Д.Дүгэрсүрэн: Өдөрт хувьцаагаа алдсан 4-5 хүний өргөдөл ирж байна

Брокер дилерийн компанийнхан иргэдийн хувьцааг зөвшөөрөлгүй зарах гэмт хэрэг 2000 оны үед газар авсан. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэн бүрт эзэмшүүлсэнтэй холбоотойгоор хувьцаагаа алдсан хүмүүс Санхүүгийн зохицуулах хороог өргөдлөөр дарах болжээ. Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Д.Дүгэржавтай энэ талаар
ярилцлаа.

-Хувьцаагаа хууль бусаар заруулж, хохирсон иргэд танай газрыг өргөдлөөр дарсан гэсэн мэдээлэл байна?
-Нэг их дараад байгаа ч юм алга л даа. Гэхдээ өргөдөл гомдол нэлээд ирсэн. Бид ирсэн өргөдлийн дагуу ямар хэлэлцээр хийж зарсан, хэний гарын үсгээр баталгаажсан, мөнгийг хэн авсныг шалгаж байна. Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв, Хөрөнгийн бирж рүү хандаж тухайн хувьцааны талаар мэдээлэл авдаг. Өргөдөл гомдлыг шалгахад цаг их орж байгаа. Гэр бүлийнх нь хүн хувьцааг нь зараад мөнгийг нь аваад явсан гэх мэт янз янзын тохиолдол гарч байна.

Гэхдээ брокерууд хүний хувьцааг зөвшөөрөлгүй зарсан тохиолдол их бий. Цэнхэр, цагаан тасалбар буюу үнэт цаасны эрхийн бичгээр хувьцааг эзэмшигч болсон хүмүүс хувьцаагаа эргэж тойроогүй өдийг хүргэсэн. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэн бүрт эзэмшүүлсэнтэй холбоотойгоор хүмүүс гэнэт хувьцаагаа эргэж тойрч, 10 гаруй жилийн өмнө болсон хэрэг явдлууд одоо илэрч гарч ирлээ. Бид хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулахыг шаардаж байгаа. Гэтэл тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан зарим брокер дилерийн компани дампуурсантай холбоотойгоор харилцах хүн нь олдохгүй байх гэх мэт хүндрэл үүсч байна.

-Хувьцаагаа алдсан хэдэн хүн өргөдөл гаргасан вэ?
-Манай дээр өдөр бүр 4-5 өргөдөл ирж байна.

-Зарим талаар өөрийн хайхрамжгүй байдлаас болж хүмүүсийг хувьцаагаа алдсан гэсэн байр суурьтай хүн байдаг. Та энэ тал дээр юу хэлэх вэ?
-Өмчлөгч өөрийнхөө өмчийг хэвийн байлгах зардлыг хариуцаж, өмчийнхөө төлөө санаа тавьж, хамгаалах ёстой гэсэн Иргэний хуулийн заалт бий. Гэтэл 20 жилийн хугацаанд Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв ажиллаж байхад нэг ч удаа хувьцаагаа хайхраагүй, дансаа нээлгээгүй хүмүүс “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эзэмшихээрээ гэнэт ухаарч байна.

Алдсан хувьцааныхаа араас нэхэл дагал боллоо. Өмчлөгч, хувьцаа эзэмшигчийнхээ үүргийг хангалттай сайн биелүүлсэн үү гэсэн асуултыг иргэдэд тавих ч үндэстэй. Гэхдээ ингэж хэлснээрээ, би хувьцааг хууль бусаар зарсан брокер дилерийн компани, түүний ажилтнуудын буруутай үйл ажиллагааг зөвтгөж байгаа юм биш. Угаасаа иргэдийн хувьцааг зөвшөөрөлгүй худалдах эрх тэдэнд байхгүй.

-Танайх хүмүүсийг брокер дилерийн компаниасаа хохирлоо гаргуул гээд явуулж байгаа гэсэн. Зарим брокер дилерийн компани хохирлыг нь барагдуулах мөнгөгүй гэж хэлж байна лээ?
-Харилцагчийнхаа хөрөнгийг бүрэн бүтэн байлгах, үүнд хяналт тавих нь брокер дилерийн компанийн үүрэг. Тийм учраас бид эхний ээлжинд брокер дилерийн компанид нь шаардлага тавьж байгаа. Тухайн үед брокерууд санаатай ч, санамсаргүй ч байдлаар хүний хувьцааг худалдсан.

Тухайлбал, нотариатын буруутай үйлдлээс болж хүний хувьцааг зарсан тохиолдол бий. Брокерууд бүх тохиолдолд хүмүүсийн хувьцааг санаатайгаар худалдаагүй. Ялгаж салгах юм бий. Брокеруудыг бүгдийг хулгайч болгож гэмт хэрэгт түлхэж болохгүй. Ер нь харилцагчийнхаа хөрөнгийн бүрэн бүтэн байлгах ёстой гэсэн агуулгаар брокер дилерийн компаниудад шаардлага тавьж байгаа. Нэлээд нь хохирлыг барагдуулж чадаж байна. Бас чадахгүй компани ч бий. Бүр хариуцахын аргагүй, буруутай үйлдэл хийсэн хүн ажлаасаа халагдаад гадаад явчихсан ч тохиолдол байна. Амьдрал баян байна шүү дээ.

-Танайхыг өргөдөл гомдолтой зууралдаад бодлогын ажилдаа анхаарал хандуулахгүй байна гэж брокерууд шүүмжилж байна лээ?

-Янз бүрийн шүүмжлэл гарч байг. Тэгэх ёстой юм. Ямар ч төрийн хяналтын байгууллага шүүмжлүүлэхгүй байна гэж байдаггүй. Бид аль болох хурдан зохицуулах, хурдан шийдэхийн төлөө ажиллаж байгаа.

Э.Хангай


URL:

Сэтгэгдэл бичих