Ш.Төмөрсүх: Хамтарсан Засгийн газрын хамтарсан луйвар үргэлжилж байна

- “Монгол 999” ХК үүсгэн байгуулагчдын хууль бус хувьцааны талаар нийгэмд ярих болсон. Мэдээж энэ мэт хүмүүсийг дураар нь дургиулж байгаа нь манай Засгийн газрын ажил муу, ямар ч хяналтгүй гэсэн үг үү, эсвэл хуйвалдаан уу?
-Өнөөх л хамтарсан Засгийн газрын хамтарсан луйвар үргэлжилсээр л байгаагийн нэг илрэл.

Ард түмний сонгуулийг луйвардан байж гарч ирсэн “МАНАН”-ын хамтарсан Засгийн газрын луйвар 2008 оны “Долдугаар сарын 1”-ний шударга үнэний төлөө ард түмний сонгуулийг үймээн болгон дэгдээснээс эхэлсэн нь одоо болтол нарийссан ба гаршсан технологиор үргэлжилж байна. Үүнийг олон энгийн жишээнүүдээр ард түмэн харж, дор бүрнээ ярьж бухимдаж сууна. Ард түмэн яаж ч бухимдаад нэмэргүй болсон энэхүү гаршсан луйвруудаас салах хоёр л арга үлдлээ. Энэ нь ирэх сонгуулиар 360 градус эргүүлэх эсвэл зэвсэгт бослого юм. Үүний хоёрдох арга нь нүүдэлчин Монголын ард түмэн бидний амьдралд яагаад ч нийцэх боломжгүй. Яагаад 2008.07.01-ыг хамтарсан луйвар гэж дүгнэх болсныг бага зэрэг тайлбарлах нь илүүдэхгүй гэж бодлоо. Өөрөөр хэлбэл хэдийгээр АН-ынхан ард түмэнтэй хамт түр хугацаагаар байсан боловч удалгүй анхны луйвар болох таван  хүний амь насыг таван сайдаар  наймаалцсан явдал байлаа. АН-ынхан таван хүний амийг таван сайдаар сольчихсон шүү дээ.
-Хамтарсан луйвраас тоймлон дурьдвал?
-Хамтарсан луйвар нь “Долдугаар сарын 1”,”Оюутолгой”, “Тавантолгой” одоо ард түмний нэр барьсан сонгуулийн холимог тогтолцооны асуудал үргэлжилж байна. Уул нь анх Монгол улсыг нэг тойрог пропорциональ тогтолцоогоор явуулах тухай  асуудал хөндөгдсөн. Гэвч МАН гэгч айхтар хорт утааны эхлэл ялагдахаасаа болгоомжилж эхлүүлсэн зүйлээсээ буцлаа. Одоо бидэнд ардчилсан ерөнхийлөгчийн дотоод шийдвэр л үлдлээ. Ийм тохиолдолд ард түмэн бол яагаад ч нэмэргүй. Уг нь далд утгаараа бол нэг тойрог болох нь  үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд том түлхэц болох учиртай. Үндсэн хуулиндаа ч яв цав нийцэх учиртай. Үндсэн хуулинд УИХ-ын гишүүн нийт ард түмний элч  мөн сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгоно, сонгох, сонгогдох эрхтэй гээд заачихсан байгаа. Үүнийг сургуулийн хүүхэд ч мэдэх болсон цаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Өмнө нь явагдаж ирсэн мажоритари системүүдын сонгууль бүгд Үндсэн хуулийг зөрчиж ирсэн. Яагаад гэвэл УИХ-н гишүүнийг тухайн нэг тойргоос сонгогдоход нөгөө тойргийн сонгогч түүнд санал өгөх боломжоор хаязгаарлагдах төдийгүй тухайн нэр дэвшигч өөр тойрогт амьдарч байгаа сонгогчдоос санал авах боломж нь бас л хаалттай. Нөгөөтэйгүүр тухайн тойргоос гарсан гишүүнийг нийт ард түмэн сонгодоггүй тухайн тойргийн иргэд сонгодог, нийтээрээ сонгодоггүй, шууд сонгогддоггүй зэрэг нь Үндсэн хууль зөрчсөөр иржээ. Одоо нэгэнт болоод өнгөрсөн учир өмнөх сонгууль Үндсэн хууль зөрчсөн гэж зарга үүсгээд ч хэрэггүй, харин цаашид дахин давтаж ард түмний тархийг угаадас болгохгүй байх болтугай.
-Танай намын хувьд энэ тал дээр ямар алхам хийж байна?
-Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намын даргын хувьд дараах саналыг байнга дэвшүүлж байгаа юм. Энэ нь сонгуулийн тогтолцоо гэхээсээ илүүтэйгээр хуулийн хариуцлага тооцдог механизмыг хүчтэй суулгаж бодит байдлаар хэрэгжүүлдэг байх шаардлага өөрөө урган гарч байна. Тухайлбал луйвар хийдэг, хийх боломжоор хангадаг Сонгуулийн ерөнхий хороо, тойргийн хороо, хэсгийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарын суудлыг доод тал нь 15 жилийн ялын зүйлтэй болгох юм бол сонгуулийн луйвар таслан зогсоогдох нэг нөхцөл бүрэлдэнэ. Мэдээж хэн нэгэн нь намынхаа төлөө луйвар хийх гэж яваад 15 жил шоронд суухыг хүсэх билээ дээ. Тэгэхдээ энэ хуулийн заалтыг хөөн хэлэлцэж хугацааг нь анхаарах хэрэгтэй.
-Яг энэ мөчид Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Таны хувьд ямар нэгэн ажиглалт хийж суугаа байх?
-Сонгуулийн хуулиа ямар тогтолцоогоор, луйварын үүд хаалгыг хэрхэн нээх тухайд жинхэнэ далд хор найруулж байгаа бололтой. Сонгуулийн хуулийн тогтолцооноос шалтгаалж амь тавих гэж байгаа зөнөг парламентч, парламентч ч гэж дээ улс төрийн улаан луйварчид няцаж байгаа нь Монголын улс төрд гэрэл гэгээ авчирч болзошгүй болоод байгаа юм. Хэрвээ энэ байдал цаашид үргэлжилвэл монголын ард түмэнд улс төрийн амьдрал ашигтайгаар эргэх төдийгүй эх орны хөгжлийн зам бага ч болов чөлөөтэй байх болно. Энэ удаагийн ярилцлагынхаа эцэст удахгүй мэндэлж болох бас нэгэн нялх луйврын тухай сэрэмжлүүлэг өгье. Энэ нь сүүлийн үед яригдах болсон автомат тооллогын машин. Автомат тооллогын тухай түүний алдаануудын үйлдлийг нарийвчлан зүйлчилж өгөхгүй бол сүүлд нь “сахил хүртсэн биш шал дордов” гэгч болно. Учир нь хариуцлага тооцох асуудал яригдвал субьектгүй учраас эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болж мэдэх юм.


URL:

Сэтгэгдэл бичих