Нэг ойтой гишүүд минь, одоо том болмоор юм

18458Төсвийн тодотгол хийх гэж мөнөөх хэдэн улстөрчид маань хөдөлгөөнд оржээ.

Хэлгүй нь хэлд орж, хөлгүй нь өрөөнөөсөө цухуйж, хурлын танхимд бараагаа харуулж байна. Яагаад юм бол. Энэ нөхдүүд эдийн засагтаа ийм их санаа зовж, толгойгоо өвтгөж явдаг юм болов уу. Гэтэл бас үгүй бололтой байдаг. Саяхан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэн батлах үеэр УИХын эрхэм гишүүд ингэтлээ шаагилдаж, хуулийн ганц заалтны ацаг шүдний төлөө тэгтлээ анхаарал хандуулж асныг нь санахгүй байна.

Тэгвэл төсвийн тодотгол гээч нь тэдний дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэх боломж байдгаас үүдэлтэйгээр эрхэм гишүүдийн зүй ёсны анхаарал тэр зүгт төвлөрчээ. Төсвийн тодотголыг яах гэж хийдэг вэ. Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиас их болсон тохиолдолд төсвийн тодотголыг өргөн барьдаг.

Гэтэл Сангийн яамнаас хийсэн тооцоогоор энэ жилийн төсвийн алдагдал ДНБ-ий 6.8 хувьд хүрэхээр байна. Гэтэл энэ оноос үйлчилж эхэлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн алдагдал хоёр хувиас ихгүй байхаар тусгасан байдаг. Ёстой бантан гэж энэ дээ. Ийм их хэмжээний алдагдлыг манай мэргэн улстөрчид, эдийн засагчид олж харж, тооцож чадаагүй гэсэн үг л дээ.

Эдийн засагчид төсөвтөө тодотгол хийнэ гэдэг бол сайны тэмдэг, сайхан үйл ч бас биш билээ. Нэг жилийн орлого, зарлагаа тооцох баримжаа чадваргүй байгаагаа л харуулж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл, нэгхэн жилийн чиг баримжаагаа тодорхой харж, төлөвлөж чадахгүй байгаа улс оронд эдийн засгийн хөгжлийн тухай яриа хэр зохих вэ. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал тийм ч сайнгүй байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч хүлээн зөвшөөрч буй. Тэрбээр уг нь хэдхэн сарын өмнө “Монгол Улсын эдийн засагт ямар нэгэн ноцтой хүндрэл үүсээгүй байна. Улсын төсөв тасалдах нь гэсэн яриа гараад байгаа. Тийм зүйл байхгүй” хэмээн мэдэгдэж байсан билээ.

Гэтэл өнөөдөр улсын төсөв тасалдсанаар барахгүй, Засгийн газрын данс улайсан тухай дуулдаж эхэллээ. Төсвийн орлого нийт дүнгээрээ 1.8 их наяд төгрөгөөр тасрахаар байгаа ажээ. Үүний 95 хувь нь экспорт, импорт, Оюутолгойгоос авах орлогоос хамаарч буй гэх. Өөрөөр хэлбэл, дан ганц ашигт малтмалаас хараат эдийн засагтай улс орны амсах учиртай заяа төөрөг юм байх. Ердөө л нэг хар нүүрсний үнийн салхинд л навс цохиулж, хамаг байдаг нэмнээгээ давхарлах хэрэгцээ гардаг хэврэгхэн эдийн засагтай нь үнээн.

Гэхдээ мөн чанартаа бол ирээдүйд хүрэх цэг нь тодорхой биш, түүнд хүрэх зорилт төлөвлөгөөгүй, зүгээр л цагийн аясыг дагаад урсгалаараа явдаг, төсөв зохиохдоо дэлхийн зах зээл, түүхий эдийн үнэ ханшид сайн судалгаа, дүн шинжилгээ хийдэггүй зэрэг дутагдлаас үүссэн алдагдал болохоо бид хүлээхгүй явсаар л.

Өвөл болно гэдэг нь заяа төөргийн асуудал. Түүнд бэлтгэлгүй байх нь тэгвэл өөр асуудал байлтай санагддаг юм. Тиймдээ ч энэ оны төсвийг батлахдаа ашигт малтмалын үнийг хэт өөдрөгөөр төсөөлж нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг долоон их наяд, тогтворжуулалтын сангийн орлогыг 169.8 тэрбум төгрөг, нийт орлого ба тусламжийн дүнг 7.2 их наяд төгрөг байхаар УИХ-аар баталсан.

