“Зоос”-ын хэрэгт Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн холбогдов

Зоос” банкны удирдлагатай холбоотой хэргийг УМБГ-т шалгаад байгаа талаар бид мэдээлсэн.

“Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий нарын гурван хүнд  Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан “Банкны байгууллагын ажилтан шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж байгаа.

Зоос банкны ТУЗ-ийн дарга, “Ой мод” компанийн захирал, алдарт уяач Д.Батбаярыг сэжигтнээр тооцон Ганцхудагт цагдан хориод байгаа юм.

Тэрбээр энэ банкийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд нэлээд хугацааны турш ТУЗ-ийн даргаар нь ажиллаж байгаа нэгэн юм. Банкны санхүүгийн үйл ажиллагаа доголдож эхлэхэд тэрбээр өөрийн оруулсан хөрөнгөө татаж, хямралд хүргэсэн хүний нэг гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

“Зоос” банк 41.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж 7894 зээлдэгчид хамаарах 168.7 тэрбум төгрөгийн зээлтэй юм байна. Мөн  84777 харилцагчийн 29.7 тэрбум төгрөгийн харилцах, 25733 хадгаламж эзэмшигчийн 54 тэрбум төгрөгийн хадгаламж, 54.2 тэрбум төгрөгийн төслийн зээлийн эх үүсвэр, Монголбанкнаас авсан зээл 34 тэрбум, гадаадын банкнаас авсан зээл есөн тэрбум төгрөгт хүрчээ.

Нийт зээлийн 33.4 хувь нь чанаргүй зээл аж. Мөн алтны урьдчилгаа хэлбэрээр 22.9 тэрбум төгрөгийг барьцаагүй эргэн төлөгдөх магадлал муутай авлага үүсгэсэн байна.

Мөн дээрх  хэрэгт Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэнг холбогдуулан Ганц худагийн цагдан хорих төвд саатуулсан талаар эх сурвалж мэдээллээ. Х.Пүрэвсүрэн тус банкийг алдагдалтай ажиллаж, санхүүгийн чадваргүй болоход оролцсон байж болзошгүй хүний нэг гэнэ. Харин түүнийг цагдан хорьсон гэх мэдээллийг хууль хяналтын байгууллагынхан ихэд нууцалж буй юм.

Н.Мөрөн


URL: