С.Оюун: Хэрлэний хөдөө арлыг тусгай хамгаалалтад авах санал хүргүүлсэн

Зууны мэдээ” сонины наймдугаар сарын 19-ний “Аврал эрэн мэлтрэх Аварга тосон нуур” нийтлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунтай ярилцлаа

-Таныг “Аварга тосон” рашаан сувиллын өнөөгийн байдлыг өөрийн биеэр очиж үзнэ, эсвэл хүмүүс томилж ажиллуулъя гэж байгааг сонссон. Тэр ажил юу болж байна?

-Манай нөхөд энэ талаар тодорхой санал дүгнэлт ярьж танилцуулсан. Би ч “Аварга тосон” рашаан сувиллын өнөөгийн байдлын талаар хэвлэлд гарсан нийтлэл, ярилцлагуудыг тухай бүр нь уншсан. Байдлыг ойлгож мэдэж байгаа.

-“Аварга тосон” рашаан нуурын хамгаалалт, ашиглалтыг сайжруулах талаар танд ямар бодол сэтгэгдэл төрөв. Ер нь зөвхөн “Аварга тосон” нуур төдийгүй Хэрлэний хөдөө аралыг бүхэлд нь газар зүйн тогтоц, эрдэс баялаг, байгалийн гоо сайхан гээд тал талаас нь судалсан, дүгнэлт хийсэн зүйл байдаг уу?

-Монголчууд Аварга тосонгийн рашааны эмчлэх шинж чанарыг эрт үеэс мэдэж өвчин хуучаа эмчлэхийн тулд уух, нууранд нь орох, шавар тавих зэргээр хэрэглэж байсан боловч шинжлэх ухааны ул үндэстэй цогц судалгаа хийлгүй өнөөг хүрсэн юм билээ. Зарим судлаачдын санаачилгаар “Аварга тосон” нуур, Аваргын  усан рашаанд гидрогеологийн урьдчилсан тандан судалгаа хийж нуурын морфологийг тодорхойлсон, түүний дэвсгэр зургийг гаргаж ус болоод шаврын химийн найрлагыг шинжилсэн байдаг. Бидний хувьд Усны тухай хуульд зааснаар Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран рашааны эмчилгээний чанарыг тогтоосон стандартыг хамтран боловсруулж байна. Бас “Ус” үндэсний хөтөлбөрт тусгагдсаны дагуу эмчилгээний ач холбогдол өндөртэй рашааны гидрогеологи, бальнеологийн судалгааг хийж зүй зохистой ашиглах төлөвлөлт, зохицуулалтын талаар хийх ажлыг 2014 оны  төлөвлөгөөнд оруулж байгаа. Рашаан усыг хамгаалахын тулд рашааны ордын ариун цэврийн хамгаалалтын бүсийг нарийвчлан тогтоож бохирдлоос хамгаалах арга хэмжээ авах, тэмдэгжүүлэх, ойр орчимд барилга байгууламж барихгүй байх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, биологийн төрөл зүйлийг хамгаалах, рашаан усыг байгальд хадгалах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг чиглэлээр ажиллах бодлого, чиглэлтэй байна.

-Хэрлэн баян Улаан уулыг аймгууд дундын отрын нутаг болгон ашигласаар олон жил болж байна. Энэ нь Хөдөө аралын ирээдүйн хувь заяанд хэрхэн нөлөөлөх бол. Танай яам  ямар бодлого баримталж байна вэ?

-Тухайн газар нутгийн талаарх судалгааг эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэдтэй хамтран хийдэг. Хэрлэний хөдөө аралын талаарх судалгааг хийж тусгай хамгаалалтад авах талаар санал дүгнэлт боловсруулах эрдэмтэн судлаачдын баг ажиллуулж байна. Харин энэ ажилд учирч байгаа хамгийн гол бэрхшээл бол үнэхээр аймаг дундын отрын нутаг болгон ашиглаж байгаа явдал юм.

-Хэрлэний хөдөө арлыг бүхэлд нь Улсын тусгай хамгаалалтад хамруулах бодлого боловсруулж хэрэгжүүлэх, дархан цаазтай газар нутаг болгох талаар Төр, засгийн төвшинд санал тавьж, дэс дараатай арга хэмжээ авч шийдвэрлүүлэх боломж бий юу?           

-Олон Улсын “Де Нэйче Консерванси” байгууллагаас Зүүн бүсэд хэрэгжүүлсэн “Монгол орны хээрийн бүсэд хөгжлийг байгаль орчинд нөлөө багатай төлөвлөх нь” судалгааны ажлын дүнд хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай, экологийн хувьд чухал ач холбогдолтой газруудыг олж тогтоосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх нэг гол үндэс болж байна. Эдгээр сонгосон газруудын нэг бол Хэрлэний хөдөө арал түүнд хамаарах бүх газар нутгууд багтаж байгаа. Тэдгээрийг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулж Хэнтий аймгийн Иргэдийн хуралд хүргүүлсэн. Орон нутгаас зохих шийдвэр гарч, судалгааг нарийвчлан хийсний дараа тусгай хамгаалалтанд авах асуудлыг ярилцаж шийдвэрлэх боломжтой.