Мөн төсвийн алдагдлыг 356.3 тэрбум төгрөг хэмээн тооцсон байдаг. Гэтэл нүүрсний экспорт хэсэг хугацаанд зогссон, зэс болон бусад ашигт малтмалын үнэ уруудсан зэргээс шалтгаалж улсын төсвийн орлого хамгийн багадаа нэг их наяд төгрөгөөр тасрахаар болоод буй билээ. Үүн дээр нэмж он дуустал 500 орчим тэрбум төгрөгөөр тасалдаж магадгүй гэсэн таамаглал ч бий. Ингээд төсвийн орлогын тасалдлыг аваад үзвэл Оюу толгойн гэрээний өөрчлөлтөөр 445.8 тэрбум төгрөгийн орлого оруулна гэж тооцсон нь талаар өнгөрсөн. Мөн гаалийн орлогын 87 хувийг ашигт малтмалын экспортоос олдог.

Гэтэл ашиг малтмалын экспорт буурч, оны эхний найман сарын байдлаар Гаалийн татварын орлогын тасалдал 500 тэрбум төгрөгт хүрчээ. Тэгэхээр улсын төсвөөс хийгдэх зарим хөрөнгө оруулалтыг зогсоох, төсвийн байгууллагууд зардлаа бууруулахаас аргагүй гэсэн үг. Жишээ нь төсвийн байгууллагууд зардлаа 101 тэрбум төгрөгөөр бууруулах тооцоо бий. Үүнээс гадна Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр төлөвлөсөн эрүүл мэндийн төвлөрсөн арга хэмжээний зардлаас 5.1 тэрбум төгрөг хасчээ.

Мөн Халамжийн сангийн хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэж зарим халамжаас хоёр тэрбум төгрөг танахаар болсон аж. Ийнхүү улстөрчид өөрсдийн хийсэн бантангаа халбагадаж тараахдаа мөнөөх л гаршсан арга болох ард иргэдээсээ хасч танах хэлбэрийг сонгож авчээ. Ер нь төсвийн орлого биелэхгүй, улсын төсөв хүрэхгүй үед хэрэглэдэг засаг төрийн ганц мэх нь ард иргэдээсээ авах татварыг нэмэх, төрийн үйлчилгээг танах, хасах мэтийн арга байх нь олонтаа. Бантанг нь мань гишүүд зуурчихаад, балгийг нь энгийн иргэд үүрч байгаатай эгээ адилхан. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр яагаад төсөв алдагдал хүлээв, хэн хариуцлага хүлээх вэ гээд хадуураад давхичихна. “Шаварт унасан шарын эзэн” нь Засгийн газрын тэргүүн болж таарна. Энэ нь ч зүй ёсны оноолт л доо.

Засгийн газрын буруу тооцоо төлөвлөгөө, бүтэл муутайхан үйл ажиллагаанаас төсвийн алдагдал гээч “дайсны цэрэг” гарч ирдэг гээд хэлчихэд нэг ч их буруудахгүй. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг бурууг бухаж, “Бодитой тоо бус байсан, байхгүй мөнгө байсан. Цаасан дээр л мөнгө байсан. Зураг төслийн мөнгийг өсгөж тооцдог, тендэрийн 10 хувийг авдаг бүхэл бүтэн тогтолцоо бий болжээ. Үүнийг л халъя гээд байгаа юм” хэмээн арчаа багатай гэрийн эзэн царайлаад сууж байх нь бас чиг хачин.

Жил бүр л төсвийн тодотгол нэртэй жонхууны үлгэр үргэлжлэх болсон нь сайн, тэр тусмаа сайхан зүйл биш гэдгийг манай эрхэм төрийн түшээд маниар хэлүүлэлтгүй сайн мэдэж баймааж. Тийн атал “сохорсон биш завшив” гэгчийн жишгээр бүгд л төсвийн тодотголд ахиухан зардал тусгуулчих гэж улайрна. Яг л бантангаа асгаж цутгачихаад ахин хоол нэхэж уйлагнах бяцхан хүүхэд шиг гэнэн сэрэггүй. Нэг ойтой юм болохоор арга ч үгүй юм болов уу даа. Гишүүд минь дээ, одоо том болмоор юм дөө.

Д.Дамдинжав

НИЙГМИЙН ТОЛЬ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих