Наадмын өдрүүдээр цаг агаар ийм байна

Манай оронд зуны саруудаас хамгийн дулаан нь долдугаар сар бөгөөд агаарын температурын сарын дундаж нь Өмнөговь, Дорноговийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 21-26, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Завханы зүүн, Баян-Өлгийн өмнөд хэсгээр 10-14, бусад нутгаар 15-20 градус дулаан байдаг.

Гэвч цаг агаарын нөхцөл жил бүр харилцан адилгүй. Тухайлбал: 1996 онд баруун, төвийн нутгаар, 1999-2002, 2004-2005, 2007, 2008 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-5 градусаар дулаан, өдрийн үнэмлэхүй их температур Орхон-Сэлэнгийн бэлчир, говийн нутгаар 36-43, бусад нутгаар 33-38 градус хүрч халж байсан бол 1976 онд баруун ба говийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 1978 онд говь ба зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджаас нилээд хүйтэрч, шөнийн үнэмлэхүй бага температур уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байжээ. Цочир хүйтрэл сарын аль ч үед ажиглагддаг.

Энэ сард олон жилийн дунджаар Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Архангайн зүүн хэсэг, Өвөрхангай, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 80-115, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр 10-38, бусад нутгаар 40-79 мм бороо ордог (2 дугаар зураг) боловч 1993, 1994 онд ихэнх нутгаар, 1996-1998, 2003 онд нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас 1-3 дахин их бороо орсон бол 1999-2002, 2007 онд олон жилийн дунджаас харьцангуй бага бороо орж байжээ.

 


Дуу цахилгаан жил бүр 4-8, зарим жил 10-14 удаа ажиглагддаг. Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-3, зарим жилд 5-6 удаа ажиглагддаг бөгөөд салхины хамгийн их хурд 1991 онд говийн нутгийн зүүн хэсгээр түр зуур 28-36 м/с хүрч онц хүчтэй шороон шуурга шуурсан байна.

 

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Бaруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар 12-17, Алтайн өвөр говиор 22-27, бусад нутгаар 18-23 градус дулаан буюу Баян-Өлгийн зүүн, Завхан, Говь-Алтайн баруун хэсэг, Ховд, Увсын нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.


Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 5-10, өдөртөө 16-21 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19, өдөртөө 25-30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 9-14, өдөртөө 20-25 градус дулаан, Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23, өдөртөө 29-34 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19, өдөртөө 26-31 градус дулаан байх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор өдөртөө 33-38, бусад нутгаар 28-33 градус хүрч халах төлөвтэй.      Энэ сард орох хур борооны нийт хэмжээ нь Баян-Өлгийн зүүн, Увс, Завханы баруун, Ховдын хойд, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, зөвхөн Завханы хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй

Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ.

Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн баруун хэсгээр 12-17, бусад нутгаар 17-22 градус дулаан буюу Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй (3 дугаар зураг).

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8, өдөртөө 14-19 градус дулаан, Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө 12-17, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18, өдөртөө 25-30 градус дулаан байх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын сав нутгаар 29-34 градус хүрч халах төлөвтэй.

Энэ сард орох тунадасны нийлбэр хэмжээ нь Хөвсгөл, Сэлэнгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, Хөвсгөлийн баруун өмнөд, Архангайн баруун хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим бороо орох төлөвтэй (4 дугаар зураг).
Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. Мөн нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн баруун хэсгээр, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур хүчтэй ширүүсч болзошгүй.

Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 18-23 градус дулаан буюу олон жилийн дунджийн орчим байна (3 дугаар зураг).

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17, өдөртөө 22-27 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 14-19, өдөртөө 25-30 градус дулаан байх ба нэг болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим нутгаар өдөртөө 28-33 градус хүрч халах төлөвтэй.

Энэ сард орох борооны нийт хэмжээ нь Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, мөн Хэнтий, Дорнодын өмнөд хэсэг, Сүхбаатарын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна (4 дугаар зураг).

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо орно. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч болзошгүй

Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Дундговийн нутаг, Дорноговийн хойд, Өмнөговийн баруун хэсгээр 17-22, бусад нутгаар 22-27 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дундийн орчим байна (3 дугаар зураг).
Нэг ба гуравдугаар арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүвтэр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19, өдөртөө 23-28 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 28-33 градус дулаан байх ба ялангуяа нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим нутгаар өдөртөө 32-37 градус хүрч хална.

Энэ сард Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн баруун өмнөд болон зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим бороо орох төлөвтэй.
Нэг ба гуравдугаар арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. Нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур 18-22 м/с хүртэл ширүүсч болзошгүй.


URL:

Сэтгэгдэл бичих