-БОНХЯ Монгол орны нутаг дэвсгэрийн 30 орчим хувийг тусгай хамгаалалтад авах бодлого баримталж, одоогийн байдлаар 17 хувьд хүргэсэн гэсэн мэдээ бий. Гэтэл зарим хүн “Тухайн газар нутгийг Тусгай хамгаалалтад авсан тухай хууль гарч, нийтэд зарласнаар хамгаалалт нь сайжирдаггүй юм. Харин орчны төлөвлөлтийг сайн хийж, газар нутгийн онцлогт тохирсон дүрэм горимын дагуу ашиглавал илүү үр дүнд хүрнэ” гэж үзэж байна. Таны бодол?

-Монгол Улсын нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах бодлогоо бид тууштай баримталж хэрэгжүүлнэ. Тусгай хамгаалалтад авсан газар нутагт тохирсон горим дэглэмийн дагуу зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулж болно. Ер нь тухайн газар нутгийг нөөц, даац, менежментийн төлөвлөгөөнд үндэслэн зүй зохистой ашиглах учиртай.

-Өнөөгийн Богд уулын ам, Яармагийн дэнжийг уугуул оршин суугчдад нь өгнө. Тэр цагт ашиглалт, хамгаалалт сайжирна гэж үзээд бүр хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн бариад байгаа. Энэ хэр оновчтой алхам бэ?

-УИХ-ын зарим гишүүн ийм санаачилга гаргасан. Манай яам үүнийг дэмжих боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ байр сууриа хатуу баримталж, мөн хамгаална гэсэн бодолтой байна.

-Дархан цаазтай Богд ууланд замбараагүй газар олгож бүхэл бүтэн хот хороолол бий болгосон нь танай яамны, чухамдаа Цогтбаатар та хоёроос өмнөх  үеийн сайд нартай холбоотой. Сүүлийн үед “Богд уулын аманд газар олгосон эзэд, хүмүүст өгсөн газрынх нь хэмжээ бүхий жагсаалтыг хэвлэлээр олон нийтэд зарлана” гэсэн яриа гарч байсан. Яагаад чимээ тасрав. Эсвэл танд ямар нэг дарамт шахалт ирээд байна уу?

-Бид Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглалтын байдалд хийсэн шалгалтын дүнг хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэсэн. Мөн тэнд  газар ашиглах зөвшөөрөл олгох бодлогыг өөрчлөхөөр ажиллаж байна. Шинээр газар олгох асуудалд түр хориг тавьсан. Богдхан уулын дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл аваад зориулалтыг өөрчилж орон сууц барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад экологийн хохирол тооцож, хууль хяналтын холбогдох байгууллагад шилжүүлсэн.

-Та саяхан “Нөхөн сэргээлтээ хийгээгүй компаниудын хар жагсаалт гарна” гэж мэдэгдлээ. Энэ жагсаалт хэвлэлд гарах уу?

-Нөхөн сэргээлт хийгээгүй компаниудын хар жагсаалт гаргах ажлыг Цагдаагийн ерөнхий газар, Улсын мэргэжлийн хяналтын газартай хамтран хийж ирэх онд улсын хэмжээнд гаргахаар ажиллаж байна. Байдлыг нийтэд мэдээлж болно.

-Сүүлийн хориод жилд зөвхөн хүний буруу үйл ажиллагаа чухамдаа уул уурхай, газар тариалан, эмх замбараагүй хашаа байшин баригдаж, амралт сувиллын газар бий болсноос шалтгаалж шургасан, ширгэсэн нуур цөөрөм, гол горхи, устаж үгүй болсон энгийн уурхайн болон гүн өрмийн худагны тоог жил жилээр ч юм уу дүгнэсэн баримтыг хамгийн сүүлийн үеийн байдлаар авах гэж танай яамаар хоёр сар бэдэрлээ. Санасан тоогоо олж авч чадаагүй л явна?

-Усны тухай хуулиар бол усны тоо бүртгэлийг дөрвөн жилд нэг удаа хийдэг байлаа. Сүүлчийх нь 2011 онд явагдсан. Тоо бүртгэлийн явцад гол, булаг, нуур, рашаан, худаг, услалтын системийн газар зүйн байрлал, ундарга, зориулалт, өндөршилт, гүн, хашлагын төрөл хийц, ашиглагч, эзэмшигчийн нэр хаяг гэх мэтээр дэлгэрэнгүй мэдээллийн сан үүсдэг. Энэ бүхний холбогдох баримт манай Усны мониторинг, зохицуулалтын хэлтсийн мэдээллийн санд байх учиртай. Ер нь 2011 оны усны улсын тоо бүртгэлээр нийтдээ 6699 гол горхи бүртгэгдсэнээс байнгын урсацтай 5886, түр урсацтай 263, ширгэж үгүй болсон 551 байсан. Нуур тойрмын хувьд нийт 3629 бүртгэгдсэнээс тогтмол 2279, түр горимтой 933, ширгэсэн 417 бий гэсэн баримт байгаа. Өрөмдмөл 6251, энгийн уурхайн 26648, эвдэрсэн 1588 гээд нийтдээ 34487 худаг бүртгэгдсэн. Усны хуулийн шинэчлэлийн дагуу өнгөрсөн оноос эхлэн усны тоо бүртгэлийг жил бүр хийдэг болсон.

-Урт нэртэй хуулийг үндсэнд нь байхгүй болгож оронд нь журам заавар ч билүү, нэг юм гаргах гээд байгаа бололтой. Энэ талаар Та ямар байр суурьтай байна вэ?

-Урт нэртэй хуульд ямар нэг өөрчлөлт орохгүй харин дагаж мөрдөх журамд нь өөрчлөлт орох юм. Үүнийг Шинэчлэлийн Засгийн газар санаачилсан. Одоогоор УИХ-аар хэлэлцэх эсэх нь ч шийдэгдээгүй байна. Ер нь бол 2009 онд урт нэртэй хууль гарснаас хойш нэг талаас олборлолт хийж байсан компаниуд нөхөн төлбөрөө авч чадаагүй, нөгөө талаас нөхөн сэргээлтээ ч хийж чадахгүй гацаанд орсоор өнөөг хүрсэн. Энэ хооронд нөхөн сэргээлт гэдэг нэрээр хууль бус олборлолт явсаар үргэлжилсээр байна. Ийм газруудад бид хатуу нөхцлөөр гурван талт гэрээ байгуулах бодлого баримталж байгаа. Хатуу нөхцөл гэдэг маань нөхөн сэргээлт хийх зардлаа урьдчилсан барьцаа болгон байршуулахыг хэлж байгаа юм. Ийм арга хэрэглэхгүй бол Урт нэртэй хуулийн хэрэгжилтэд урагшлалт, ахиц гарахгүй. Ерөөсөө хэрэгжихгүй. Энэ асуудалтай холбогдуулан Арвин гишүүний ахалсан Ажлын хэсэг байгуулагдсан. Удахгүй дүгнэлтээ гаргах биз. Бид ямар ч байсан усны хамгаалалтын 200 метрийн бүсээ хэлэлцүүлгийн үеэр хатуу байр суурьтай хамгаалж байгаад авч гарна гэж бодож байна. Ер нь бол манай Яам ойн сан болон томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 60-аас доошгүй хувийг үе шаттайгаар улсын тусгай хамгаалалтад авах бодлого баримталж байна. Харин бидэнд орон нутгийн дэмжлэг хэрэгтэй. Тусгай хамгаалалт гэдэг маань онцгой горим, дэглэм үйлчлээд эхэлдэг учраас тухайн орон нутагтаа зарим талаар хүндрэл үүсгэдэг тал бий.

-Ц.Мөнхбаяр нарын үйлдлийг, аргаа барсан ард түмний тэмцлийн хурц хэлбэрийн илрэл чухамдаа бол нутаг орноо харийнханд цөлмүүлсэн Африкийн зарим оронд байн байн гардаг шиг иргэний дайн Монголд гарах цаг ойртож байгаагийн дохио гэж ойлгож болох уу?

-Ц.Мөнхбаяр нартай холбоотой асуудлыг би тийм аюултай бас аймшигтай байдлаар ойлгож хүлээж авмааргүй байна. Монголчууд бид нэгнийхээ эсрэг буу шагайхгүйгээр нийтлэг асуудлаа шийдвэрлэчих чадвартай ард түмэн гэж боддог.

-Та, парламентад суудалтай том намын дарга, олон жилийн туршлагатай улс төрийн зүтгэлтэн, одоо УИХ-ын гишүүний зэрэгцээ ерөнхий чиг үүргийн нэг яамыг толгойлж байна. Тэгэхээр Монгол Улсын өнөөгийн төрийн тогтолцоо, засаглал хуваарилалтын байдал хэр оновчтой байдаг бол… Шүүмжилдэг хүмүүс ч цөөнгүй байх юм. Миний ойлголтоор давхардал давхцал ихтэй, учраа олохгүй бужигнасан нүсэр аппарадтай. Нэг үгээр хэлэхэд ажил хийх гэсэн хүмүүст зарим талаар чөдөр тушаа болоод байгаа юм шиг санагддаг?

-Манай Иргэний Зориг Ногоон Нам байгаа бүхнээ байн байн орвонгоор нь эргүүлээд шинэ гараанаас дахиад л эхлээд байх тухай санал бодлыг дэмждэггүй. Одоо үйлчилж буй Үндсэн хуулийнхаа хүрээнд цэгцтэй, хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Бодлого боловсруулж сурах хэрэгтэй, түүнийгээ цаг үетэй нийцүүлэн боловсронгуй болгож сурах хэрэгтэй. Бас хэрэгжилтийх нь төлөө тууштай ажиллах хэрэгтэй. Өнөөгийн тогтолцооны нөхцөлд шударга үнэнчээр, үр ашигтай ажиллах боломж шавхагдчихсан гэж бодохгүй байна.

С.ЗЭВСЭГ /ЗУУНы МЭДЭЭ/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих