсалтай нь иргэдтэй уулзах цаг зав гаргадаггүй юм билээ. Та нар бидний үйлчилгээг бохир гэж байна. Тэгвэл автобусны буудал дээр “Гого тахиа”, “Түргэн хоолны цэг”-үүд үйл ажиллагаа явуулдаг. Тэд ТҮЦ-үүдтэй адилхан л дотроо ариун цэврийн өрөөгүй хүмүүст хоолны бүтээгдэхүүн зардаг. Нийслэлийн ЗАА, НТГ хамтран албадан буулгасан ТҮЦ- үүдээ 25 сая төгрөгөөр үнэлсэн байна лээ. Хэрэв автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулахыг хүсвэл 25 сая төгрөгөөр худалдаж ав гэсэн” гэв. Харин албаныхан тэдний асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

ТҮЦ-ҮҮД ҮДШИЙН ЦАГААР АРХИ ЗАРДАГ

НӨХГ-ын Кадастрын хэлтсийн дарга Б.Батчимэг: -Нийслэлийн Засаг даргын өнгөрөгч гуравдугаар сард гаргасан А/306 дугаар захирамжийн дагуу ТҮЦ-үүдийг буулгаж байгаа. Энэ нь зөвшөөрөлгүй баригдсан ТҮЦ, чингэлэг, хашааг холдуулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, ойр орчинг нь цэвэр цэмцгэр байлгах зорилгоор хэрэгжүүлж буй ажил. Одоогийн байдлаар Чингэлтэй дүүрэгт дөрвөн ширхэг ТҮЦ буулгаад байна. Ер нь тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй ТҮЦ-ийг буулгахаар төлөвлөж байгаа. Учир нь тэндэхийн оршин суугчид, цагдаагийн хэлтсээс манай Кадастрын хэлтэст “ТҮЦ- үүд үдшийн цагаар архи дарс зарж, амгалан тайван байдал алдагдуулж байна” гэсэн гомдлыг удаа дараа ирүүлсэн. Дүүргийн газрын алба энэ гомдлынг үндэслэн Засаг даргын захирамжийн дагуу бүх ТҮЦ-ийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийж байгаа. Гэхдээ үйлчилгээ эрхлэгчдэд газар чөлөөлөх мэдэгдлийг ТҮЦ-ийг нь буулгахаас 3-7 хоногийн өмнө хүргүүлсэн. Заасан хугацаанд тэд газраа чөлөөлж өгөх бололцоотой байсан ч чөлөөлөөгүй. Тиймээс ТҮЦ-ийг албан хүчээр буулгахаас өөр арга байгаагүй.

АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ 25 ТҮЦ-ТЭЙ ХИЙСЭН ГЭРЭЭ ДУУССАН
НТГ-ын мэргэжилтэн Ц.Мягмарсүрэн:
-Ер нь автобусны буудал дээр худалдаа үйлчилгээ эрхлэх ямар нэг стандарт байхгүй. Тиймээс манай зүгээс ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгодоггүй. Үйлчлүүлэгч, зорчигч нартаа хандаж зөвхөн мэдээлэл хүргэх сурталчилгааны самбарыг байрлуулдаг. Харин 2007 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар гол зам дагуух автобусны буудлын тохижилтын ажлыг хийсэн байдаг. Үүний хүрээнд автобусны буудалд хоёр талдаа ТҮЦ бүхий саравч барьж, зарим иргэнтэй 1-3 жилийн гэрээ хийсэн юм билээ. Энэ мэтчилэн автобусны 25 буудал дээрх ТҮЦ-үүдтэй хийсэн гэрээний хугацаа дууссан байгаа. Тухайн үед тэдэнд газрын зөвшөөрөл өгөөгүй, харин тохижилт, үйлчилгээ явуулах зөвшөөрлийг л олгож байсан.

ТҮЦ-ҮҮДЭД ХУДАЛДААЛЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХГҮЙ БАЙГАА
НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Г.Батмөнх:
-1992 онд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн хомс байх үед анх ТҮЦ бий болж байсан. Үүнээс хойш 1999-2000 онд нийслэлд 2300 гаруй ТҮЦ үйл ажиллагаа эрхэлж байсан бол өнөөдөр 300-400 орчим л байна. Эдгээр ТҮЦ-ээр өдөрт 500-аас доошгүй хүн үйлчлүүлдэг. Харин манай хяналтын байгууллагаас хүний эрүүл мэндэд хүнсний бүтээгдэхүүн хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг талаас нь хандаж байна. Иргэдийн хэлж буйгаар ТҮЦ-т стандарт байхгүй нь үнэн. Гэхдээ СХЗГ-аас худалдааны газрын үйлчилгээний стандартыг мөрдүүлдэг. Тэр стандартад хамаарах хамгийн бага нэгж нь мухлаг. Мухлаг бол 20-40 ам метр талбайтай, дотор нь хүн орж үйлчлүүлэх боломжтой гэсэн заалттай. Ер нь МХЕГ, НМХГ төрийн хууль тогтоомжийн дагуу хяналтаа тавьж ажилладаг. Сүүлийн үед ТҮЦ-тэй холбоотой гомдол ойр орчмын орон сууц, гэр хорооллоос нь олноор ирдэг болсон. Тухайлбал, “Энэ ТҮЦ-ийг эндээс зайлуулж, байршлыг нь өөрчилж өгөөч” гэсэн байдаг. Нөгөө талаар манай орны цаг уур +40-өөс -40 хэмийн хэлбэлзэлтэй. Тиймээс ТҮЦ- үүдэд худалдаалж буй бүтээгдэхүүн хүнсний аюулгүй байдлыг хангаж чадахгүй байгаа. Хүнсний аюулгүй байдал алдагдсанаас хойш манай улсад хортой, хоргүй хавдрын өвчлөл ихэссэн.

М.НАРАНБОЛД

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.